
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн зөвлөлийн Ажлын албаны дарга Т.Энхбаяр тэргүүтэй зөвлөлийн гишүүд Боловсролын салбар дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах орон тооны бус дэд зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэний сурч боловсрох эрхийн хэрэгжилтэд сонсгол зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Боловсролын яамны бүтцийн нэгжийн дарга нар, дэд зөвлөлийн гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир хөгжлийн бэрхшээлтэй хүнийг боловсролд тэгш хамруулах талаар баримталж, буй бодлого, хэрэгжилт, үр дүн, цаашид анхаарах асуудлын талаар танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Боловсролын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд хүүхэд бүр гэрт ойр сургууль, цэцэрлэгтээ тэгш хамрагдан суралцах боломж бүрдэж, сургалтын байгууллага бүр тохируулгат орчин, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлсний үр дүнд 2025-2026 оны хичээлийн жилд бүх түвшний сургалтын байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй 11385 суралцагч суралцаж байна. Энэ нь 2022-2023 оны хичээлийн жилтэй харьцуулахад сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хамрагдалт хоёр дахин, нийт хамрагдалт 43.0 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролд хамрагдалт нэмэгдэхийн хирээр тохируулгат орчны хэрэгцээ, шаардлага, хүүхэд бүрд чиглэсэн ганцаарчилсан сургалтын чанарт анхаарах, багш, хүний нөөцийг нэмэгдүүлэх, үнэлгээг сайжруулах шаардлагатай байгааг онцолж, цаашид Засгийн газрын 2026 оны 17 дугаар тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврын дагуу “Цогц хөгжлийг дэмжих төлөвлөгөө (2026–2028)”-г баталж, салбар дундын хамтын ажиллагаагаа илүү сайжруулж, боловсролд хамрагдалтыг нэмэгдүүлэх асуудлыг тасралтгүй анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Боловсролын яамнаас 2027 онд боловсролын гадна байгаа хүүхдийг илрүүлж, хамруулах, хэрэгцээнд нийцсэн сургалт, сургууль, цэцэрлэгт суурилсан дэмжих үйлчилгээг хөгжүүлэх, Эрт оролцоог дэмжих, сургуульд бэлтгэх хөтөлбөр боловсруулах, хэрэгцээнд суурилсан хүний нөөцийг чадавхжуулах сургалтуудыг тасралтгүй зохион байгуулна.
Мөн мэргэшсэн багш, багшийн туслах, дэмжих үйлчилгээний мэргэжилтний хүрэлцээг нэмэгдүүлэх, багш, ажилтны арга зүй, мэргэжлийн ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх, ICF-ээр үнэлэх багш нарыг бэлтгэж, үнэлгээний аргачлал боловсруулах, орчин, хүртээмжийг сайжруулахад анхаарч, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр төлөвлөөд байна.
Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн саадгүй, аюулгүй орчныг бүрдүүлж, туслах технологи, тохирох хэрэглэгдэхүүн, дэмжих танхимын хүртээмжийг нэмэгдүүлэх, боловсролын салбарт хэрэгжүүлэх ЭНХАУС мега төслийн хүрээнд сургуулиудын хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана.