-Алтны үнэ унц нь 5,000 ам.долларт амархан хүрэхгүй гэж шинжээч үзэж байна.
-Хүндхэн сарын дараа хувьцааны ханш сэргэв.
-Мөнгөний үнэ 6 гаруй хувиар өсөв.

Ам.долларын ханшийн өсөлт түр саарч, хөрөнгийн зах зээл тогтворжсоны нөлөөгөөр алтны үнэ баасан гарагт бараг 3 хувиар өсөж, сүүлийн нэг жил гаруйн хугацаанд үзэгдээгүй доод түвшнээсээ сэргэв.
Улаанбаатарын цагаар 16:35 цагийн байдлаар спот алтны үнэ 2.9 хувиар өсөж, нэг унц нь 3'670.69 ам.долларт хүрсэн байна. Өнгөрсөн лхагва гарагт алтны үнэ 2025 оны наймдугаар сараас хойших хамгийн доод түвшинд хүрээд байсан юм.
АНУ-ын арванхоёрдугаар сард нийлүүлэх алтны фьючерсийн үнэ 3.9 хувиар өсөж, нэг унц нь 3'669.30 ам.доллар болжээ.
Швейцарийн Swissquote компанийн хөндлөнгийн шинжээч Карло Альберто Де Каса:
Хэд хоног дараалан буурсны дараа худалдан авагчид зах зээлд эргэн ирлээ. Технологийн болон хиймэл оюун ухаантай холбоотой хувьцаанууд сүүлийн үеийн уналтын дараа тогтворжиж байгаа нь алтны хувьд эерэг үзүүлэлт юм. Учир нь хөрөнгийн зах зээлийн огцом уналтын үеэр зарим хөрөнгө оруулагч бусад хөрөнгө оруулалтынхаа алдагдлыг нөхөх, бэлэн мөнгө босгохын тулд алтны эзэмшлээ зарж байсан.
гэжээ.
Лхагва гарагт нийтлэгдсэн мэдээллээр АНУ-ын эдийн засаг гуравдугаар улиралд өмнө тооцоолж байснаас хавьгүй хурдан өссөн бол аравдугаар сард инфляц эрчимжсэн байна.
Эдгээр үзүүлэлт нь Холбооны нөөцийн сан ирэх сард бодлогын хүүгээ өсгөж, 2027 оны эхээр дахин нэмэгдүүлэх хүлээлтийг улам бататгажээ.
Зээлийн хүү өсөх нь хүү өгдөг бусад хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлдэг тул алтны сонирхол татах чадварыг бууруулдаг.
Үүний зэрэгцээ Азийн гол зах зээлүүдэд биет алтны эрэлт энэ долоо хоногт нэмэгджээ. Энэтхэгт үнэт эдлэл болон хөрөнгө оруулалтын зориулалттай алтны худалдан авалт сэргэж, Хятадад жижиглэнгийн худалдан авалт хүчтэй хэвээр байснаар дотоодын алтны нэмэгдэл үнэ өндөр түвшинд хадгалагдсан байна.
Мөн бусад үнэт металлын үнэ өсөв.
-Спот мөнгөний үнэ 6.6 хувиар өсөж, унц нь 44.25 ам.долларт хүрэв.
-Платинум 5.4 хувиар өсөж, унц нь 1,360.82 ам.доллар болов.
-Палладий 4.6 хувиар өсөж, унц нь 913.07 ам.долларт хүрчээ.
Эдгээр гурван металлын үнэ бүгд долоо хоногийн өсөлттэй хаагдах төлөвтэй байна.