
Өмнөговь аймгийн шилдэг шүлэгчийг шалгаруулах “Эгшиглэнт говь” яруу найргийн наадмыг 1987 оноос хойш жил бүр зохион байгуулж байна. Энэ жилийн наадмыг "Соёлын бүтээлч сар"-ын хүрээнд Өмнөговь аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн нэрэмжит болгон зохион байгуулагдлаа.

Наадмын хоёрдугаар шатанд шалгарсан найрагчид тайзнаа уран бүтээлээ толилуулж, эхний шатанд их зохиолч Д.Нацагдоржид зориулсан “Сэдэв”-ийн шүлгээ, дараагийн шатанд “Чөлөөт” сэдвийн шүлгээ уншин өрсөлдсөнөөр шилдэг таван байрыг тодруулсан юм.

Наадмын тэргүүн байр, цомын эзнээр “Аниргүй хэл” шүлгээрээ яруу найрагч Эрдэнэтөгсийн Санчир шалгарлаа.

Дэд байр – “Гүн цэнхэр дорно” шүлгээр Б.Тогмид
Гуравдугаар байр – “Ардын дуу” шүлгээр Т.Энх-Эрдэнэ
Дөрөвдүгээр байр – “Амьдрах учиг” шүлгээр У.Наранбаяр
Тавдугаар байр – “Охиндоо” шүлгээр Ц.Чулуун-Эрдэнэ нар тус тус шалгарлаа.
Мөн наадмын хүрээнд “Нацагдорж” тэмдэг хүртсэн сурагчдаар:
Б.Цэцэгдэлгэр – ЕБС-ийн 4 дүгээр сургуулийн 11Б анги
У.Наранбаяр – ЕБС-ийн 1 дүгээр сургуулийн 11Б анги
С.Үүрийнтуяа – ЕБС-ийн 4 дүгээр сургуулийн 10Б анги
нар тодорлоо.
Түүнчлэн Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, “Эгшиглэнт говь” яруу найргийн наадмын гурван удаагийн тэргүүн, яруу найрагч Энзээгийн Эрдэнээ агсны нэрэмжит шагналыг яруу найрагч Б.Мөнхөө хүртлээ.
Ийнхүү “Эгшиглэнт говь–2026” яруу найргийн наадам нь Өмнөговь нутгийн уран бүтээлчид, залуу найрагчдын авьяас билгийг нээн хөгжүүлэх, яруу найргийн уламжлал, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор амжилттай зохион байгуулагдлаа.