АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп CBS телевизийн “60 Minutes” нэвтрүүлэгт оролцохдоо Бүгд найрамдах нам өнгөрсөн долоо хоногийн сонгуульд яагаад томоохон ялагдал хүлээсэн, цагаачлалын бодлого, Ираны дайн, авлигын асуудал болон өөрийн залгамжлагчийн талаар ярилцжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн ням гарагийн орой цацагдсан CBS телевизийн “60 Minutes” нэвтрүүлэгт оролцохдоо Бүгд найрамдах намын түүхэн ялагдлын шалтгааны талаар өнөөг хүртэлх хамгийн дэлгэрэнгүй байр сууриа илэрхийллээ. Мөн улс төрийн маргаан дагуулсан цагаачлалын асуудлаар Ардчилсан намтай хамтран ажиллах боломжийг нээлттэй үлдээсэн байна.
Гэхдээ Трамп өөрийн нэр хүнд урьд өмнө байгаагүй доод түвшинд хүрсэн ч сонгуулийн ялагдлын хариуцлагыг өөртөө хүлээсэнгүй. Тэрбээр Бүгд найрамдах намаас нэр дэвшигчид өөрийнх нь улс төрийн нэр хүнд, дэмжлэгийг сонгуулийн кампанит ажилдаа амжилттай ашиглаж чадаагүй гэж үзжээ.
Түүнчлэн өөрийн засаглалын үед олон нийтэд таалагдаагүй зарим бодлого байсныг хүлээн зөвшөөрсөн ч Ардчилсан нам Конгресст олонх болох гэж буй энэ үед ихэнх асуудлаар буулт хийхэд бэлэн биш байгаагаа илэрхийлсэн байна.
Өнгөрсөн долоо хоногийн сонгуульд Бүгд найрамдах нам яагаад ийм тааруу үр дүн үзүүлсэн талаар ярихдаа Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай холбоотой асуудал болон засаг захиргааныхаа бодлогыг олон нийтэд буруу ойлгуулсан явдлаа "гол шалтгаан" хэмээн нэрлэжээ.
Гэхдээ түүний засаг захиргаа бичиг баримтгүй цагаачдын эсрэг явуулсан хатуу арга хэмжээ, олон мянган хүнийг баривчилж, албадан гаргасан бодлого олон нийтийн дунд таагүй хандлага үүсгэснийг мөн хүлээн зөвшөөрсөн байна.
Ялангуяа АНУ-д арав ба түүнээс дээш жил амьдарсан, ноцтой гэмт хэрэг үйлдээгүй цагаачдын асуудлыг онцолсон байна.
Тэрбээр цагаачлалын бодлогоо дүгнэхдээ:
Цагаачлалын бодлого хэтэрхий хатуу байсан. Магадгүй арай л хэтэрхий хатуу байсан байх.
гэж хариулжээ.
Энэхүү мэдэгдэл нь 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн гол амлалтуудын нэг байсан цагаачлалын бодлого нь ердөө хоёр жилийн дотор улс төрийн хувьд нэр хүндэд нь сөргөөр нөлөөлөх асуудал болсныг Трамп өөрөө хүлээн зөвшөөрсөн анхаарал татахуйц мэдэгдэл байв.
Трампын засаг захиргааны зарим албан тушаалтан цагаачдыг баривчлах, албадан гаргахдаа ашигласан арга барилд Ерөнхийлөгч өөрөө ч дотроо эргэлзэж байгаагаа илэрхийлж байсан талаар мэдээлэл бий.
Гэхдээ цагаачлалын бодлого хэт хатуу байсныг хүлээн зөвшөөрсөн ч Трамп цаашид энэ чиглэлийн бодлогоо өөрчлөх эсэх нь тодорхойгүй хэвээр байна.
Тэрбээр саяхан цагаачлалын хатуу бодлогыг боловсруулахад гол үүрэг гүйцэтгэсэн Стивен Миллерийг өөрийн Тамгын газрын шинэ даргаар томилсон юм.
CBS телевизийн хөтлөгч Росс Дутхэтэй хийсэн ярилцлагын төгсгөлд Трампаас өөрийнх нь дайсан гэж үздэг хүмүүсийг хэзээ нэгэн цагт уучилж чадах эсэхийг асуужээ. Тэр ч байтугай Бурханы өмнө эцсийн шүүлтэд орохын өмнө ч уучлах боломжтой эсэхийг нь хөндсөн байна.
