Төрийн тэргүүн бүрэн эрхээ хугацаанаас нь өмнө орхихоор шийдсэн нь улс төрийн хүрээнд олон асуулт дагуулж байна.
УИХ-аас импичмент зарлаж, улмаар хууль зүйн хариуцлага хүлээлгэх улс төрийн нөхцөл байдал үүсэхээс болгоомжилсон алхам байв уу?

Нэг талд, Ерөнхийлөгч өөрийгөө төлөөлүүлэн УБТЗ-ын дарга Б.Хэрлэн, АТГ-ын дарга З.Дашдаваа нарыг 10 гаруй хоногийн өмнө Канад явуулан тэднээр дамжуулан Х.Нямбаатартай уулзаж, асуудлыг тохиролцох, намжаах оролдлого хийсэн гэх мэдээлэл бий. Гэвч энэ оролдлого үр дүнд хүрээгүй учраас Х.Нямбаатар Канадаас долоо хоног бүр лайв хийж, улам бүр хурц, ноцтой асуудлуудыг олон нийтэд дэлгэж эхэлсэн нь улс төрийн анхаарлыг эрхгүй татсаар буй.
Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн холбогдсон асуудлыг хаалттай хүрээнд ярилцаж, намжаах боломжгүй болсон уу, эсвэл талуудын хоорондын зөрчил улам гүнзгийрэв үү гэдэг асуулт урган гарч байна.
Нөгөө талд, УИХ дахь Ардчилсан намын бүлэг хүссэн ч, эс хүссэн ч сөрөг хүчний үндсэн үүргээ хэрэгжүүлж, Ерөнхийлөгчид хариуцлага тооцох асуудлыг хөндөхөөс өөр замгүй болсон. Энэ нь зөвхөн нэг намын байр суурийн асуудал биш, төрийн тэргүүний үйл ажиллагаанд парламент хяналт тавих эсэх тухай асуудал хөндөгдөх учраас.
Гэтэл хамгийн огцом, гайхам нь Ерөнхийлөгчийн өөрийнх нь шийдвэр.
Хэрэв өөрт нь улс төрийн болон хууль зүйн ямар нэгэн эрсдэл байгаагүй, өөрийн байр сууриндаа итгэлтэй байсан бол ийм хэмжээний эрх мэдлээсээ яагаад ийм түргэн хугацаанд татгалзах болов?
Мэдээж ажлаа өгөх шийдвэр дангаараа буруутайг нотлохгүй. Гэхдээ ийм шийдвэрийн цаана ямар шалтгаан, ямар тооцоо байгааг олон нийт асуух, эргэлзэх бүрэн үндэслэлтэй.
Тэгэхээр энэ нь улс төрийн сайн дурын шийдвэр үү, эсвэл улам бүр нэмэгдэж буй улс төрийн дарамт, импичментийн эрсдэлээс гарах гарц хайсан алхам уу?
Хэрэв эдгээр үйл явдал цааш өрнөж, Ерөнхийлөгчийн бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсноор ээлжит бус сонгууль, дараагийн Ерөнхийлөгчийн марафон албан бусаар эхэлнэ.
Эцсийн дүндээ нэг л асуулт үлдэж байна. Төрийн тэргүүн эрх мэдлээ өөрийн хүсэлтээр шилжүүлэв үү, эсвэл эрх мэдлээ хадгалж үлдэх боломж хумигдсан учраас ийм шийдвэр гаргав уу?
Энэ асуултын хариултыг цаг хугацаа, бодит баримт, улс төрийн дараагийн үйл явдлууд харуулах биз ээ.