Түүхээ эргэн санацгаая
Тэртээ 1996 онд УИХ-ын 76 суудлыг 50:25:1 гэсэн ард түмний сонголтоор 1 эвсэл, 1 нам, 1 бие даан нэр дэвшигч хуваан суусан байдаг. Энэ үеэс л Ц.Элбэгдорж гэх хараалыг энэ нам хүрсэн гэхэд хилсдэхгүй. Ардчилсан намын түүхийн бүхий л томоохон зодоонд Ц.Элбэгдорж оролцдог. Өөрөө оролцохгүй ч С.Баярцогтыг араас нь тууж оролцуулан “Зодолцуулдаг”. Энэ “Зодоон” өнөөдөр ч үргэлжилж байна. 30 жилийн өмнөх М.Энхсайхан Засгийн газрыг унагасан “Зодооныг” Ц.Элбэгдорж зохион байгуулсан. “Зодооны” ялагчаар өөрөө тодорч Ерөнхий сайд болсон. Төд удалгүй төрийн өмчийн “Сэргээн босголт” банкийг хувийн Голомт банктай нэгтгэсэн булхай нь илрэн унаж байв. Тухайн үед С.Баярцогт УИХ-ын гишүүн байлаа. Тэрээр УИХ чуулган дээр Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг өмөөрч "Ааваа, ээжээ би..." гэж Түмний нэг кинонд гардаг шиг хэлээд элэг доог болж явсныг санах нэг нь одоо ч бий биз.
Ц.Элбэгдорж АНУ-д сурч ирснийхээ дараа Ерөнхий сайдын албыг 2 дахь удаагаа хашихад түүний гал тогоог хариуцахаар Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын даргаар С.Баярцогт томилогдож байв. Эндээс л энэ хоёрын “шуналт” хоршил эхэлсэн түүхтэй. Уг нь Ц.Элбэгдорж гаравлаараа Х.Баттулгатай (Ардчилсан Холбоо эвсэл) С.Баярцогт нь З.Энхболдтой (МСДН) илүү дотно холбоотой байх учиртай.
2008 оны долоодугаар сарын 1-ний хар өдөр буюу цус асгаруулсан цуглааны дараа (Уг цуглааны суурийг яах аргагүй Ц.Элбэгдорж Сүхбаатарын талбайгаас эхлүүлсэн) үнхэлцэг нь хагарах шахсан МАХН-ын дарга, Ерөнхий сайд С.Баяр Засгийн газартаа хамтрахыг Ардчилсан нам, түүн дундаа Ц.Элбэгдоржтой тохиролцож "Стандарт бус" Засгийн Газрыг байгуулсан түүхтэй. Ерөнхийдөө энэ үеэс МАНАН мафи гэдэг хэллэг эхлэлээ тавьсан.

2004 онд Ерөнхий сайдын албыг жил гаруй хашаад буусан Ц.Элбэгдоржийн хувьд ч МАХН-ын дарга С.Баярын хувьд ч нэг хүсэл дээр бодол огтлолцож байсан нь "Оюу Толгой" хөрөнгө оруулалтын гэрээ байлаа.
Роберт Фрийдлэндийн “Айванхоумайнз” компаниас “Рио Тинто” компанид шилжсэн "Оюу Толгой" лицензийг баталгаажуулсан Хөрөнгө Оруулалтын Гэрээг хийх нь ихээхэн унацтай ажил гэдгийг Ц.Элбэгдорж ч тэр, С.Баяр ч мэдэхийн дээдээр мэдэж байсан. Тиймдээ ч Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаярын эсрэг С.Баяр ажиллаж Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч болгосон. Энд л тэдний шуналын хүсэл нэгдсэн байдаг.
Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч гэж хэлүүлж бичүүлэх дуртай Н.Энхбаяр "Оюу Толгой" гэрээн дээр эсрэг байр суурьтай байснаас болж С.Баяр миний эсрэг ажилласан гэдгийг өнөөдөр ч ярьсаар яваа. Үнэхээр 2009 онд Н.Энхбаяр Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон бол өнөөдрийнх шиг “Оюу Толгой” гэрээг хийгдэхгүй байсан нь тодорхой.
