
АНУ-ын завсрын сонгуульд Ардчилсан нам үнэмлэхүй ялалт байгуулсны дараа ам.долларын ханш суларч, хөрөнгө оруулагчид алт руу хошуурсан нь үнэт металлын үнийг огцом өсгөжээ.
Лхагва гарагт буюу өнөөдөр алтны үнэ 3 хувиар өсөв. АНУ-ын завсрын сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулсны дараа ам.долларын ханш огцом суларсан нь хөрөнгө оруулагчдын алт худалдан авах сонирхлыг нэмэгдүүлжээ. Үүний зэрэгцээ хөрөнгө оруулагчид АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн энэ долоо хоногт (баасан гарагт гарна ҮГ.МН) гарах үзүүлэлтүүдийг хүлээж байгаа юм. Энэ үзүүлэлт нь Холбооны Нөөцийн Банкны бодлогын хүүгийн цаашдын чиглэлийн талаар дохио өгөх болно.
Гринвичийн цагаар 09:28 цагийн (УБ цагаар 17:28) байдлаар дэлхийн зах зээл дээрх спот алтны үнэ нэг унц нь 4'046.91 ам.доллар болж, 3 хувиар өссөн байна. Харин арванхоёрдугаар сард нийлүүлэх АНУ-ын алтны фьючерсийн үнэ мөн 3 хувиар нэмэгдэж, нэг унц нь 4,057.20 ам.долларт хүрчээ.
Capital Economics компанийн цаг уур, түүхий эдийн зах зээлийн ахлах эдийн засагч Хамад Хуссейн:
АНУ-ын завсрын сонгуульд Ардчилсан нам үнэмлэхүй ялалт байгуулсан нь хөрөнгө оруулагчдын төсвийн нөхцөл байдалд санаа зовох болгоомжлолыг нэмэгдүүлж, улмаар алтны үнийг өсгөхөд нөлөөлсөн
гэж тайлбарлав.
Түүний үзэж байгаагаар төсвийн эрсдэлийн талаарх хөрөнгө оруулагчдын болгоомжлол нь бусад үнэт металлын үнийг ч мөн дэмжиж байна.
Ам.долларын ханш нэг сарын доод түвшинд хүрэв
АНУ-ын завсрын сонгуульд Ардчилсан нам Сенат болон Төлөөлөгчдийн танхимын аль алинд нь хяналтаа тогтоосон нь зах зээлд хүчтэй нөлөөлжээ. Тус нам Бүгд найрамдахчуудын уламжлалт түшиц газруудад хүртэл ялалт байгуулж, Ерөнхийлөгч Дональд Трампын бодлогыг эсэргүүцсэн сонгогчдын байр суурийг тодорхой харуулсан байна.
Сонгуулийн дүн гарсны дараа ам.долларын ханш огцом суларч, сүүлийн нэг сарын хамгийн доод түвшинд хүрчээ.
Мөн хөрөнгө оруулагчид хиймэл оюун ухааны салбарт тавих зохицуулалт чангарах магадлал болон, энэ нь эдийн засгийн өсөлтөд хэрхэн нөлөөлөхийг анхааралтай ажиглаж байна.
Ам.долларын ханш сулрах нь бусад валют эзэмшигчдийн хувьд ам.доллараар үнэлэгддэг алт худалдан авах зардлыг бууруулдаг. Ингэснээр алтны эрэлт нэмэгдэж, үнэ өсөх нөхцөл бүрддэг байна.
Хамад Хуссейн хэлэхдээ, инфляцын дарамтаас шалтгаалан Холбооны Нөөцийн Банк бодлогын хүүгээ өндөр түвшинд хадгалах, цаашлаад нэмэгдүүлэх хатуу байр суурь баримтлах магадлалтай. Өндөр хүү нь өөрөө хүүгийн орлого өгдөггүй алтыг эзэмшихэд эдийн засгийн өгөөжийг бууруулдаг гэжээ.
CME группийн FedWatch хэмээх зах зээлийн тооцооллын хэрэгслийн мэдээллээр арилжаачид Холбооны Нөөцийн Банк арванхоёрдугаар сард бодлогын хүүгээ нэмэгдүүлэх магадлалыг 83 хувьтай гэж тооцож байна.
Түүнчлэн алтны үнэ сүүлийн үед хөрөнгийн зах зээл, ялангуяа хувьцааны ханштай эерэг хамааралтай болж байгаа нь технологийн компанийн хувьцааны ханш үргэлжлэн унах тохиолдолд алтны үнэд ч сөргөөр нөлөөлж болзошгүй аж.
Хөрөнгө оруулагчид энэ долоо хоногийн баасан гарагт нийтлэгдэх АНУ-ын хөдөө аж ахуйн бус салбарын ажлын байрны статистикийг (Non-farm payrolls) хүлээж байна. Энэхүү үзүүлэлт нь ХНБ цаашид ямар бодлого баримтлахыг таамаглахад чухал нөлөө үзүүлэх юм.
Ойрх Дорнодын нөхцөл байдал ч үнэт металлын зах зээлд нөлөөлөх хүчин зүйл хэвээр байна. Ираны өндөр албан тушаалтан мягмар гарагт Ройтерс агентлагт мэдээлэхдээ, Иран болон АНУ-ын хооронд үргэлжилж буй дайныг зогсоох хэлэлцээрт хүрэхэд одоогоор хол байгааг мэдэгджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн дараа Ираны эсрэг цэргийн ажиллагааг дахин эхлүүлэх боломжийг үгүйсгээгүй.
Бусад үнэт металлын үнэ ч өсөв
Алтнаас гадна бусад үнэт металлын үнэ мөн мэдэгдэхүйц өссөн байна.
Үнэт металл Үнийн өсөлт Нэг унцын үнэ
Алт +3.0% $4,046.91
Мөнгө +4.4% $51.99
Платин +3.2% $1,461.58
Палладий +5.6% $985.64