Австралийн барууны үзэлт Консервативууд "Викториа" мужид зүүний үзэлт Лейбористуудыг ялж, "Нэг үндэстэн" намын амжилтыг хязгаарлалаа.

Бямба гарагт Австралийн Викториа мужид болсон сонгуульд консерватив хүчнүүд ялалт байгуулж, цагаачлалын эсрэг байр суурьтай "Нэг Үндэстэн" намын томоохон амжилтад хүрэх боломжийг хаалаа.
Ингэснээр зүүний үзэл баримтлалтай Лейборист намын засгийн газар олон жилийн турш тус намын түшиц газар гэгдэж ирсэн мужид эрх мэдлээ алдсан байна.
Барууны талын үзэл баримтлалтай Либерал–Үндэсний эвсэл мужийн парламентын доод танхимын 88 суудлаас дор хаяж 49-ийг нь авсан гэж Австралийн Өргөн Нэвтрүүлгийн Корпорац (ABC)-ын санал тооллогын явцад гаргасан урьдчилсан дүн харуулжээ. Энэ нь Лейборист намын тус муж дахь 12 жилийн засаглалыг эцэслүүлж байна.
Викториа мужийн Либерал намын тэргүүн, 36 настай Жесс Уилсон мужийн хамгийн залуу бөгөөд анхны эмэгтэй Ерөнхий сайд болох юм.
Викториагийн иргэд мужийг өнөөгийн явж буй чиглэлээр нь цааш үргэлжлүүлэхийг зөвшөөрөхгүй гэдгээ тодорхой илэрхийллээ.
хэмээн Уилсон мэдэгдэв.
ABC сувгийн мэдээлснээр, Лейборист нам одоогийн байдлаар ердөө таван суудал авах нь тодорхой болсон бөгөөд өмнөх сонгуулиар авсан 54 суудлынхаа ихэнхийг алдлаа. Тус нам сонгуулийн түүхэн дэх хамгийн муу үр дүнгээ үзүүлэх төлөвтэй байгаа ч 26 тойргийн саналын тооллого эцэслээгүй байгаа юм. Харин Зүүний үзэлтэй Ногоон нам долоон суудал авсан байна.
Энэхүү үр дүн нь эдийн засгийн ижил төстэй дарамттай тулгарч буй, удахгүй сонгууль явуулах Шинэ Өмнөд Уэльс муж болон холбооны түвшний Лейборист засгийн газруудад түгшүүрийн дохио өгч байгаа юм.
Гэхдээ энэ удаагийн мужийн сонгууль нь Европ болон Хойд Америкийн улс төрийг өөрчилж буй популист хүчнүүд Австралид хараахан нөлөөтэй болж чадаагүйг тус улсын улс төрийн гол хүчнүүдэд харуулж, тайвшрал төрүүлж байж магадгүй.
1997 онд улс төрийн хурц байр суурьтай Полин Хэнсоны байгуулсан Нэг Үндэстэн нам сүүлийн нэг жилийн хугацаанд орон сууцны үнэ, цагаачлал, амьжиргааны түвшний асуудлаарх иргэдийн бухимдал нэмэгдсэнтэй холбоотойгоор дэмжлэг нь өсөөд байсан юм.
Гэвч ABC-ийн урьдчилсан тооцоогоор тус нам ердөө нэг суудал авах төлөвтэй байна.
Нэг Үндэстэн нам улс төрийн гол урсгалаас гадуур байр суурьтай байсаар ирсэн. Австралийн холбооны түвшний консерватив эвсэл 2025 онд сонгуульд ялагдал хүлээсний дараа Нэг Үндэстэн өөрийгөө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Германы “Альтернатив für Deutschland” (AfD), Их Британийн “Reform UK” намуудтай адил Австралийн улс төрийн нөлөөтэй хүч болгохыг зорьсон.
Гэвч Викториа мужийн сонгуулийн үр дүнгээс харахад Австраличууд засгийн эрхийг эсэргүүцэгч хөдөлгөөнүүдэд даатгахаас илүүтэй улс төрийн гол намуудаар дамжуулан бухимдлаа илэрхийлэх нь илүүтэй байж болзошгүй байна.
Нэг Үндэстэн нам өмнөх 2022 оны сонгуулиар ердөө таван тойрогт нэр дэвшиж байсан бол энэ удаа парламентын доод танхимын бүх 88 тойрогт нэрээ дэвшүүлжээ. Тус нам засгийн эрхийг авахын төлөө өрсөлдөж байгаагаа мэдэгдсэн юм.
Хэнсон бямба гарагт намынх нь зорилго үргэлж “Лейбористууд болон энэ мужийн хор хөнөөлтэй Ногоон намыг зайлуулах” байсныг хэлээд “Бид үүнийг хийж чадлаа” гэж мэдэгдэв.
“Бид зорьсон зүйлдээ хүрсэн” хэмээн тэрээр Нэг Үндэстэн намын Викториа муж дахь тэргүүн Уоррен Пикерингийн хажууд зогсож байхдаа хэлжээ. ABC-ийн урьдчилсан тооцоогоор Пикеринг өөрийн өрсөлдсөн тойрогт ялагдах төлөвтэй байгаа.
Лейборист намын ялагдалыг урьдчилан таамаглаж байсан юм. Тус нам засгийн эрх барьж байх хугацаандаа Мельбурн хотод дэлхийн хамгийн урт хугацааны хөл хориог хэрэгжүүлсэн нь цар тахлын үеэр зарим сонгогчдын итгэл алдархад хүргэсэн. Мөн муж улсын өр Австралийн мужуудаас хамгийн өндөр хэмжээнд хүрсэн нь засгийн газрыг шүүмжлэх шалтгаан болжээ.
Викториагийн иргэд саналаа өглөө. Тэдний мессеж тодорхой байна: Тэд өөрчлөлт хүсэж байна.
хэмээн Лейборист намын Ерөнхий сайд Бен Кэррол мэдэгдэв. Тэрээр өөрөө суудлаа алдсан Лейбористуудын гишүүдийн нэг юм.