
Нью-Йорк хотын захирагч асан, "Блумберг" агентлагийн үүсгэн байгуулагч Майкл Блумберг олон жилийн турш хамтран амьдарсан найз бүсгүй Диана Тэйлортойгаа өнгөрсөн даваа гарагт хуримаа хийжээ.
Өдгөө 84 настай Блумберг, 71 настай Тэйлор нар Нью-Йоркийн Манхэттэн дүүргийн Upper East Side дахь гэртээ гэр бүлийнхнийхээ хүрээнд, цомхон бөгөөд хувийн ёслол зохион байгуулж, гэрлэлтээ батлуулсан байна. Ёслолд Блумбергийн охид Эмма, Жоржина нар оролцжээ.
Энэ талаар Блумбергийн хэвлэлийн төлөөлөгч албан ёсны мэдэгдэлдээ дурдсан байна.
Хосууд санамсаргүй тохиолдлоор танилцсанаас хойш 26 жил өнгөрчээ.

Блумбергийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, тэд анх Нью-Йорк хотын захирагчийн сонгуульд Блумбергийг нэр дэвшиж байх үед Иргэдийн төсвийн хорооны (Citizens Budget Commission) нэгэн хуралд зэрэгцэн сууснаар танилцжээ.
Тэрбумтан, буяны үйлсийг дэмжигч Майкл Блумберг Нью-Йорк хотын захирагчаар гурван удаа сонгогдон ажилласан бөгөөд 2020 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн ч ялагдсан юм.
Тэрээр өмнө нь 1976 онд анхны эхнэр Сюзан Браунтай гэрлэж байсан бөгөөд тэд 1993 он хүртэл хамт амьдарчээ.
Диана Тэйлор ч мөн өмнө нь гэрлэж байсан нэгэн. Тэрбээр 2021 онд Нью-Йорк хотын Балетын театрын Удирдах зөвлөлийн даргаар томилогдсон юм.
Тэйлор 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр тухайн үед найз залуу нь байсан Блумбергийг хамгаалан мэдэгдэл хийж, эмэгтэйчүүдийн талаар доромжилсон үг хэлж байсан гэх шүүмжлэлд хариу өгч байв.
Тухайн үед Блумбергийг дэмжигч “Women for Mike” арга хэмжээний үеэр Техас мужид үг хэлэхдээ CBS News-т өгсөн ярилцлагадаа:
Тэр явдал болоод 30 жил өнгөрсөн. Одоо больцгооё, цаашаа явцгаая.
хэмээн шүүмжлэгчдэд хандан хэлж байжээ.
Мөн тэрээр:
Тэдгээр тохиолдлын алинд нь ч түүнийг эмэгтэй хүнд муухай үг хэлснээс өөр зүйлд буруутгаагүй. Гэхдээ тэр бол Майклын жинхэнэ төрх биш. Амьдрал түүнийг өөрчлөгдсөн.
гэжээ.
Үүний зэрэгцээ Тэйлор:
Би өөрөө ч тэр үеийн нийгмийн соёлд өссөн. Эрэгтэйчүүд давамгайлсан, эмэгтэйчүүдийг үл хүндэтгэх хандлага түгээмэл байсан үе. Гэхдээ бид энэ тал дээр маш их урагшилсан. Майкл Блумберг ч энэ өөрчлөлтийг манлайлагчдын нэг байсан.
хэмээн ярьж байжээ.
Блумбергийг Нью-Йорк хотын захирагчаар ажиллаж байх хугацаанд Диана Тэйлор тухайн үеийн амбан захирагч Жорж Патакигийн засаг захиргаанд Нью-Йорк мужийн Банкны хяналтын газрын даргаар ажиллаж байсан юм.
Тэрбээр мөн Блумбергийг хотын захирагч байх хугацаанд Хотын захиргаанд зохион байгуулагддаг олон нийтийн арга хэмжээнд байнга хамт оролцдог байжээ.
Улс төрийн намын харьяаллаа карьерынхаа турш хэд хэдэн удаа өөрчилж байсан Блумберг өнгөрсөн сарын завсрын сонгуулийн өмнө Ардчилсан намын нэр дэвшигчдийг дэмжихэд 80 сая ам.доллар хандивласан талаар The New York Times сонин мэдээлжээ.

Майкл Рубенс Блумберг (Michael Rubens Bloomberg) нь Америкийн бизнесмен, тэрбумтан, хэвлэл мэдээллийн магнат, улс төрч, буяны үйлстэн юм. Тэрбээр дэлхийн санхүүгийн мэдээлэл, бизнесийн хэвлэл мэдээллийн салбарт томоохон байр суурь эзэлдэг Bloomberg LP компанийг үндэслэгч бөгөөд Нью-Йорк хотын 108 дахь захирагчаар гурван удаа сонгогдон ажиллажээ.
1981 онд Innovative Market Systems нэртэй компанийг байгуулсан нь хожим дэлхийд алдартай Bloomberg LP болсон юм.
Тус компани санхүүгийн зах зээлийн мэдээлэл, хувьцаа, валют, бонд, түүхий эдийн ханш, эдийн засгийн үзүүлэлт, хөрөнгө оруулалтын шинжилгээг нэг системээр дамжуулан хүргэдэг Bloomberg Terminal бүтээгдэхүүнээрээ дэлхийд танигдсан.