Трамп:
Тэд маш муу хүмүүс байсан гэж би боддог. Би зарим дайснаа үзэн яддаг. Үүнийг үзэн ядалт гэж шууд хэлж болно. Би зарим дайснаа үнэхээр үзэн яддаг.
гэжээ.
Тэрээр цааш нь:
Одоо би тэднийг уучилж чадахгүй байх. Учир нь би зарим дайснаа үзэн яддаг. Тэгээд ч цаашид үргэлжлүүлэн үзэн ядсаар байх болно.
хэмээн мэдэгдсэн байна.
Энэ асуултыг тавихаас өмнө өнгөрсөн жил алагдсан консерватив үзэлтэй идэвхтэн Чарли Киркийн оршуулгын үеэр түүний бэлэвсэн эхнэр Эрика Кирк нөхрийнхөө амийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдсэн этгээдийг олон нийтийн өмнө уучилсан үйл явдлыг дурджээ.
Харин үүний дараахан тайзан дээр гарсан Дональд Трамп:
Би өрсөлдөгчдөө үзэн яддаг. Тэдэнд сайн сайхныг хүсдэггүй.
гэж мэдэгдэж байсан юм.
Трамп анхны бүрэн эрхийн хугацаандаа өөрийг нь шалгасан Ардчилсан намын улстөрчид, төрийн албан тушаалтнуудаас эхлээд өөрийн бодлогыг эсэргүүцсэн улс төрийн өрсөлдөгчид хүртэл олон хүнтэй зөрчилдөж ирсэн.
Зарим үед тэрээр улс төрийн эвлэрэл, хамтын ажиллагааны талаар хөндсөн байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Конгресст хүчирхэг байр суурьтай болох гэж буй Ардчилсан намтай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.
Гэвч түүний улс төрийн үндсэн байр суурь нь өөрт нь шударга бус хандсан гэж үздэг хүмүүсийн эсрэг тэмцлээ үргэлжлүүлэхэд чиглэж ирсэн гэж CNN онцолжээ.
Дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс өнгөрсөн долоо хоногт Бүгд найрамдах намын сонгуулийн ялагдлын гол шалтгаан нь Ирантай хийсэн дайн гэж бичсэн юм.
Тухайн үед Трамп Вэнсийн байр суурийг ерөнхийдөө дэмжиж байсан бол хэдхэн хоногийн дараа түүний хэлсэн үгэнд тодорхой хэмжээний засвар оруулжээ.
Трамп Вэнс Ираны дайныг эхлүүлэх шийдвэрийн улс төрийн үр дагаврыг үнэлэхдээ дайныг дэмжсэн байр сууриа илүү тодорхой илэрхийлэх ёстой байсан гэж үзсэн байна.
Тэрээр:
Хэрэв Вэнс тэгж бодож байсан бол нэг л зүйлийг илүү тодорхой илэрхийлэх ёстой байсан. Хэрэв бүхнийг дахин эхлүүлэх боломж олдвол энэ шийдвэрийг дахин гаргах байсан уу гэж асуух хэрэгтэй. Тэр бол шийдвэр гаргах үйл явцын нэг хэсэг. Харин миний хариулт бол эргэлзээгүй тийм.
гэжээ.
Трампын хэлснээр Вэнс Ираны асуудлаар бичихээсээ өмнө түүнтэй ярилцсан байна. Гэхдээ тэд Вэнсийн бичих гэж буй урт нийтлэлийн агуулгыг нарийвчлан хэлэлцээгүй аж.
Вэнсийн Ираны дайны талаар бичсэн байр суурийг Вашингтоны улс төрийн хүрээнд 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд "Нэр дэвших боломжоо урьдчилан зарлаж буй алхам" гэж олон хүн тайлбарласан.
Гэвч “60 Minutes” нэвтрүүлэгт Вэнсийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдвөл автоматаар өөрийнх нь дэмжлэгийг авна гэсэн баталгаа байхгүй гэдгийг Трамп илэрхийлжээ.
Түүнээс Вэнсийг нэр дэвшвэл дэмжих эсэхийг асуухад:
Магадгүй. Гэхдээ заавал биш
гэж хариулсан байна.
Улмаар:
Магадгүй би энэ асуудалд огт оролцохгүй байсан нь дээр ч байж мэднэ.
гэж нэмж хэлжээ.
Харин Вэнсээс өөр хэнийг боломжит залгамжлагчаар харж байгааг асуухад Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиог онцолсон байна.
