АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-д сүр дуулиантайгаар угтуулснаа дипломат "ялалт" гэж тодорхойлсон бол шинжээчид гурван гүрний удирдагчдын уулзалтаас томоохон тохиролцоо гарах магадлал бага гэж үзэж байна.

Пүрэв гарагт буюу өнөөдөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нартай хийх уулзалтаа хараахан эхлээгүй байхад нь аль хэдийнэ “Ялалт” хэмээн зарлажээ. Учир нь БНХАУ түүнийг ёслол хүндэтгэл, сүр жавхлан төгс хосолсон тансаг арга хэмжээгээр угтан авсан юм.
Дэлхийн хамгийн олон цөмийн зэвсэгтэй гурван гүрний удирдагч нэг дор цуглаж буй энэхүү урьд өмнө болж байгаагүй дипломат уулзалтаас томоохон тохиролцоо гарах магадлал бага гэж шинжээчид үзэж байна.
Харин өөрсдийн ашиг сонирхлыг үл тоомсорлож болзошгүй хэмээн болгоомжилж буй жижиг улс орнуудын хувьд энэ уулзалт түгшүүр төрүүлж байгаа юм.
Дональд Трамп Fox News телевизэд өгсөн ярилцлагадаа Хятадад ирэхэд нь үзүүлсэн ёслол хүндэтгэлийг онцолсон байна. Түүний угталт нь ОХУ-ын Ерөнхийлөгч Путиныг хүлээн авсан харьцангуй даруухан ёслолоос эрс ялгаатай байв. Тухайлбал, Японы Ерөнхий сайд Санаэ Такайчи ямар нэгэн тусгай угтах ёслолгүйгээр газарджээ.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин нисэх онгоцны буудалд өөрийн биеэр очиж Дональд Трампыг угтсан нь тэрээр БНХАУ-ын дарга болсноосоо хойш гадаадын төрийн тэргүүнийг угтсан анхны тохиолдол боллоо.
Энэ нь өнгөрсөн есдүгээр сард уулзахдаа Дональд Трамп АНУ-ын Эндрюс цэргийн нисэх баазад Ши Жиньпин даргыг угтан авсан үйлдлийн хариу болжээ. Хоёр удирдагч уулзаад богино хугацаанд тэврэлдсэн байна.
Энэ бол агуу удирдагч, Хятадын хамгийн агуу Ерөнхийлөгчдийн нэг. Тэрээр өмнө нь хэнийг ч нисэх онгоцны буудалд очиж угтаж байгаагүй.
гэж Трамп гурван талт уулзалтаас ямар үр дүн хүлээж байгааг асуухад хариулжээ.

Тэрбээр цааш нь:
Зөвхөн үүгээр зогсохгүй, сүр жавхлантай ёслол, гоо үзэсгэлэн, хүндэтгэл, олон мянган хүн, хүүхдүүд, цэргүүд гээд бүх зүйл үнэхээр гайхалтай байлаа. Энэ бол бидэнд үзүүлсэн асар их хүндэтгэл. Би үүнд талархаж байна. Энэ бол бидний хувьд том ялалт. Хятадын хувьд ч бас том ялалт.
гэж хэлсэн байна.
Трампыг БНХАУ-д ирэхээс өмнө Ши Жиньпин, Владимир Путин нар Шэньжэнь хотод болсон Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (АПЕК) дээд хэмжээний уулзалтад хурц агуулгатай илтгэл тавьж, барууны орнуудын худалдааны “Ивээх бодлого” болон эдийн засгийн хориг арга хэмжээг шүүмжилжээ.
Пүрэв гарагийн АПЕК-ийн хэлэлцүүлгийн үеэр Ши Жиньпин “чөлөөт, нээлттэй” худалдааг дэмжиж буйгаа дахин илэрхийлсэн байна. Харин барууны удирдагчид Хятадын эдийн засгийн өсөлтийн загвар нь хэрэглэгчдийн эрэлтээс илүү аж үйлдвэрийн хүчирхэгжилтийг чухалчилдаг бөгөөд энэ нь шударга бус, дэлхийн худалдааны тэнцвэргүй байдлыг улам даамжруулж байна гэж үздэг.
Украины дайнтай холбоотойгоор Крымийг ОХУ-тай холбодог стратегийн чухал гүүр эвдрэн сүйрч, цэргийн болон ложистикийн хувьд хүнд цохилт амссаны дараа Путин АПЕК-ийн индэрт үг хэлсэн юм. Тэрбээр Орос улс Ази, Номхон далайн бүс нутгийн хүнс, эрчим хүчний аюулгүй байдлын салшгүй нэг хэсэг гэдгийг онцолжээ.
Харин Трамп АНУ хэдэн зуун жилийн турш Номхон далайн бүс нутгийн хүчирхэг гүрэн байсаар ирснийг сануулж, Америкийн эдийн засгийн хүч чадлыг магтан ярьсан байна.
Хиймэл оюун ухааны талаар тэрээр:
Энэ технологи бараг бүхэлдээ сайн талтай. Гэхдээ муу талууд ч бий. Тиймээс бид маш болгоомжтой хандах ёстой.
