
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун БНХАУ-ын хилийн ойролцоо байгуулж буй аялал жуулчлалын бүсийн бүтээн байгуулалтын явцтай танилцжээ.
Энэ үеэр АНУ болон ОХУ-ын албаны хүмүүсийн мэдэгдлээс үүдэн Ким Жон Ун Хятадад айлчлах эсэх тухай таамаг дахин хүчтэй өрнөж байна.

Мягмар гарагт Хойд Солонгосын төрийн мэдлийн KCNA агентлагийн мэдээлснээр, Ким Жон Ун өнгөрсөн ням, даваа гарагуудад Самжиён хотын нисэх онгоцны буудлын сэргээн засварлалт, жуулчдад зориулсан төмөр замын шугам, цанын баазын үйл ажиллагаатай танилцжээ.
Тэрбээр амралтын газрын зочид буудал, жуулчны байр, орон сууцны барилгуудыг шалгаад, бүх зүйл өөгүй хийгдсэн бөгөөд хамгийн өндөр үнэлгээ авахуйц болсон хэмээн дүгнэсэн байна.

Энэхүү шалгалт нь Хойд Солонгосын нууцлаг удирдагч гадаад улсад айлчлах эсэх талаарх таамаг дахин идэвхжсэн үед болж байна.
Өнгөрсөн даваа гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ долоо хоногт БНХАУ-д Ким Жон Унтай уулзаж магадгүй гэдгээ мэдэгдсэн юм.
Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Интерфакс агентлагт өгсөн ярилцлагадаа, хэрэв Ким Жон Ун энэ долоо хоногт Шэньжэнь хотод болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (АПЕК) дээд хэмжээний уулзалтад оролцвол Ерөнхийлөгч Путин түүнтэй уулзаж магадгүй гэж хэлжээ.
KCNA агентлагийн нийтэлсэн гэрэл зургуудад Ким Жон Ун охин Жү Э-гийн хамт цаст уулын энгэрт байрлах зочид буудлуудаар явж, аялал жуулчлалын байгууламжуудыг шалгаж буйгаар гарсан байна.

Цагаанөнгөтэй цанын хувцас өмссөн Жү Э цанын баазад цанаар гулгаж буй зураг ч нийтлэгджээ. Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага түүнийг Ким Жон Уны залгамжлагч болгон бэлтгэж байгаа гэж үздэг.
Ким Жон Ун нисэх онгоцны буудлын хөөрч, буух зурвасыг өргөтгөхдөө Олон улсын иргэний нисэхийн байгууллагын (ICAO) стандартыг хатуу мөрдөхийг үүрэг болгосон гэж KCNA мэдээлжээ.
Түүнчлэн тэрээр Пэктү ууланд авирч, шинэчлэн засварласан дүүжин тээврийн станц болон Тэнгэр нуур орчмын бүтээн байгуулалтын ажилтай танилцсан байна. Удирдагч бүх барилга байгууламжийг хамгийн өндөр чанарын түвшинд барихыг шаардаж байгаа аж.
Үүнтэй зэрэгцэн Хойд Солонгосын эрх баригч Хөдөлмөрийн намын Төв хорооны нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны Тэргүүлэгчдийн гишүүн Жо Ён Вон ОХУ-ын Москва хотод Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсан тухай Интерфакс болон ТАСС агентлагууд мэдээлсэн.
Даваа гарагт Жо Ён Вон Москвад болсон форумд үг хэлэхдээ, Вашингтоны Пхеньянд чиглэсэн “удаан хугацааны турш үргэлжилж буй дайсагнасан бодлого”-ын улмаас Хойд Солонгосын эргэн тойрны аюулгүй байдлын нөхцөл байдал улам аюултай чиглэлд шилжиж байна гэж мэдэгдсэн байна.
Даваа гарагт Өмнөд Солонгосын Нэгдлийн яам арваннэгдүгээр сарын 14-нөөс хойш ОХУ-д айлчилж буй Хойд Солонгосын төлөөлөгчид энэ долоо хоногт Хятадад болох АНУ-Хятад-Оросын дээд хэмжээний уулзалтын өмнөхөн тус улсад очсоныг онцолжээ. Тус яам цаашдын үйл явцыг анхааралтай ажиглахаа мэдэгдсэн байна.
Нөгөө талаар Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский даваа гарагт мэдэгдэхдээ, тагнуулын мэдээллээр ОХУ Хойд Солонгосоос сар бүр хэдэн арван ширхэг баллистик пуужин шинээр хүлээн авч байгаа гэжээ.
Энэ нь Москва, Пхеньяны цэргийн хамтын ажиллагаа улам гүнзгийрч байгааг харуулж буй нэгэн баримт болж байна.