
АНУ-ын томоохон хэвлэлүүд Жон Оссоффын талаар дараах мэдээллийг гаргаж байна.
-АНУ-ын Жоржиа мужийн сенатор Жон Оссофф завсрын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсныхаа дараа 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших хамгийн өндөр магадлалтай улстөрчдийн нэг болжээ.
-АНУ-ын сенатор, Ардчилсан намын гишүүн Жон Оссофф энэ удаагийн завсрын сонгуулийн хамгийн том ялагчдын нэг болж, ирэх 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломж нь эрс нэмэгдлээ.
-Жоржиа мужаас сонгогдсон сенаторын хувьд тэрбээр Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалаар Polymarket бооцооны платформын жагсаалтыг тэргүүлэх болжээ. Тус платформын тооцоогоор Оссофф Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших 24 хувийн магадлалтай байгаа нь өмнөх өдрөөс есөн нэгж хувиар өссөн үзүүлэлт юм.
Харин 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах магадлал нь өмнөх өдрийн 10.5 хувиас 18 хувь болж нэмэгджээ. Ингэснээр тэрээр хоёрдугаарт бичигдэж буй Ардчилсан намын улстөрч Александриа Окасио-Кортесоос дөрвөн нэгж хувиар, АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жей Ди Вэнсээс таван нэгж хувиар илүү үзүүлэлттэй байна.
Жон Оссофф Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Майк Коллинзийг илт давуу ялж, 2.4 сая гаруй хүний санал буюу нийт саналын 58.9 хувийг авчээ.
39 настай тэрбээр АНУ-ын Сенатын хамгийн залуу гишүүн бөгөөд 2021 оны дахин санал хураалтын дараа сенатчаар сонгогдсон юм.
Сонгуулийн дараах ялалтын баярын үеэр тэрээр дэмжигчдийнхээ өмнө үг хэлэхдээ Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааг хурцаар шүүмжилж, түүнийг улс төрийн нөлөө нь буурч буй “Бүрэн эрхийн хугацаа дуусах шатандаа орсон Ерөнхийлөгч” хэмээн тодорхойлжээ.
Жон Оссоффыг АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обаматай харьцуулах нь нэмэгдээд байна. Тэрээр олны анхаарлыг татахуйц илтгэх ур чадвартай, дэвшилтэт үзэл баримтлал болон төвийн чиглэлийн бодлогыг хослуулдаг, харьцангуй залуу үеийн улстөрч гэдгээрээ Обаматай төстэй гэж ажиглагчид үзэж байна.
Оссофф сонгуулийн дараах цуглаан дээр хэлсэн үгэндээ:
Бидний зорилго зөвхөн нэг Ерөнхийлөгчийн хор хөнөөлтэй үйлдлийг хязгаарлах төдий биш. Харин үүний цаана үүссэн нийгмийн хагарал, эвдрэлийг арилгах явдал гэдгийг бид хамтдаа батлан харууллаа.
гэжээ.
Мөн тэрээр:
Америкийн ард түмэн бүтэлгүйтсэн Ерөнхийлөгч Дональд Ж.Трампын ёс суртахууны доройтол, авлига, чадваргүй байдлыг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.
хэмээн мэдэгдсэн байна.
Жон Оссоффын сонгуулийн тойрог анхнаасаа Бүгд найрамдахчуудын гол байнуудын нэг байв. Учир нь 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялалт байгуулсан мужид дахин сонгогдохоор өрсөлдөж буй цорын ганц Ардчилсан намын сенатор нь Жон Оссофф байсан юм.
Гэсэн хэдий ч тэрээр Трампын засаг захиргааг эрс шүүмжилсэн сонгуулийн кампанит ажлынхаа үр дүнд ялалт байгууллаа.
Жон Оссофф Трампыг эрх мэдлээ хувийн санхүүгийн ашиг сонирхлын төлөө ашиглаж, улс орны эдийн засаг, улс төрийн үндэс суурийг сулруулж байна хэмээн буруутгаж байв.
Түүний өрсөлдөгч Майк Коллинз Оссоффын кампанит ажлын эрч хүчийг сааруулж чадсангүй. Жон Оссофф сонгуулийн үеэр Коллинзыг өмнөх олон нийтийн сүлжээний нийтлэлүүдтэй нь холбоотойгоор арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй хэмээн удаа дараа шүүмжилж байсан юм.
Ингэснээр Жон Оссофф өмнө нь Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвших ихээхэн магадлалтай хүнээр тооцогдож байсан Александриа Окасио-Кортестой өрсөлдөхүйц байр сууринд хүрч байна.
Түүнчлэн өмнө нь нэр дэвших магадлал нь Polymarket дээр 40 хувьд хүрч байсан Калифорни мужийн захирагч Гэвин Ньюсомын үзүүлэлт 15 хувь болж буурсан нь Жон Оссоффын байр суурь хэрхэн бэхжсэнийг харуулж байна.
2028 оны сонгуульд Жон Оссофф Ардчилсан намаас нэр дэвшиж чадвал Бүгд найрамдах намаас нэр дэвших магадлалтай дэд Ерөнхийлөгч Жей Ди Вэнстэй өрсөлдөх хувилбар бодитой болж магадгүй юм.
Энэ удаагийн завсрын сонгуулийн бас нэгэн онцлох үйл явдал нь Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд буюу Сенат болон Төлөөлөгчдийн танхимд олонхын хяналтыг эргүүлэн авсан явдал байлаа.
Үүнийг АНУ-ын улс төрийн хүрээнд “Цэнхэр цунами” хэмээн нэрлэж байна. Энэ нь Трамп хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш хоёр жилийн дараа түүний засаг захиргаанд сонгогчид хүчтэй эсэргүүцэл үзүүлсний илрэл гэж тайлбарлаж болох юм.
Мөн Мичиган мужид дэвшилтэт үзэл баримтлалтай Ардчилсан намын улстөрч Абдул Эль-Сайед ялалт байгуулснаар АНУ-ын түүхэнд анх удаа мусульман шашинтай сенатор сонгогдсон түүхэн үйл явдал болжээ.