гэж хэлээд, салбарын хөгжлийг “боомилох” аливаа зохицуулалтыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ.
Трамп дээд хэмжээний уулзалтын гол сэдвийн нэг нь цөмийн зэвсгийн хяналт, зэвсэглэлийг хязгаарлах асуудал байх ёстой гэж удаа дараа мэдэгдсэн. Гэвч Хятад улс АНУ, ОХУ-тай энэ асуудлаар хэлэлцээ хийхээс татгалзсаар ирсэн юм. Учир нь Вашингтон, Москва хоёрын цөмийн зэвсгийн нөөц Хятадынхаас хавьгүй их билээ.
Тэрээр цааш нь:
Гэхдээ тэд над руу хараад, ‘За, бид үүнийг хийе. Харин та цөмийн зэвсгээ 2'000-аар бууруулах уу?’ гэж асуувал миний хувьд үүнийг хийхэд амаргүй. Тэдний хувьд ч бас амаргүй байх.
гэж ярьжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч мөн БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай уулзах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн боловч ойрын хугацаанд ийм уулзалт болох талаар албан ёсны мэдээ гараагүй байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён пүрэв гарагт Хойд Солонгостой яриа хэлэлцээг сэргээх нь урт хугацааны энх тайвныг бий болгоход хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.
Гурван талт уулзалтын өмнө Трамп Ши Жиньпинтэй тусгайлан уулзаж, зоог бариапх аж. Үүний зэрэгцээ АНУ болон ОХУ-ын албаныхан Трамп, Путин хоёр ганцаарчилсан уулзалт хийхээр төлөвлөж байгааг мэдээлсэн байна. Харин Москвагийн албаныхны мэдээлснээр энэ уулзалтаар өргөн хүрээний, бүрэн хэмжээний хэлэлцээ хийхээр төлөвлөөгүй аж.
Дональд Трампын Ази дахь айлчлал нь АНУ-ын бүс нутаг дахь нөлөөг харуулах, холбоотон орнуудтай харилцаагаа бэхжүүлэх, мөн Ши Жиньпин, Путин нартай өндөр түвшний дипломат харилцааны шинэ боломж нээх зорилготой юм.
АНУ-ын Батлан хамгаалах бодлогын судалгааны сангийн шинжээч Крейг Синглтоны үзэж буйгаар, гурван удирдагч хамтдаа харагдах сонирхолтой байгаа ч бодит асуудлаар тохиролцоонд хүрэх боломж харьцангуй бага ажээ.
Учир нь Украины дайн, Иран, цөмийн зэвсэг, худалдаа болон Хятадын цэргийн хүчирхэгжилт зэрэг олон асуудлаар тэдний байр суурь эрс ялгаатай байна.
Гурван удирдагчийн хамт авахуулсан гэрэл зураг нь тэдний хэнд нь ч улс төрийн хувьд ашигтай байж болно. Гэхдээ хэлэлцэх асуудлууд дээр тохиролцох нь хавьгүй хэцүү.
гэж Синглтон онцолжээ.
Цагаан ордны албаныхан Трампын хувьд Украины дайны асуудлыг энэ удаагийн уулзалтаар хөндөх төлөвлөгөө байхгүй гэж мэдэгдсэн. Гэвч Трамп өөрөө уг асуудлыг сөхөж магадгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Тэрбээр Путинтэй хамгийн сүүлд 2025 онд Аляскад уулзсан боловч тухайн хэлэлцээ Украины дайныг зогсоож чадаагүй юм.
Fox News телевизэд өгсөн ярилцлагадаа Трамп Ираны мөргөлдөөнийг эцэслэхэд ОХУ, БНХАУ-аас тусламж хүсэхгүй гэдгээ мэдэгджээ.
Харин Ши Жиньпинтэй хийх хэлэлцээ нь энэ сард байгуулсан худалдааны түр эвлэрэл хэр бат бөх болохыг үнэлэх боломж олгох юм.
Гэвч Nvidia компанийн чипүүдийг Зүүн Өмнөд Азийн орнуудаар дамжуулан Хятад руу хууль бусаар нийлүүлж байгаа гэх мэдээлэл хоёр улсын харилцаанд шинэ зөрчил үүсгээд байгаа. Энэ нь АНУ-ын экспортын хязгаарлалт хэр үр дүнтэй байгаа болон Хятад улс дэвшилтэт технологид цаашид нэвтрэх боломжтой эсэх талаар эргэлзээ төрүүлж буй юм.
Энэ бол Бээжингийн хувьд хамгийн том хар дарсан зүүд. Хятад улс ерөнхийлөгчтэй шууд хэлэлцэн тохиролцож, чип авах боломжтой байхыг хүсэж байна. Гэтэл үүний оронд хоёр намын дэмжлэгтэйгээр чипийн хязгаарлалтыг хуульчлах нөхцөл байдал үүсэж магадгүй.
гэж шинжээч Крейг Синглтон хэлжээ.