


ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮРТЭЭМЖИЙГ 96 ХУВЬД ХҮРГЭСЭН БОЛ ЦААШИД БАГШИЙН АЧААЛЛЫГ БУУРУУЛЖ, ХҮҮХЭДТЭЙ АЖИЛЛАХ ЦАГИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн нийслэлийн цэцэрлэгийн багш, ажилтнуудын төлөөлөлтэй хийсэн уулзалтад Боловсролын сайд Л.Энх-Амгалан оролцож, сургуулийн өмнөх боловсролын салбарт хэрэгжүүлж буй бодлого, цаашдын зорилтын талаар танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газраас 2022 оноос хэрэгжүүлсэн “Сугалаагүй цэцэрлэг” бодлогын үр дүнд сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 96 хувьд хүрээд байна. Хүртээмжийг нэмэгдүүлсэн бодлогын дараагийн шатанд сургалтын чанар, хүүхдийн цогц хөгжил, багшийн ажиллах нөхцөлийг сайжруулахад анхаарч байна.
Энэ хүрээнд “Гэрт ойр цэцэрлэг – хамгийн сайн цэцэрлэг” бодлогыг дараах гурван чиглэлээр хэрэгжүүлнэ.
ХҮҮХЭД БҮРИЙН ЦОГЦ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИНЭ
2025–2026 оны хичээлийн жилээс сургуулийн өмнөх боловсролын шинэчилсэн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Хүүхэд өөрийн болон бусдын сэтгэл хөдлөлийг ойлгох, хүрээлэн буй орчноо танин мэдэх, эх хэлний суурь чадвараа тоглонгоо эзэмших боломжийг бүрдүүлж байна.
БАГШИЙН АЖЛЫН АЧААЛЛЫГ БУУРУУЛНА
Хүүхдийн хөгжлийн ахиц, өөрчлөлтийн ажиглалтыг хиймэл оюунд суурилсан цахим системд шилжүүлж байна. Уг системийг бүх багшид нэвтрүүлснээр нэг өдрийн ажлын ачааллыг дор хаяж 30 хувиар бууруулах урьдчилсан тооцоололтой.
Мөн багшийн ажлын нормыг боловсруулж, хөдөлмөрийн үнэлэмжийг бодитой болгохын зэрэгцээ ирэх хоёр жилийн хугацаанд нэг багшид ногдох хүүхдийн тоог бууруулна.
ЦЭЦЭРЛЭГ БҮРД ЭРҮҮЛ, НОГООН, ХҮРТЭЭМЖТЭЙ, АЮУЛГҮЙ ОРЧИН БҮРДҮҮЛНЭ
Цэцэрлэгийн барилгын материал, дотоод агаарын чанар, хүүхдийн хоол хүнс, ундны ус, гадаа тоглох орчны аюулгүй байдлыг хангаж, эрүүл, ногоон, хүртээмжтэй, аюулгүй орчны стандартыг хэрэгжүүлнэ.
Түүнчлэн “Тэрбум мод”, “Эх оронч Монгол”, “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнүүдийг сургуулийн өмнөх боловсролын бодлого, сургалтын хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлж байна.
Хүүхдийн хөгжил, төлөвшлийн суурь бага насанд тавигддаг. Тиймээс хүүхэд бүрд чанартай боловсрол, аюулгүй орчин, хөгжих тэгш боломж олгох нь сургуулийн өмнөх боловсролын салбарын тэргүүлэх зорилт юм.