
Улс төрийн хүрээнд сүүлийн өдрүүдэд дэгдсэн 110 сая ам.долларын гэх авлигын дуулиан Монголын төрийн хамгийн дээд түвшинд хүрлээ.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөлтэй холбоотой санхүүжилтээс 110 сая ам.доллар улс төрийн нөлөө бүхий хүмүүст очсон гэх мэдээлэл цацагдаж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нэр холбогдон тэрээр ажлаа өгөх шийдвэр гаргалаа.
Уг асуудлаар сөрөг хүчин улс төрийн хариуцлага нэхэж, холбогдох албан тушаалтнуудыг шалгуулах, албан тушаалаас нь чөлөөлөх шаардлага тавьсан. Улмаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх огцрохоо мэдэгдэж, шалгалтад хамтран ажиллах байр суурь илэрхийлэв. Мөн уг хэрэгт оролцосон гэж нэр нь дурьдагсан Б.Энхбаяр, Ц.Мөнх-Эрдэнэ нар ч шил шилээ даран ажлаа өгч буйгаа зарлалаа.
Гэхдээ энэ дуулианы хамгийн том сорилт Авлигатай тэмцэх газар болон Улсын ерөнхий прокурорын байгууллагад ирж байна.
АТГ-ын мэдээлснээр Ерөнхийлөгчийн сүүлийн таван жилийн хөрөнгө, орлогын мэдүүлэгт хийсэн шалгалтаар мэдүүлгийн зөрчил илрээгүй. Харин 110 сая ам.долларын асуудлаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа гэсэн.
АТГ-ын дарга З.Дашдаваа, Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нар улс төрийн ийм өндөр түвшний, олон талын ашиг сонирхол огтлолцсон хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ ямар байр суурь баримтлах вэ?
Хэргийг нотлох баримтаар нь эцэслэн шалгаж, улс төрийн нөлөө бүхий хүмүүсийн хариуцлагыг тогтоох шаардлага бий. Нөгөө талд, нотлогдоогүй мэдээлэлд үндэслэн хэн нэгнийг буруутгахгүй байх хууль ёсны үүрэг ч бий.
Энэ хэрэгт хэнийг ч шалгах, шалгаагүй үлдээх, ямар шийдвэр гарах гээд юу ч болсон бай хууль хяналтын байгууллагын хараат бус байдал, удирдлагын хариуцлага олон нийтийн анхаарлын төвд үлдэх нь тодорхой.
Тиймээс АТГ-ын дарга, Улсын ерөнхий прокурор хоёрын хувьд энэ хэрэг зөвхөн мэргэжлийн ажлын сорилт биш, байгууллагынхаа нэр хүнд, хараат бус байдлыг нотлох томоохон шалгуур болж үлдэнэ.
Улс төрийн ийм ээдрээтэй хэргийг эцэслэх эр зориг, институцийн бие даасан байдлаас илүүтэй улс төрийн дарамт, хариуцлагын эрсдэл давамгайлах нөхцөл үүсвэл удирдлагын түвшинд огцрох, ажлаа өгөх асуудал ч хөндөгдөж мэднэ.
Гэхдээ тэд аль ч эрсдлийг үүрэхгүйгээр ажлаа өгч магадгүй.
Энэ хэргийн жинхэнэ шалгуур нь хэн огцрох вэ гэдэг бус, 110 сая ам.долларын гэх асуудлын цаана бодитой мөнгөн урсгал, хууль бус үйлдэл байсан эсэхийг хэнээс ч хараат бусаар тогтоож чадах уу гэдэгт оршино.