Эхнэрээ хөнөөж, дараа нь өөрийгөө үхсэн мэтээр жүжиглэсэн АНУ-ын Теннесси мужийн иргэн Кевин Уотсонд ялын дээд хэмжээ болох цаазаар авах ял оноох байсан ч тэрээр прокуроруудтой тохиролцсоны үндсэн дээр ердөө 15 жил хоригдох ялаар шийтгүүлжээ.


Хохирогчийн ар гэрийнхэн энэ шийдвэрт ихэд бухимдаж байна.
Кевин Уотсон 2023 оны нэгдүгээр сард гурван хүүхдийнхээ ээж, 34 настай Бритни Уотсоныг буудан хөнөөсөн гэдгээ хүлээжээ. Тэд өмнө нь гэрлэлтээ цуцлуулсан байсан ч дахин нийлж, Хейвуд тойрог дахь гэртээ хүүхдүүдийнхээ хамт амьдарч байсан байна.
Кевин Уотсон эхнэрээ хөнөөгөөд цогцсыг нь төмөр торхонд хийж, өөрийн эзэмшлийн газарт булсан аж. Үүний дараа эхнэрээ сураггүй алга болсон тухай цагдаад мэдэгдэж, өөрөө Хэтчи голд живж амиа хорлосон мэтээр харагдуулахын тулд захидал хүртэл үлдээжээ.
Гэвч цагдаагийн эрлийн баг голд хайлт хийснээр, зургаа хоногийн дараа Уотсон өөрөө цагдаа дээр ирж, эхнэрийнхээ цогцсыг булсан газраа зааж өгсөн байна.
Түүнийг нэгдүгээр зэргийн хүн амины хэрэгт буруутгаж, цаазаар авах ял оноох боломжтой байв.
Гэвч өнгөрсөн лхагва гарагт Уотсон хүн амины хэргийг санаатай бусаар үйлдсэн (voluntary manslaughter), мөн цогцсыг гутаан доромжилсон, нотлох баримт устгасан, худал мэдээлэл өгсөн гэх хэргүүдэд буруутай гэдгээ хүлээжээ.
Прокурорууд ял шийтгэл гаргуулах баталгааг хангахын тулд хэргийг ийнхүү хөнгөрүүлсэн гэж тайлбарласан байна. Үүний үр дүнд Кевин Уотсон 15 жилийн хорих ялаар шийтгүүлснээс гадна өмнөх цагдан хоригдсон дөрвөн жилийг ялаас хасаж тооцохоор болжээ.
Хохирогч Бритни Уотсоны ар гэрийнхэн уг шийдвэрийг хэтэрхий зөөлөн ял гэж үзэн эрс эсэргүүцсэн байна.

Бритнигийн эгч Хизер шүүх хурал дээр хохирогчийн ар гэрийнхнийг төлөөлөн үг хэлэхдээ:
Бритнигийн амьдрал бидний хувьд ердөө 15 жилийн үнэ цэнэтэй байгаагүй гэдгийг энэ шүүх ойлгоосой гэж хүсэж байна.
Түүний хүүхдүүд ээжтэйгээ хамт өнгөрүүлэх байсан бүх цаг хугацаагаа алдсан. Би дүүтэйгээ хамт өнгөрүүлэх байсан бүх амьдралаа алдсан. Харин бидний уй гашууд дуусах хугацаа гэж байхгүй гэдгийг шүүхийнхэн ойлгоосой.
хэмээн мэдэгджээ.
Уотсоны өмгөөлөгч Уильям Мэсси орон нутгийн WBBJ телевизэд өгсөн ярилцлагадаа Кевин Уотсоныг хүн амины хэрэгт буруутайд тооцон яллаж магадгүй гэж тооцож байснаа ярьсан байна. Тэдний гол хамгаалалтын байр суурь нь өмгөөлүүлэгч нь анхнаасаа өөрийгөө хамгаалах зорилгоор үйлдсэн үйлдэл байсан гэж мэтгэлцэх явдал байжээ.
Харин тойргийн ерөнхий прокурор Кевин Эйжи тохиролцоонд хүрэх нь Кевин Уотсоныг аль болох удаан хугацаагаар хорих хамгийн зөв гарц байсан гэж тайлбарлажээ.
Тэрээр:
Хэрэв тангарагтны шүүх шүүгдэгчийг санаатай бус хүний амь хөнөөсөн хэрэгт буруутай гэж үзсэн бол өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүйг харгалзаад ердөө 3-6 жилийн хорих ялаар шийтгэх байсан. Энэ нь 2023 оны нэгдүгээр сард буюу хүн амины хэрэг үйлдэгдсэн үед уг гэмт хэрэгт ногдуулж байсан ялын дээд хэмжээ.
гэжээ.
Кевин Уотсон 15 жилийн хорих ялаас гадна суллагдсаныхаа дараах 10 жилийн хугацаанд цагдаагийн хяналтад байх шийтгэл мөн хүлээсэн байна.