


УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Л.ӨЛЗИЙНАРАН: ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН ШИНЭ ДҮР ТӨРХ
Бидний өнөөдөр боловсруулж буй хууль маргаашийн нийгэмд үйлчилж, хүний эрхийг хамгаалж чадах уу?
Улсын Их Хурлын Тамгын газрын хуулийн төслийн эх барьж ажилладаг зөвлөхүүд болон бусад мэргэжилтнүүдэд зориулсан ээлжит сургалт өнөөдөр болж, “Эрх зүйн ирээдүй: Хуулийн төсөл боловсруулагчийн шинэ дүр төрх” сэдвээр хичээл заалаа.
Технологи, эдийн засаг, нийгмийн харилцаа хурдацтай өөрчлөгдөж буй өнөө үед хуулийн төсөл боловсруулахдаа ирээдүйн өөрчлөлт, эрсдэл, урт хугацаанд бий болох үр дагаврыг урьдчилан тооцоолох шаардлага улам бүр нэмэгдэж байна.
Өнөөдрийн сургалтаар хуулийн хэрэгжилт, хүрэх үр дүнг төслийг боловсруулж эхлэх үеэс тооцоолох, судалгаа, нотолгоо, иргэдийн оролцоонд тулгуурлах, хиймэл оюуныг хариуцлагатай ашиглах асуудлыг хөндөж ярилцлаа.
Мөн ирээдүйд чиглэсэн хууль тогтоох үйл ажиллагааны тухай шинэ хандлагын талаар ярилцлаа. Энэ нь хуулийн төсөл боловсруулахдаа өнөөгийн асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ ирээдүйд үүсэж болох эрсдэл, үр дагаврыг урьдчилан тооцох, түүнд тохирсон эрх зүйн зохицуулалт бий болгоход анхаарал хандуулдаг хандлага юм.
Сургалтын төгсгөлд хуулийн төсөл боловсруулагчид тавигдах шаардлага, шинэ дүр төрхийг тодорхойлж, хэлэлцлээ.
Орчин үед хуулийн төсөл боловсруулагчийг хууль зүйн техникийн дагуу эх бичвэр боловсруулдаг төдий хүн биш гэж үзэж байна. Тэр бол хүн бүр аз жаргалтай, сайн сайхан амьдрах эрх зүйн ертөнц (орчин)-ийг бүтээхэд гол үүрэг гүйцэтгэдэг мэргэжилтэн юм.
Хуулийн чанар нь хүний амьдралд авчрах бодит үр дүнгээр хэмжигдэнэ.
Тийм учраас хурдацтай өөрчлөгдөж буй шинэ нөхцөлд хүний эрхийг хамгаалж, зорилгодоо хүрэх чадвартай хууль боловсруулахад тасралтгүй суралцаж, мэдлэг, ур чадвараа хөгжүүлэх нь чухал юм.
Өнөөдрийн лекцийн тэмдэглэлийг удахгүй Та бүхэнтэй хуваалцах болно.