Н.Энхбаяр шударгадаа биш л дээ С.Баяр, Ц.Элбэгдорж нараас хамаагүй алсыг хардаг, илүү “шуналтай” учраас “Рио Тинто” компанитай яаж “тоглохоо” мэдэж байсан биз. Н.Энхбаярын хажууд С.Баяр, Ц.Элбэгдорж нарын нэгдэл нь “жижиг гарын халаасны хулгайчид”гэчихэд хол зөрөхгүй.
Н.Энхбаярын ОХУ-тай хийсэн өр тэглэх хэлэлцээр бол энэ дэлхийн 8 тэрбум хүний цөөхөн нь хийж чадах "гайхалтай сайн" хэлэлцээр байсан. Яг энэ эрчээрээ “Рио Тинто” компанитай Ерөнхийлөгч Н.Энхбаярын нударга дор “Оюу Толгой” гэрээ хийсэн бол Монголчууд ирэх онд биш нэлээн олон жилийн өмнөөс ногдол ашгаа хүртээд сууж байх байсан нь баараггүй л болов уу.
Харамсалтай нь түүхэнд ХЭРВЭЭ гэж байдаггүй.
Үнэхээр С.Баяр, Ц.Элбэгдорж, С.Баярцогт нарын хамтрал нь “Түмний нэг” кинон дээр гардагчлан "Жараахайны л загасчид". Хэрвээ өнөөдөр “Оюу Толгой” гэрээг байгуулсан бол С.Баяр нефть түлш нийлүүлэх гэрээ биш, С.Баярцогт ( дотоод мэдээлэл ашиглан 1 сая ам.доллар завшсан нь тусдаа асуудал) катренгийн үйлчилгээ авах биш “Рио Тинто” компанийн тодорхой хувийг нэхээд сууж байх байсан болов уу!
Ц.Элбэгдорж 2016 онд хийсэн Дубайн гэрээг С.Баярцогтоор бус Ч.Сайханбилэгээр хийлгэсэн нь замын дундаас С.Баярцогтыгоо жийсэн гэхээсээ С.Баярцогт ард түмний хэл амнаас айгаад Дубайн гэрээний эсрэг байсан дүр эсгэсэн байх магадлалтай. Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөс буунгуут улс төрийн хамгаалалтгүй болж ялаа үүрнэ гэдгээ ч гадарлаж байсных биз.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 8 жил төрийн тэргүүнд залагдах хугацаанд олон дайсантай болсон нь тодорхой. Тиймээс ч албан тушаалаасаа буугаад гадагшаа гарч амьдарна гэдгээ эрт харж мөнгө хураахыг хичээсэн нь хэд хэдэн үйл явдлаар ул мөрөө үлдээсэн.
Эрх мэдэл, нөлөөгөө ашиглан мөнгө босгох хоёр том төсөл байсан нь "Эрдэнэт үйлдвэр", “Оюу Толгой" байж. Үүнийг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч чадварлагаар ашигласан. Ингэхдээ 1996 оноос өөрийнх нь Засгийн Газарт Гэгээрлийн сайдаар ажиллаж байсан бараг улстөрийнх нь карьерт С.Баярцогтоос илүү цүнхийг нь барьж явсан Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар тавих ажиллагааг эхлүүлж, санасандаа хүрсэн.
С.Баярцогтыг бодвол ард түмэнд нүд үзүүрлэгдэж үзээгүй, гэнэн, өмнө нь Ц.Элбэгдоржийн буянаар "Сувгаа битгий солиорой" гэж суусан түүний МҮОНРТ-ийн талкшоуны суудал гэнэт сайдын сэнтий болж амь амьжиргаагаа ахиулсан тул Ц.Элбэгдоржид тахимдуу байх нь гарцаагүй бөгөөд шууд хөдөлгөх утсан хүүхэлдэй байх нь ч тодорхой харагдаж байв.
Ч.Сайханбилэгт залуугаас нь, эсвэл удамшсан ч юм уу өөрийгөө дөвийлгөх дон гэх үү нэг тийм сагсуу зан бий. Ямар сайндаа л “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирлын хүүхдэд тоо заасан гэж онгирч явах вэ дээ. Энэ нь угтаа хууль хэрэгждэг улс оронд бол үгсэн хуйвалдсан гэдгээр эрүүгийн ялтай хэрэг байж болох нөхцөл.
Манай улсын тусгай албад тусгай хамгаалалтад байх хүмүүсээ “Рио Тинто” компанийн захирлынхаар хэсүүлээд, Жеффри Эйпштэйнтэй хоол унд идүүлээд, архидуулаад байснаасаа сургамж авч анхаармаар!!!
