
Ази, Номхон Далайн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Байгууллага (АПЕК)-ын гишүүн орнууд тарифын маргаан, нийлүүлэлтийн сүлжээний хүндрэлээс үүдэн хоорондоо санал зөрөлдөж байгаа ч энэ долоо хоногт БНХАУ-д болох дээд хэмжээний уулзалтаар санал зөрөлдөөнөө ардаа орхиж, хамтын зорилтуудаа нэгтгэсэн баримт бичигт хүрэх төлөвтэй байна.
Энэ тухай АПЕК-ийн өндөр албан тушаалтан мягмар гарагт Ройтерс агентлагт мэдээлжээ.
Аюулгүй байдлыг хангасан хиймэл оюун ухааны хэрэглээгээр дамжуулан эдийн засгийн бүтээмжийг нэмэгдүүлэх арга замыг эрэлхийлэхээс эхлээд өнөөг хүртэл цаасан баримт бичигт тулгуурласан, төвөгтэй гаалийн үйл ажиллагааг цахимжуулж хялбаршуулах хүртэл олон асуудлаар АПЕК-ийн гишүүн орнууд олон улсын худалдааны өргөн хүрээний ашиг сонирхлыг харгалзан хамтран ажиллаж ирсэн туршлагатай.
гэж тус байгууллагын Бодлогын дэмжлэгийн нарийн бичгийн дарга нарын газрын захирал Карлос Курияма хэлэв.
Дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 60 гаруй хувийг бүрдүүлдэг АПЕК нь Ази, Далайн орнууд, Хойд болон Өмнөд Америкийн Номхон далайн эрэг орчмын эдийн засгуудыг нэгтгэдэг.
Тус байгууллагад АНУ, БНХАУ зэрэг эдийн засгийн өрсөлдөгч их гүрнүүд ч багтдаг.
Гэсэн хэдий ч Вашингтон, Бээжингийн хооронд шинээр үүссэн хурцадмал байдал АПЕК-ийн хамтарсан мэдэгдлийг эцэслэн боловсруулах үйл явцад саад болохгүй гэж Курияма үзэж байна.
Энэ удаагийн хурцадмал байдал нь АНУ-ын талаас "Nvidia" компанийн үүсгэн байгуулагчдын нэг Женсен Хуанг БНХАУ-ын тагнуулчтай амрагийн холбоотой байсан гэх мэдэгдлээс үүдэлтэй гэж Ройтерс мэдээлжээ.
АНУ-ын төлөөлөгчид бусад улсын төлөөлөгчидтэй нягт хамтран ажиллаж, бид бүгдээрээ хүлээн зөвшөөрөх нэгдсэн мэдэгдэл гаргахын төлөө хүчин чармайлт гаргаж байгааг би харж байна.
гэж Курияма хэлэв.
Тэрбээр цааш нь хэлэхдээ, АПЕК-ийн бүх 21 гишүүн улс худалдаанд шаардлагагүй хязгаарлалт тогтоохын эсрэг байр суурь илэрхийлсэн бөгөөд худалдаа зөвхөн нээлттэй байхаас гадна шударга байх ёстой гэдэг дээр санал нэгдэж байгааг онцолжээ.
Мөн гишүүн орнууд хиймэл оюун ухааныг аюулгүй, хариуцлагатай ашиглах, эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлт болон нийгмийн өргөн хүрээний хөгжилд хиймэл оюун ухааныг хэрхэн ашиглах талаар хэлэлцэж эхэлсэн байна. Гэхдээ энэ асуудлаарх хамтарсан мэдэгдлийг хараахан эцэслээгүй байгаа аж.
Бүх улсын төлөөлөгчид өдөр, шөнөгүй ажиллаж байна. Пүрэв гарагт бид таатай мэдээ дуулгаж чадна гэж найдаж байна. Нэгдсэн байр суурь, нийтлэг ойлголтод хүрэхийн тулд тэд маш их хүчин чармайлт гаргаж байна.
гэж Курияма мэдэгджээ.