Канадын яруу найрагч, зохиолч Энн Карсон 2026 оны Нобелийн утга зохиолын шагналаар шагнагдлаа.

Пүрэв гарагт Шведийн Нобелийн хороо Энн Карсонд Нобелийн утга зохиолын шагнал хүртээх болсноо зарлахдаа “Сонгодог болон уламжлалт бус хэлбэрийг хослуулж, хөгжилтэй, бүтээлч харилцан яриа өрнүүлэх замаар орчин үеийн уран зохиолд шинэ өнгө төрх нэмж, зоримог, шинэлэг бүтээл туурвисан” хэмээн онцолжээ. Нобелийн утга зохиолын шагналыг Шведийн Нобелийн хорооноос жил бүр олгодог бөгөөд энэ жилийн шагналын эзэнд 12 сая швед крон буюу ойролцоогоор 1.2 сая ам.долларын мөнгөн шагнал дагалдана
Канадын яруу найрагч, эсээч Энн Карсоны бүтээлүүдэд шүлэг, хүүрнэл зохиол, харилцан яриа болон орчуулгыг хослуулсан, уламжлалт төрөл зүйлд баригдаагүй өвөрмөц хэлбэр түгээмэл.
Тэрээр эртний Грекийн уран зохиолыг орчуулснаараа илүүтэй танигдсан. Түүний орчуулсан бүтээл өөрийнх нь зохиолд хүчтэй нөлөө үзүүлсэн байдаг.
Энн Карсоны бүтээлүүд дуурийн либреттогоос эхлээд уран зохиолын шүүмж, шүлэг хүртэл өргөн хүрээг хамардаг байна. Түүний 1998 онд хэвлүүлсэн “Улаан намтар” (Autobiography of Red) хэмээх бүтээл нь үүний нэг тод жишээ юм.
Энн Карсоны уран бүтээлийн хэв маягийг 2019 онд нийтэд толилуулсан “Тройн Норма Жин Бэйкер” (Norma Jeane Baker of Troy) хэмээх тайзны бүтээлээс нь тодорхой харж болно. Энэхүү бүтээлд Еврипидийн “Хелен” жүжгийн Тройн Хеленийн тухай домгийг жүжигчин, дуучин Мэрилин Монрогийн түүхтэй хослуулан өгүүлдэг.
Энн Карсон Нобелийн утга зохиолын шагнал хүртсэнээр Александр Солженицын, Алис Мунро, Эрнест Хемингуэй зэрэг дэлхийн утга зохиолын нэрт төлөөлөгчдийн эгнээнд ийнхүү нэгдэж байна.
Нобелийн утга зохиолын шагнал нь зохиолчид төдийгүй олон нийт, уншигчдын дунд ч мэтгэлцээн өрнүүлэн талцуулдаг юм.
Шведийн Нобелийн хороо сүүлийн 120 жилийн хугацаанд дэлхийн утга зохиолын томоохон суутнуудын заримыг үл тоомсорлосон хэмээн шүүмжлэлд өртөж ирсэн. Тухайлбал Лев Толстой, Виржиниа Вулф, Хорхе Луис Борхес нар Нобелийн шагнал хүртэж байгаагүй юм. Мөн АНУ-ын зохиолчдыг үл тоомсорлодог хэмээн хороог шүүмжилдэг бөгөөд 2016 онд дуучин, ая зохиогч Боб Дилан утга зохиолын Нобелийн шагнал хүртсэн нь энэ талаарх маргааныг улам өрнүүлсэн.
Зарим шүүмжлэгч Нобелийн хороог шагнал хүртэгчдээ хэтэрхий ойлгомжгүй, танил бус зохиолчдоос сонгодог гэж буруутгадаг байна.
Харин хороог дэмжигчид тэдний сонголт олон нийтэд өргөн танигдаагүй утга зохиолын уламжлал болон бүтээлүүдийг дэлхий дахинд таниулах, уншигчдыг шинэ уран зохиолтой танилцахад уриалах зорилготой гэж өмөөрдөг.
Тухайлбал, Колумбын зохиолч Габриэль Гарсиа Маркес 1982 онд, Дорис Лессинг 2007 онд Нобелийн утга зохиолын шагнал хүртсэн нь олон нийтэд өргөнөөр хүлээн зөвшөөрөгдөх сонголтуудын нэг болсон гэж тэд тайлбарладаг юм.
Нобелийн шагнал нь Шведийн динамит зохион бүтээгч, бизнес эрхлэгч Альфред Нобель гэрээслэлдээ үлдээсэн хөрөнгө дээр бий болсон юм. Нобелийн шагналын хороо утга зохиол, шинжлэх ухаан, энх тайвны салбарын эдгээр шагналыг 1901 оноос эхлэн олгож эхэлсэн юм.
Өнгөрсөн жилийн Нобелийн утга зохиолын шагналыг Унгарын зохиолч Ласло Краснахоркай хүртсэн. Түүнийг Америкийн шүүмжлэгч Сюзан Сонтаг “Мөхлийн эзэн” хэмээн нэрлэж байсан юм.