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж руугаа эргээд орцгооё. Түүний “шунал”-ын сувдаг стартеги биеллээ олж буухаасаа өмнө “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын 49 хувийг ХХБ-ны Сахал хочит Д.Эрдэнэбилэгт, Оюу Толгойг “Рио Тинто”-ийнхонд ашигтайгаар тохирч чадсан. Бараг л бүтэх шахсан, бүтсэн бол дэндүү ганган наймаа байх байлаа.
Саяхан Ерөнхий сайд Н.Учиралын өөрийн нийгмийн сүлжээндээ бичиж санаа алдсан "Монголын заяа их" гэдгээр 2016 оны сонгуулиар МАН-ынхан үнэмлэхүй олонх болж Ч.Сайханбилэгийн хийсэн гэрээг хууль бус, УИХ-аар хэлэлцүүлээгүй, мөн “Эрдэнэт” үйлдвэрийг ч хууль бус хувьчилсан гэж үзэн Ч.Сайханбилэгийн хийсэн гэрээнүүдийг үгүйсгэснээр Ц.Элбэгдоржийн гийсэн аз нь энэ цагаас эхлэн харьсан.
Ингээд МАНАН бүлэглэлийн С.Баяр, С.Баярцогт нар нь шоронд орж, Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж нар АНУ-руу зугатсан.
Ц.Элбэгдорж “9 жил илүү ажилласан. Одоо энэ үйлдвэрийн хаалт хөгжлийн тухай ярих цаг болсон. Хаалт хөгжлийн хуулт гээд зарим их хурлын гишүүд санаачилсан сонсогдсон. Ойрын 10 жил энэ үйлдвэр өр зээлээ төлөөд цаашаа яаж явах вэ? Эрдэнэт үйлдвэр саалийн үнийн гэгдэж талын нутгийн өвсөнд дунд явсан тарган цатгалан явсан цаг үе бий. Одоо бол эмчилгээ тэжээлийн цэгт очсон. Одоо бол хөгширсөн, одоо дэмжлэг хэрэгтэй. Одоо энэ үйлдвэрт тордолт хэрэгтэй” гэж хэлээд УИХ гишүүдийн эсэргүүцэлтэй тулгараад “Олны олон хүнээ барихгүй шүү” гэж хэлээд УИХ-ын танхимаас гишүүдэд хөөгдөж гарсныг youtube архив ухвал байж л байгаа.
Ц.Элбэгдорж АНУ-руу зугтаж, С.Баярцогт орон шоронд хоригдож, Х.Баттулга Ерөнхийлөгч болоод завгүй байх үед АН арай нэг цэвэршиж, шинэ залуучуудаар удирдлагаа сольж нам шиг нам болох гэж байв. Гэтэл ахиад л бахь байдгаараа.
2025 онд болсон МАН-ынхан VII дугаар бага хурал дээрээ Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарыг баалсан гол шалтгаан бол бараг нүдээ аньж байсан Ардчилсан намыг эргэн сэргээж бүүр засагт хамтруулсанд нь дургүйцсэн. Ардчилсан намтай нийлж намынхаа буюу МАН-ын гол санхүүжүүлэгч “MCS”-ийн эсрэг хөдөлсөнд нь ч өш санасан биз. Ингээд тэднийг МАН-ын удирдлагаас бүүр цаашлаад намаас хөөх дээрээ тулаад буй.
Үнэхээр ч МАН-ын Л.Оюу-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар УИХ гишүүдийн тоог 126 болгон АН, ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл зэрэг нам, эвслийн төлөөллийг УИХ-д оруулах боломжийг нээсэн нь маргашгүй үнэн. Хэрэв Үндсэн Хуульд ийм өөрчлөлт оруулалгүй УИХ 76 гишүүнтэй байсан бол манай улс “ХААН” өлгийдөж авах байлаа. 2025 оны НҮБ-ын чуулганд очихдоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ц.Элбэгдоржтой тэврэлдэн зураг авахуулж тэр нь хэвлэлд гарснаар Ц.Элбэгдорж дахин “амилсан”. Мэдээж тэр амилсан тул С.Баярцогт ч амилах нь зүй.
Түүний амилалт өнөөдөр Ардчилсан намыг хагалан бутаргаж ахин нэг даалгавар биелүүлж буйгаар “үнэ” орж байна.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...