
Пүрэв гарагт Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи БНХАУ-ын өмнөд хэсэгт байрлах Шэньжэнь хотод хийсэн мэдэгдэлдээ "Тайванийн асуудлаарх Японы байр суурь 1972 оноос хойш өөрчлөгдөөгүй" гэдгийг онцолжээ.
Тэрээр энэхүү мэдэгдлээ Ази, Номхон Далайн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Байгууллага (АПЕК)-ын дээд хэмжээний уулзалтын үеэр хийсэн юм. 2025 оны арваннэгдүгээр сард Тайванийн асуудлаар хэлсэн үгнээс нь хойш БНХАУ, Японы харилцаа эрс муудаад байгаа энэ үед уг мэдэгдэл ихээхэн анхаарал татаж байна.
Тэрээр 2025 онд Ардчилсан засаглалтай Тайваньд Хятад улс цэргийн хүчээр халдсан тохиолдолд Япон улс цэргийн хариу арга хэмжээ авах нөхцөл үүсэж болзошгүй гэж мэдэгдэж байсан юм.
Харин пүрэв гарагт Такаичи 1972 онд баталсан Япон, Хятадын хамтарсан мэдэгдэлд тусгагдсан Тайванийн талаарх Японы байр сууринд ямар нэгэн өөрчлөлт ороогүй гэж мэдэгджээ. Уг баримт бичиг нь хоёр улс дипломат харилцаа тогтоох үндэс болсон юм.
1972 оны хамтарсан мэдэгдэлд Япон улс Тайванийг Хятадын нэг хэсэг гэж үздэг Бээжингийн байр суурийг «Бүрэн ойлгож, хүндэтгэж байна» хэмээн илэрхийлсэн байдаг.
«Энэ байр сууринд огтхон ч өөрчлөлт ороогүй» гэж Такаичи хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.
БНХАУ өнгөрсөн онд хэлсэн түүний мэдэгдлийг «Ноцтой, хүлээн зөвшөөрөхийн аргагүй» хэмээн нэрлэж, Японы Ерөнхий сайдыг үгнээсээ буцахыг шаардсан. Мөн шаардлагыг биелүүлэхгүй бол Япон улс «Бүх үр дагаврыг хүлээх ёстой» хэмээн анхааруулсан юм.
Үүний зэрэгцээ БНХАУ стратегийн чухал ашигт малтмалын экспортод хязгаарлалт тогтоож, Японы далайн гаралтай бүтээгдэхүүний импортыг хориглон, иргэдээ Япон руу зорчихгүй байхыг уриалсан билээ.
Өмнө нь Японы удирдагчид ийм нөхцөл байдлын талаар олон нийтэд ярихдаа Тайванийн асуудлыг шууд хөндөхөөс зайлсхийж, стратегийн тодорхой бус байр суурийг баримталж ирсэн юм.
АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зэрэг бусад улсын удирдагчдаас ялгаатай нь Санаэ Такаичи БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хоёр талын албан ёсны уулзалтыг одоогоор хийгээгүй байна.

Гэхдээ тэрээр Ши Жиньпинтэй мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ урилгад талархал илэрхийлснээ хэлээд, БНХАУ Японы хувьд «Харилцаа холбоо тогтоож, яриа хэлэлцээ хийх шаардлагатай чухал хөрш» гэдгийг онцолжээ.