Шинжээчид: Технологийн салбар, хиймэл оюун ухаан болон криптовалютын зах зээлд зохицуулалтын дарамт нэмэгдэж болзошгүй.

АНУ-ын завсрын сонгуулийн эхний дүнгээр Ардчилсан нам Сенатад хэд хэдэн суудал авч, Ерөнхийлөгч Дональд Трампын Бүгд найрамдах намын олонхын суудлыг булаан авах боломж нэмэгдлээ. Ингэснээр Конгрессын хоёр танхимд Ардчилсан нам давамгайлах буюу улс төрийн хүрээнд нэрлэдэгээр “Цэнхэр давалгаа” үүсэх магадлал яригдаж эхэлсэн ч сонгуулийн эцсийн дүн хараахан гараагүй байна.
АНУ-ын хөрөнгийн зах зээлийн фьючерсүүд огцом буурч, Азийн зах зээлд хиймэл оюун ухаантай холбоотой хувьцаанууд уналтад орлоо. Харин АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж буурснаар ам.долларын ханш ч суларч эхэлсэн байна.
Зах зээлийн шинжээчид сонгуулийн үр дүн эдийн засаг, хөрөнгө оруулалт, технологийн салбар болон Трампын засаг захиргаанд хэрхэн нөлөөлөх талаар дараах байр суурийг илэрхийлжээ.
Кристофер Ходж, Natixis банкны АНУ хариуцсан ахлах эдийн засагч:
Ардчилсан намын давалгаа эхэлж байх шиг байна. Одоо энэ давалгаа хэр хүчтэй, хэр өргөн хүрээг хамрах, цаашид ямар үр дагавар авчрах нь л гол асуудал болж байна.
Эдийн засгийн хувьд сонгуулийн үр дүн шууд томоохон нөлөө үзүүлнэ гэж бид бодохгүй байна. Гэхдээ энэ шөнө улс төрийн томоохон өөрчлөлтүүдийн эхлэл болж мэднэ.
Трамп муу мэдээ хүлээн авах дургүй хүн. Тэрээр ялагдал хүлээж болзошгүй нэр дэвшигчдийн олонхыг өөрөө биечлэн дэмжиж, сонгуульд оруулсан. Тиймээс анхаарлыг өөр тийш хандуулахын тулд удахгүй ямар нэгэн алхам хийж магадгүй.
Ираны эсрэг богино хугацаанд, гэхдээ эрчимтэй цэргийн ажиллагаа явуулах тухай яриа ч гарч байгаа. Хэрэв ийм зүйл болбол дотоодын улс төрийн асуудлаас анхаарал сарниулах нэг арга болно.
Ерөнхийлөгч нар завсрын сонгуулийн дараа засаг захиргаандаа өөрчлөлт хийх нь түгээмэл. Дональд Трамп ч мөн адил хэн нэгнийг буруутан болгож, албан тушаалаас нь чөлөөлөхийг оролдож магадгүй. Батлан хамгаалахын сайд Пит Хегсетийн нэр энд хамгийн түрүүнд яригдаж болох юм. Сангийн сайд Скотт Бессентийн байр суурийг ч анхаарах хэрэгтэй. Тэрээр засаг захиргаа уруудан доройтож байна гэж үзвэл нэр төртэйгөөр ажлаа өгөх гарц хайж мэднэ.
Тапас Стрикланд, Moomoo ANZ компанийн зах зээлийн ахлах стратегич:
Хөрөнгө оруулагчдын санааг зовоож буй гол зүйл бол хиймэл оюун ухааны дэд бүтцийн бүтээн байгуулалтын хурд саарч магадгүй гэсэн болгоомжлол юм. Ялангуяа Техас мужид энэ өөрчлөлт мэдэгдэхүйц байж болзошгүй.
