
Африкийн хөлбөмбөгийн холбоо (CAF)-ны Ерөнхийлөгч Патрис Мотсепе FIFA-гийн (Олон Улсын Хөлбөмбөгийн Нэгдсэн Холбоо) Ерөнхийлөгч Жанни Инфантиног улиран сонгогдохыг дахин дэмжиж байгаагаа илэрхийллээ.
Жанни Инфантино бямба гарагт FIFA-гийн гишүүн холбоодод олгох санхүүжилтийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх болсноо мэдэгдсэн.
Нигерийн Абуджа хотод болсон CAF-ын ээлжит 48 дугаар Ерөнхий ассамблейн үеэр Мотсепе Инфантиног дахин нэг бүрэн эрхийн хугацаанд FIFA-гийн Ерөнхийлөгчөөр ажиллахыг дэмжиж байгаагаа мэдэгдлээ
Жанни Инфантиногийн өрсөлдөгчөөр Францын Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Филипп Диалло болон Японы Хөлбөмбөгийн холбооны хүндэт Ерөнхийлөгч Козо Ташима нар нэр дэвшихээр байгаа юм.
Мотсепе хэлэхдээ:
Би CAF-ын Ерөнхийлөгчөөр ажилласан сүүлийн таван жилийн хугацаанд Жаннт Инфантиногийн хөлбөмбөгийг хөгжүүлэхэд чиглэсэн тууштай байдлыг биеэр мэдэрсэн. Жанни, Африкийн хөлбөмбөгийн холбооны 54 гишүүн орны нэрийн өмнөөс танд дэмжлэг үзүүлж байгаагаа илэрхийлье.
гэжээ.
Хариуд нь Инфантино FIFA-гийн Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа Африкийн хөлбөмбөгийг хөгжүүлэх асуудлыг тэргүүлэх чиглэл хэвээр байлгахаа амласан байна.
Тэрээр:
Та бүхэн FIFA-г үргэлж найдвартай түнш, итгэлтэй ах дүүгийн хувиар хажуудаа байгааг мэдрэх болно. Абуджа, Кейптаун, Каир болон Африкийн өнцөг булан бүрд байгаа хүүхэд залуусын мөрөөдлийг бодит болгохын төлөө бид хамтран ажиллах болно.
гэж хэлжээ.
Инфантино мөн FIFA-гийн гишүүн холбоодод олгодог санхүүжилтийг одоогийн дөрвөн жилд 8 сая ам.доллар байгаагаас 25 сая ам.доллар болгон, гурав дахин нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө дахин танилцуулсан байна.
Энэхүү шинэ санхүүжилтээ 2027 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхлэх бөгөөд энэ нь FIFA-гийн Ерөнхийлөгчийн сонгууль болохоос гурван сарын өмнө гэсэн үг юм. Сонгууль Марокко улсад ирэх 2027 онд болохоор товлогджээ.
FIFA Forward 4.0 хөтөлбөрийн хүрээнд санхүүжилтийг нэмэгдүүлэх төлөвлөгөөг өнгөрсөн аравдугаар сард анх танилцуулсан бөгөөд ирэх сард болох FIFA-гийн зөвлөлийн хурлаар албан ёсоор батлах төлөвтэй байна.
Жанни Инфантино:
Би 2016 онд анх сонгогдох үед FIFA-гийн гишүүн холбоо бүр хөлбөмбөгийг хөгжүүлэхэд зориулж жилд 250 мянган ам.доллар, дөрвөн жилд нийт нэг сая ам.доллар авдаг байсан. Харин 10 жилийн дараа хөлбөмбөгийн холбоодын хөгжилд зориулан 25 сая ам.доллар авах гэж байна.
Бид цаашид энэ хэмжээг нэмэгдүүлэхийн төлөө ажиллана. Учир нь та бүхэн, танай залуу үеийнхэн ийм дэмжлэг хүртэх эрхтэй.
FIFA-гийн мөнгө бол та бүхний мөнгө. Та бүхэн үүнийг дэд бүтэц, хөгжил дэвшил, шинэ боломжуудыг бий болгоход зарцуулна.
Бид Африкт итгэдэг. Учир нь бид Африкт хайртай, бид өөрсдөө Африк.
хэмээн хэлэхэд танхимд цугласан хүмүүс нижигнэтэл алга ташжээ.
Үүнээс өмнө баасан гарагт Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбоо (CONMEBOL) Инфантино-г дахин сонгогдохыг санал нэгтэйгээр дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.
Тус холбооны 10 гишүүн улс бүгд түүний нэр дэвшихийг дэмжжээ.