
43 жил CNN-д ажилласан нэрт сэтгүүлч 2027 оны зургадугаар сард ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ.
Дэлхийн хамгийн халуун цэгүүдээс дайн, мөргөлдөөн, улс төрийн томоохон үйл явдлыг сурвалжилж, олон улсын сэтгүүл зүйн нүүр царай болсон Кристиан Аманпур CNN телевизээс явахаар шийджээ. Тэрбээр 2027 оны зургадугаар сар хүртэл ажиллаж, 43 жил хөдөлмөрлөсөн байгууллагатайгаа зам мөрөө салгах аж.
CNN-ийн олон улсын ахлах сурвалжлагч, нэрт сэтгүүлч Аманпур 2026 оны аравдугаар сарын 19-нд гаргасан мэдэгдэлдээ энэ шийдвэрийг олон сарын турш бодож тунгааснаа хэлжээ.
Олон сарын турш бодож, хэд хэдэн шөнийг нойргүй өнгөрүүлсний эцэст би 43 гайхалтай он жилүүдийг хамтдаа өнгөрүүлж, хамтран ажилласан CNN-ээс явахаар шийдлээ.
хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.
Өдгөө 68 настай Аманпур цаашид шинэ төсөл, бүтээлүүд дээр ажиллах бодолтой байгаа ч CNN-ийн хараат бус сэтгүүл зүйн уламжлалыг үргэлж дэмжинэ гэдгээ илэрхийлжээ.
Түүний хэлсэн:
Үргэлж үнэнийг хэл. Төвийг сахих гэж бүү хичээ.
гэсэн үг нь сэтгүүлчийн байр суурь, мэргэжлийн зарчмыг нь илэрхийлж байна.
Аманпур 1983 оноос CNN-д ажиллаж эхэлсэн бөгөөд олон улсын томоохон үйл явдлыг газар дээрээс нь сурвалжилдгаараа дэлхийд танигдсан юм. Тэрбээр Персийн булангийн нэгдүгээр дайн, Боснийн дайн, Руандагийн хоморголон устгал, Афганистан, Украин, Ирантай холбоотой үйл явдлуудыг сурвалжилж байжээ.
Дайн, мөргөлдөөний бүсээс мэдээлэл дамжуулахдаа тэрбээр зөвхөн үйл явдлыг тайлагнаад зогсохгүй, түүний цаана юу болж байгааг, жирийн иргэд ямар зовлон туулж байгааг дэлхий нийтэд хүргэхийг зорьдог байв.
Түүний хувьд сэтгүүл зүй гэдэг нь хоёр талын мэдэгдлийг тэнцүүлэн дамжуулах төдий ажил биш. Баримт, нотолгоог нягталж, эрх мэдэлтнүүдээс асуулт асууж, хүний амьдралд нөлөөлж буй бодит байдлыг ил гаргах явдал юм.
Аманпур 2009 оноос CNN International сувгаар өөрийн нэрэмжит оройн ярилцлагын нэвтрүүлгээ хөтөлж эхэлсэн. Тэрбээр дэлхийн улс төрчид, төрийн өндөр албан тушаалтнууд болон олон улсын нөлөө бүхий хүмүүсээс ярилцлага авч, үзэл бодол, шийдвэрийнх нь цаад учир шалтгааныг тодруулахыг зорьдог байлаа.

💪🔥 Гурван өдрийн турш үе шаттайгаар зохион байгуулагдаж буй “Physical UHG” спортын тэмцээний эхний өдрийн зургуудаас хүргэж байна. 📸🏆

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:
2025 оны нэгдүгээр сараас нэвтрүүлгээ долоо хоногт хэдхэн өдөр хөтөлдөг болсон бол 2027 оны нэгдүгээр сараас долоо хоногт нэг удаа хүргэж, тавдугаар сард бүрмөсөн дуусгахаар төлөвлөжээ. Харин зургадугаар сар хүртэл CNN-ийн сурвалжлагаа үргэлжлүүлэн бэлтгэж, дэлхийн улс орнуудад ажиллах юм.
CNN-ийн ТУЗ-ийн дарга Марк Томпсон ажилтнууддаа илгээсэн дотоод мэдэгдэлдээ Аманпурын шийдвэрийг хүндэтгэж байгаагаа илэрхийлсэн байна.
Кристиан энэ шийдвэрийг нухацтай бодож гаргасан. Бид хэдэн сарын турш энэ талаар ярилцсан. Түүнийг явах гэж байгаад би харамсаж байгаа ч хувь хүнийх нь болон мэргэжлийн замналынх нь хувьд одоо явах цаг нь болсон гэдгийг хүлээн зөвшөөрч байна.
гэж Томпсон бичжээ.
Тэрбээр Аманпурыг дэлхийн хамгийн их итгэл хүлээсэн, нэр хүндтэй сэтгүүлчдийн нэг хэмээн тодорхойлж, CNN-д ажилласан 43 жилийнх нь хөдөлмөрийг өндрөөр үнэлсэн байна.
Аманпур ч хамтран ажилласан сэтгүүлчид, сурвалжлагын багийнхандаа талархал илэрхийлжээ. Түүний хэлснээр, дайн мөргөлдөөний бүсэд ажиллахад мэргэжлийн ур чадвараас гадна хамт олны нөхөрлөл, харилцан итгэлцэл онцгой чухал байв.
Бид хамтдаа баримт, нотолгоо, хүнлэг чанарыг эрэлхийлж, айдас хүйдэс болон хэн нэгний нөлөөнд авталгүйгээр дэлхийн тухай үнэнийг дэлхий нийтэд хүргэхийн төлөө ажилласан.
гэж тэрбээр онцолсон байна.
CNN-ээс явлаа гээд Аманпур сэтгүүл зүйн ажлаа бүрэн зогсоохгүй бололтой. Тэрбээр PBS телевизээр гардаг “Amanpour & Company” нэвтрүүлгээ арванхоёрдугаар сард дуусгах ч хуучин нөхөр Жэйми Рубинтэй хамтран хөтөлдөг “The Ex Files” подкастаа үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.
Ийнхүү дэлхийн томоохон дайн, мөргөлдөөн, улс төрийн өөрчлөлтүүдийг сурвалжилж ирсэн Кристиан Аманпур CNN дэх 43 жилийн замналаа өндөрлүүлэх гэж байна. Харин түүний дараагийн уран бүтээл, сэтгүүл зүйн төслүүд ямар хэлбэрээр үргэлжлэх нь одоогоор тодорхойгүй байна.
Эх сурвалж: CNN, Брайан Стелтер, 2026 оны аравдугаар сарын 19.