Сонгуулийн өмнө бид Техас болон Жоржиа мужийн захирагчийн сонгуулийн ач холбогдлыг онцолж байсан. Эдгээр хоёр мужид АНУ-ын хиймэл оюун ухааны дата төвийн хөрөнгө оруулалт, төслүүдийн бараг гуравны нэг нь төвлөрдөг.
Хэрэв хоёр мужийн захирагчийн сонгуульд Ардчилсан нам ялбал хиймэл оюун ухааны салбарын хөгжлийг удаашруулах бодит боломж бий. Энэ нь цаашлаад бүхэл бүтэн технологийн салбарт нөлөөлнө.
Ник Феррес, Vantage Point Asset Management компанийн хөрөнгө оруулалт хариуцсан захирал:
Ардчилсан намын ялалт байгуулж, Конгрессын хяналтыг авах магадлал зах зээлд урьдчилан тооцоологдож байсан. Гэхдээ ялалтын зөрүү хэр их байх нь чухал.
Хиймэл оюун ухаан болон криптовалютын салбарт зохицуулалт нэмэгдэх эрсдэл байна. Мөн ирэх онд улсын өрийн дээд хязгаарын асуудал хурцдаж, Ерөнхийлөгчид импичмент зарлах асуудал ч хөндөгдөж болзошгүй.
Goldman Sachs-ийн хиймэл оюун ухаантай холбоотой хувьцаануудын багц аравдугаар сард 15 хувиар унасан бөгөөд оргил үеийнхээсээ 24 гаруй хувиар буураад байна. Одоо Nasdaq-ийн индекс ч энэ уналтыг дагаж эхэллээ.
Майкл Арон, State Street Global Advisors компанийн хөрөнгө оруулалтын ахлах стратегич:
Миний бодлоор зах зээлд учрах хамгийн том эрсдэл нь Ардчилсан намын ялалт биш. Харин хөрөнгө оруулагчид энэ ялалтад хэт хүчтэй, хэт огцом хариу үйлдэл үзүүлэх явдал юм.
Марк Малек, Siebert Financial компанийн хөрөнгө оруулалтын ахлах захирал:
Одоогоор дүгнэлт хийхэд эрт байна. Гэхдээ сонгуулийн үр дүнгийн тодорхой хэсэг зах зээлийн хүлээлтэд аль хэдийн туссан байсан гэж бодож байна.
Өнөө шөнө болон маргааш зах зээлд тодорхой хэмжээний савлагаа үүсэх байх. Гэхдээ ер бусын хүчтэй донсолгоо болно гэж бодохгүй байна. 2016 оны сонгуулийн дараах зах зээлийн хөдөлгөөн үүнээс ч хүчтэй байсан.
Хэрэв Бүгд найрамдах нам гэнэтийн том ялалт байгуулсан бол зах зээлд илүү хүчтэй хариу үйлдэл үзүүлэх байлаа.
Тай Хүй, J.P. Morgan Asset Management компанийн Ази, Номхон далайн бүсийн зах зээлийн ахлах стратегич:
Дональд Трамп Ерөнхийлөгчийн хувьд хуулиудад хориг тавих эрхээ хадгалсаар байна. Энэ нь түүний бүрэн эрхийн үлдсэн хоёр жилд Конгресстой харилцах харилцааны гол маргаантай асуудлуудын нэг болно.
Трампын санаачилсан ‘Том, үзэсгэлэнтэй хууль’ (One Big Beautiful Bill)-иар батлагдсан эрүүл мэндийн салбарын зардлын таналтыг буцаах, сэргээгдэх эрчим хүчний салбарт тавьсан хязгаарлалтыг цуцлах зэрэг асуудлаар хоёр намын хяналт хуваагдсан Засгийн газар томоохон өөрчлөлт хийхэд хүндрэлтэй. Гэхдээ үүний эерэг тал нь төсвийн алдагдлыг илүү хяналттай байлгах боломж юм.
Нөгөө талаар Трамп худалдаа, гаалийн татвар, гадаад бодлого болон одоо мөрдөгдөж буй зохицуулалтаар дамжуулан зах зээлд нөлөөлөх боломжоо хадгална.