Марко бол гайхалтай хүн. Тэр энэ ажлыг үнэхээр хүсэж байгаа нь тодорхой. Тэр маш сайн ажиллаж байгаа. Гайхалтай ажил хийж байна. Түүний нэрийг хүмүүс ярьж байгаа ч өөр олон хүн бий. Би тэдний нэрийг дурдахыг хүсэхгүй байна. Маш сайн сенаторууд ч бий. Би тэднийг бүгдийг нь мэднэ, бас ихэд үнэлдэг.
гэжээ.
Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааныхаа сүүлийн шатанд орж буй Трамп Бүгд найрамдах нам өөрийнх нь дараах улс төрийн ирээдүйг тодорхойлох үйл явцтай нүүр тулах болно.
Тэрбээр өөрийн дэмжсэн нэр дэвшигч сонгуульд амжилт олох боломж өндөр хэвээр байгаа гэж үзэж байгаагаа мөн илэрхийлжээ.
Хэрэв би хэн нэгнийг дэмжвэл энэ нь маш том нөлөө үзүүлнэ гэж бодож байна. Учир нь миний өгсөн дэмжлэг үргэлж маш хүчтэй нөлөө үзүүлсээр ирсэн.
гэж Трамп хэлсэн байна.
Ярилцлагын хамгийн хурц хэсэг нь Трампын гэр бүлийн бизнесийн ашиг сонирхол, тэр дундаа криптовалютын салбар дахь үйл ажиллагаатай холбоотой байв.
Хөтлөгч Росс Дутхэ Трампын гэр бүлийн бизнесийн үйл ажиллагаа авлигын шинжтэй байж болзошгүй гэсэн Ардчилсан намын улстөрчдийн шүүмжлэлийг хөнджээ.
Үүнд Трамп өөрийн мөнгө, хөрөнгө оруулалтыг нэг хүү нь удирддаг бөгөөд тэрээр хүүгээ “шударга, сайн хүн” гэж тодорхойлсон байна. Мөн хөрөнгийнх нь дийлэнх хэсгийг Уолл-Стритийн томоохон хөрөнгө оруулалтын компаниудад итгэмжлэн өгч, хөрөнгө оруулалт хийлгэдэг гэж тайлбарлажээ.
Дональд Трамп болон түүний хөвгүүд өнгөрсөн жил Ерөнхийлөгчийн тангараг өргөхөөс нь өмнөхөн хэд хэдэн криптовалютын бизнес эхлүүлсэн бөгөөд оэдгээр үйл ажиллагаанаас Трампын гэр бүл нэг тэрбум ам.доллароос давсан орлого олсон байна.
Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгчийн хоёр дахь бүрэн эрхийн хугацаа эхлэхийн өмнө Арабын Нэгдсэн Эмират Улстай холбоотой хөрөнгө оруулалтын компани Трампын гэр бүлийн криптовалютын компанийн бараг тал хувийг худалдан авсан аж.
Гадаадын улс орнууд Цагаан ордонд нөлөөгөө тогтоохын тулд Ерөнхийлөгчийн гэр бүлийн бизнесийн харилцааг ашиглаж болзошгүй гэсэн болгоомжлолыг Трамп үл тоомсорложээ.
Тэрээр:
Ерөнхийлөгч бүр ийм асуудалтай тулгардаг.
хэмээн тайлбарлаж, гадаадын этгээдүүд Ерөнхийлөгчид тал засах, өөртөө ашигтай шийдвэр гаргуулахыг оролдох явдал шинэ зүйл биш гэсэн байр суурь илэрхийлсэн байна.
Мөн өөрийн гэр бүлийн орлого олох бизнесүүдэд ямар ч оролцоогүй гэж мэдэгджээ. Гэвч тэрбээр Ерөнхийлөгчийн албан тушаалд орохдоо хувийн бизнесээсээ бүрэн татгалзаагүй юм.
Хөтлөгчийн асуултад хариулахдаа:
Бэлэн мөнгөнөөс яаж татгалзах юм бэ? Би хувьцааны арилжааны талаар маш их шүүмжлэлд өртсөн. Тэд ойролцоогоор 50 мянган хувьцааны арилжаа хийсэн байх. Учир нь тэдний ажил ийм. Бүгд компьютерын автоматаар гүйцэтгэдэг арилжаа. Тэд яг юу худалдаж авч байгааг би огт мэдэхгүй.
гэжээ.