АНУ-д цаазын ял гүйцэтгэх ажиллагаа бүтэлгүйтэж, ялтан амьд үлдвэл цаазлах ажиллагааг дахин эхлүүлэх ёстой юу? гэсэн асуулт маргаан дагуулж байна. Уг асуултад Америкчуудын гуравны нэг нь цаазлах ёстой гэсэн бол олонх нь ялтныг бүх насаар нь хорих нь зөв гэж үзэж байгаа аж.

Reuters/Ipsos агентлагийн улс даяар явуулсан санал асуулгаар оролцогчдын 39 хувь нь цаазын ял гүйцэтгэх оролдлого бүтэлгүйтсэн тохиолдолд ялтныг бүх насаар нь хорихыг дэмжжээ. Харин 33 орчим хувь нь дахин цаазлах ёстой гэж үзсэн бол 26 хувь нь эргэлзсэн байна.
Дээрх асуулт АНУ-ын Теннесси мужид гарсан амжилтгүй болсон цаазлах ажиллагааны дараа олны анхаарлын төвд оржээ. Тус мужид 50 настай Криста Пайкийг үхлийн тариагаар цаазлах ялыг гүйцэтгэн, үхүүлэх тариаг хоёр удаа хийсэн ч амьд үлдсэн юм.
Криста Пайк 1995 онд 18 настайдаа 19 настай Коллин Слеммерийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан цаазын ял сонссон. Өнгөрсөн аравдугаар сарын 1-нд Теннесси мужийн Нэшвилл хотод Криста Пайкыг үхлийн тариагаар тарьж цаазлах ажиллагаа бүтэлгүйтсэн юм.
Цаазын ажиллагааны үеэр пентобарбитал хэмээх хүчтэй эм агуулсан тариаг хоёр удаа тарьсан ч Пайк үхээгүй байна. Харин ухаангүй болж, гар нь ноцтой гэмтсэн тул эмнэлэгт хүргэгджээ. Тэрээр тав хоногийн дараа ухаан орсон.
Энэ нь Теннесси мужид 2026 онд үхлийн тариагаар цаазлах ажиллагаа бүтэлгүйтсэн хоёр дахь тохиолдол болжээ.
Хэрэг явдлын дараа эмнэлгийн тусламж яагаад хожимдсон, цаазын ажиллагаа хэрхэн бүтэлгүйтсэн талаар ч маргаан дэгдсэн.
Санал асуулгаар америкчуудын 55 хувь нь ноцтой гэмт хэрэг үйлдсэн хүмүүст цаазын ял оноохыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Энэ нь 2017 онд явуулсан ижил төрлийн судалгаанаас буурсан үзүүлэлт юм. Тухайн үед санал асуулгад оролцогчдын 63 хувь нь дэмжиж байжээ.
Харин оролцогчдын 31 хувь нь цаазын ялыг эсэргүүцсэн бол 13 хувь нь эргэлзсэа байр суурь илэрхийлсэн.

💪🔥 Гурван өдрийн турш үе шаттайгаар зохион байгуулагдаж буй “Physical UHG” спортын тэмцээний эхний өдрийн зургуудаас хүргэж байна. 📸🏆
Дэлхийн ихэнх улс орон цаазын ялыг халсан бөгөөд АНУ-ын 23 муж цаазын ялыг хэрэглэхээ больжээ. Харин цаазын ял хэвээр байгаа мужуудад цаазын тарианд ашигладаг эм, бодисыг олж авахад хүндрэл үүссэн тул зарим нь буудан хороох зэрэг өөр арга хэрэглэх талаар хэлэлцэж байна.
Цаазын ял гүйцэтгэх оролдлого бүтэлгүйтсэн тохиолдолд ялтныг дахин цаазлах нь хууль ёсны эсэх асуудал АНУ-ын шүүхүүдийн анхаарлыг татаж байна.
Саяхан АНУ-ын Дээд шүүх анхны оролдлого бүтэлгүйтсэн ялтны цаазын ажиллагааг ахин гүйцэтгэх шинэ тов тогтоохыг зөвшөөрчээ.
Үүнтэй төстэй хэрэг 2022 онд Алабама мужид гарсан юм. Захиалгат аллага үйлдсэн хэргээр ял шийтгүүлсэн Кеннет Смитийг цаазлах үед хорих ангийн ажилтнууд судсанд нь тариа хийх гуурс байрлуулж чадаагүй тул ажиллагаа бүтэлгүйтэж, тэрээр амьд үлджээ.
Харин 2024 онд Алабама муж Смитийг азотын хий ашиглан амьсгал боогдуулах аргаар цаазалсан байдаг.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет цаазын ялыг олон нийтэд шууд дамжуулан үзүүлэх боломжтой гэх сэдвийг хөндсөн нь мөн л маргаан дагуулсан байна.
Тухайлбал, Техас мужийн Форт-Худ цэргийн баазад 13 хүний аминд хүрсэн хэрэгт шүүхээс цазаар авах ялаар шийтгүүлсэн, АНУ-ын армийн хошууч асан Нидал Хасаныг буудан хороох ажиллагааг шууд дамжуулах төлөвлөгөөний талаар тэрээр ярьсан юм.
Олон нийтийн хүчтэй шүүмжлэл, тэр дундаа Бүгд найрамдах намын хууль тогтоогчдын эсэргүүцлийн дараа Ерөнхийлөгч Дональд Трамп шууд дамжуулах төлөвлөгөөг цуцалжээ. Гэхдээ Хасаныг арванхоёрдугаар сарын 3-нд цаазлах төлөвлөгөө хэвээр байгаа гэж мэдэгдсэн.
Санал асуулгад оролцогчдын 46 хувь нь Хасаныг буудан хороохыг зөв гэж үзжээ. Энэ байр суурийг Бүгд найрамдах намын дэмжигчдийн 71 хувь, Ардчилсан намын дэмжигчдийн 29 хувь нь дэмжсэн байна.
Гэвч цаазын ялыг олон нийтэд телевиз, интернэтээр үзүүлэхийг оролцогчдын 71 хувь нь зохисгүй гэж үзжээ. Энэ байр суурийг хоёр намын дэмжигчдийн олонх нь дэмжсэн байна.