Зах зээлийн өнөөгийн уналт сонгуулийн үр дүнтэй холбоотой юу, эсвэл сүүлийн 3–4 долоо хоногт хуримтлагдсан хиймэл оюун ухааны салбарын асуудалтай холбоотой юу гэдгийг ялгах хэрэгтэй. Миний бодлоор улс төрөөс илүү хиймэл оюун ухааны салбарын нөхцөл байдал нөлөөлж байна.
Чару Чанана, Saxo банкны хөрөнгө оруулалтын ахлах стратегич:
Зах зээл Ардчилсан намын ялалт хүлээлтээс давж магадгүй гэсэн хувилбарыг үнэдээ шингээж эхэлсэн бололтой. Энэ нь төсвийн нэмэлт урамшуулал, зарлагыг цаашид нэмэгдүүлэх хүлээлтийг бууруулж, ам.долларын ханш сулрах, хувьцааны зах зээл дарамтад орох шалтгаан болж байна.
Nasdaq-ийн фьючерс илүү хүчтэй унаж байгаа нь улс төрийн хяналт өөрчлөгдвөл хиймэл оюун ухаан болон технологийн томоохон компаниудад тавих зохицуулалт нэмэгдэнэ гэсэн болгоомжлолтой холбоотой. Үүн дээр хөрөнгө оруулагчид хиймэл оюун ухааны компаниудын хэт өндөр үнэлгээ болон асар их хөрөнгө оруулалтын өгөөжид эргэлзэж эхэлсэн нь нөлөөлж байна.
Гэхдээ АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж буурч байгаа нь тодорхой хугацааны дараа зах зээлд дэмжлэг болж магадгүй. Тиймээс эхний уналт удаан үргэлжлэх албагүй.
Жеспер Колл, Monex Group-ийн шинжээч захирал:
АНУ өнөөдөр үндсэндээ Ерөнхийлөгчийн захирамжаар удирдлагаа хэрэгжүүлдэг, Ерөнхийлөгчийн эрх мэдэл хэт төвлөрсөн тогтолцоо руу шилжсэн. Тиймээс Конгресс Ардчилсан намын хяналтад орлоо гээд бодит бодлого эрс өөрчлөгдөнө гэдэгт би эргэлзэж байна.
Харин улс төрийн шуугиан нэмэгдэнэ. Ардчилсан намын ярьдаг импичмент, авлигын мөрдөн шалгалт зэрэг асуудал хүчтэй өрнөж магадгүй. Гэхдээ Трампын засаглах арга барил өөрчлөгдөх үү гэвэл миний хариулт бол үгүй.
Хиймэл оюун ухааны салбарын өсөлтийн эрч улс төрөөс үл хамааран аль хэдийн саарч эхэлсэн. Сонгуулийн өмнө ч хөрөнгийн зах зээл, ялангуяа хувьцааны зах зээл хиймэл оюун ухааны салбарт болгоомжтой хандаж байсан.
Тиймээс энэ удаагийн сонгуулийн үр дүн технологийн салбарын хувь заяаг дангаараа шийдэхгүй. Хиймэл оюун ухааны талаархи шүүмжлэл, болгоомжлол улс төрийн хүрээнээс аль хэдийн давсан асуудал болсон.
Харин зах зээлийн өнцгөөс харвал Холбооны нөөцийн сан (Federal Reserve) улс төрөөс хараат бус ажиллах боломжтой гэсэн хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэх нь ам.долларын ханшид эерэгээр нөлөөлж магадгүй.
Тайлбар: Энэ бол АНУ-ын завсрын сонгуулийн эцсийн дүн бус, санал хураалтын эхний үр дүн болон түүнд зах зээлийн шинжээчид өгсөн үнэлгээ юм. Тиймээс Ардчилсан нам Конгрессын хяналтыг бүрэн авсан гэж хараахан дүгнэж болохгүй.