
Зохиогч: Карл Секстон, Тимоти Жонс | DW
2026 оны арваннэгдүгээр сарын 17
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн төмөр замын төслөөс ашиг хүртсэн гэх буруутгалтай холбогдуулан албан тушаалаасаа огцрохоо мэдэгдсэн ч өөрийг нь үндэслэлгүйгээр буруутгаж байгааг онцолжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мягмар гарагт сөрөг хүчний Ардчилсан намаас төрийн төмөр замын төслөөс ашиг хүртсэн хэмээн буруутгасны дараа огцрохоо мэдэгдсэн байна.
Хэвлэлийн бага хурлын үеэр тэрбээр өөрийг нь “Үндэслэлгүйгээр буруутгаж, гүтгэж байна” хэмээн мэдэгдсэн ч “нэр төрөө сэргээхийн тулд” огцрох шийдвэр гаргаснаа илэрхийлжээ.
Мөн мөрдөн шалгах ажиллагаанд хамтран ажиллахаа амласан байна.
Гэвч Ерөнхийлөгчийн огцрох шийдвэр хүчин төгөлдөр болохын тулд эхлээд Монгол Улсын парламент болох Улсын Их Хурал уг хүсэлтийг хүлээн зөвшөөрөх шаардлагатай.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Хишгээгийн Нямбаатар өнгөрсөн бямба гарагт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөлтэй холбоотойгоор 25 сая ам.доллар авсан хэмээн буруутгажээ. Энэ нь ойролцоогоор 23 сая евротой тэнцэх хэмжээний мөнгө юм.
Уг төмөр зам нь Монголын нүүрсний томоохон орд болох Тавантолгойг БНХАУ-тай хиллэдэг Гашуунсухайт боомттой холбодог. Гашуунсухайт нь Монгол Улсаас Хятад руу нүүрс экспортлох гол гарцын нэг юм.
Хотын дарга асан Х.Нямбаатар Ерөнхийлөгчийн адил Монгол Ардын Намын гишүүн боловч нам доторх өөр фракцад харьяалагддаг байна.
Сөрөг хүчний Ардчилсан нам уг буруутгалыг дэмжиж, Ерөнхийлөгчийг албан тушаалаасаа огцрохыг шаарджээ.
Буруутгалд дурдсанаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх гэрээг өрсөлдөөнт сонгон шалгаруулалтгүйгээр авсан “Бодь Интернэшнл” ХХК-иас хахууль хэлбэрээр уг мөнгийг авсан гэх мэдээлэл гарсан байна.
Харин “Бодь Интернэшнл” компани даваа гарагт уг гэрээг авахын тулд ямар нэгэн бэлэн мөнгөний хахууль өгсөн гэх мэдээллийг няцаажээ.
У.Хүрэлсүх Монгол Ардын Намын гишүүн бөгөөд 2021 оноос хойш Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байна.
Гэвч сүүлийн жилүүдэд түүний харьяалагддаг нам доторх эрх мэдлийн зөрчил, фракцуудын тэмцэл улс төрийн тогтворгүй байдал үүсгэжээ. Үүний улмаас ердөө есөн сарын хугацаанд гурван Ерөнхий сайд дараалан албан тушаалдаа томилогдон ажилласан байна.
У.Хүрэлсүх энэ оны аравдугаар сарын 19-22-ны өдрүүдэд ХБНГУ-д төрийн айлчлал хийсэн юм.