АНУ-ын Теннесси мужийн захирагч Билл Ли өнгөрсөн сард цаазын ялыг гүйцэтгэх ажиллагаа бүтэлгүйтсэн ч Криста Пайкийн ял хэвээр үлдэх магадлалтай гэж мэдэгдлээ.

Өдгөө 50 настай, хүн амины хэрэгт ял шийтгүүлсэн Криста Пайкийг есдүгээр сарын 30-нд цаазлах ёстой байв. Цаазлах ялыг гүйцэтгэж чадсан бол тэрээр АНУ-ын Теннесси мужид сүүлийн 200 гаруй жилийн түүхэнд цаазлагдсан анхны эмэгтэй болох байсан юм. Гэвч цаазын тариа тарих ажиллагаа бүтэлгүйтэж, тэрээр амьд үлдэж чадсан.
Захирагч Билл Ли энэ хэргийн талаар:
Криста Пайк шиг тодорхой нэг хүн болон түүний үйлдсэн гэмт хэргийн үйлдлийг авч үзсэн ч, тэрээр Теннесси мужийн хуулийн дагуу хоригдсон хэвээр байна.
хэмээн мэдэгджээ.
Тэрээр цааш нь:
Шүүх өөрөөр шийдвэрлэхгүй л бол түүний ял өмнөхтэйгөө адил хэвээр үлдэнэ гэж би таамаглаж байна.
гэж онцолжээ.
Пайкийн өмгөөлөгчид захирагч Лигээс ялыг нь хөнгөрүүлэх буюу цаазаар авах ялыг өөр ялаар солихыг хүсэж байгаа юм.
Тэдний үзэж буйгаар Криста Пайк “АНУ-ын цаазаар авах ялын түүхэнд өөр хэнд ч ногдуулж байгаагүй хэмжээний шийтгэлийг аль хэдийн амссан” аж.
Ирэх нэгдүгээр сард бүрэн эрхийн хугацаа нь дуусах Билл Ли цаазын ажиллагаа бүтэлгүйтсэний улмаас муж улсад энэ оны үлдсэн хугацаанд цаазаар авах бүх ажиллагааг түр зогсоож, юу буруу болсныг тогтоох бие даасан шалгалт явуулах захирамж гаргажээ.
Криста Пайк 1995 онд Теннесси мужийн Ноксвилл хотод өөртэй нь нэг ангид сурдаг, Job Corps технизийн сургуульд хамт суралцагч Колин Слеммерийг хардалтын улмаас хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт буруутгагдан цаазаар авах ял сонссон юм.
Цаазын ажиллагаа бүтэлгүйтсэний дараа хохирогчийн ээж Мэй Мартинес муж улсын эрх баригчид түүнээс уучлал гуйх ёстой гэж мэдэгджээ.
Тэрээр First Coast News-д өгсөн ярилцлагадаа:
Муж улс надаас уучлал гуйх өртэй гэж би бодож байна. Тэр миний охиныг хөнөөсөн. Охин шиг минь өөр хэн нэгнийг хохироохыг би хүсэхгүй байна.
хэмээн ярьжээ.
Пайкийг Нэшвилл хотын Ривербендийн өндөр хамгаалалттай хорих ангид цаазлах үеэр пентобарбитал хэмээх үхлийн тариаг хоёр тун хийсэн боловч Кристай Пайк амьд үлдсэн юм.
Мэдээлэлд дурдсанаар, уг ажиллагааны үеэр дор хаяж 10 удаа зүүгээр хатгасан байна. Үүний дараа Пайкийг яаралтай эмнэлэгт хүргэжээ. Тэрээр хэдэн өдрийн турш ухаангүй байсан бөгөөд тархи нь үхжсэн байж болзошгүй гэж үзэж байсан ч аравдугаар сарын 6-нд гэнэт ухаан орсон юм.
Одоо Криста Пайк өмнө нь АНУ-ын Теннесси мужийн эмэгтэйчүүдийн хорих анги гэж нэрлэгддэг байсан Дебра К. Жонсоны нөхөн сэргээх төвд хоригдож байгаа аж. Түүний өмгөөлөгчид өнгөрсөн долоо хоногт Пайк одоо бүтэн өгүүлбэрээр ярьж чаддаг болсон гэж мэдэгджээ.
Энэ сарын эхээр шүүгч Криста Пайкийг үхлийн тариагаар цаазлах аргын эсрэг гаргасан иргэний нэхэмжлэлийг нь дахин хэлэлцэхээр шийдвэрлэсэн байна. Түүнчлэн шүүгч Теннесси мужийн Хорих байгууллагын газарт цаазын ажиллагаа бүтэлгүйтсэнтэй холбоотой бүх нотлох баримтыг хадгалж үлдэхийг даалгажээ.
Криста Пайкийн өмгөөлөгчид уг баримтууд нь “Түүний цаашид гаргаж болзошгүй аливаа гомдол, маргаанд ач холбогдолтой байж болох” үндэслэлээр нотлох баримтыг хадгалахыг хүссэн байна.
Криста Пайк цаазын тариа хийлгэсний дараа амьд үлдсэн ч одоогоор түүний ялыг хүчингүй болгосон, эсвэл өөрчилсөн шийдвэр гараагүй байгаа юм. АНУ-ын Теннесси мужийн захирагчийн байр сууриар бол шүүх өөрөөр шийдвэрлэх хүртэл цаазаар авах ял хэвээр үлдэх магадлалтай бөгөөд бүтэлгүйтсэн ажиллагаатай холбоотой шүүхийн маргаан үргэлжилж байна.