Цахим халдлага Шведээс Бельги хүртэл тархаж, дэлгүүрүүд хэдэн тонн хүнсээ устгахад хүрэв.
Даваа гарагт Европын хэд хэдэн улсын супермаркетуудын (Хүнсний болон өргөн хэрэглээний томоохон сүлжээ дэлгүүрүүд) хөргөгч, хөлдөөгчний систем хакеруудын халдлагад өртөж, ихээхэн хэмжээний хүнсний бүтээгдэхүүн муудсан хэрэг гарлаа.
Шведээс Бельги хүртэлх олон дэлгүүрийн хөргүүрийн хэм огцом нэмэгдэж, худалдаанд байсан хүнсний бүтээгдэхүүнүүдийг устгахад хүрсэн байна. Энэ хэрэг өнгөрсөн сард Францад гарсан ижил төрлийн кибер халдлагатай төстэй байгаа юм.

Халдлагад Бельги, Люксембургт үйл ажиллагаа явуулдаг Ahold Delhaize, Colruyt группүүд, Шведийн хүнсний худалдааны томоохон сүлжээ болох ICA, Coop өртжээ. Мөн тавилга, хүнсний бүтээгдэхүүний худалдаагаараа алдартай IKEA-гийн дор хаяж нэг салбар халдлагад өртсөн байна.
Шведийн нийслэл Стокхольм хот дахь ICA сүлжээний франчайз дэлгүүрийн борлуулалтын менежер Энгла Ингвалл Ройтерс агентлагт:
Бүх зүйл сүйрсэн.
хэмээн нөхцөл байдлыг тодорхой ойлгуулжээ.
Түүний хэлснээр, халдлага шөнийн 02:00 цагийн үед болсон ч ажилтнууд нь хэдэн цагийн дараа л мэдсэн байна.
Манай дэлгүүр кибер халдлагад өртөж, бүх хөлдөөгчийн температур цельсийн 50 хэм хүрсэн.
гэжээ.
ICA компанийн төлөөлөгчийн мэдээлснээр, шөнийн цагаар болсон халдлагын улмаас цөөн тооны дэлгүүрийн хөргөгч, хөлдөөгчийн систем доголдсон байна.
Энэ удаагийн халдлага өнгөрсөн сард Францын хэдэн зуун супермаркетын хөргөлтийн төхөөрөмжийн системийг хакерууд эзлэн авсантай төстэй юм. Тухайн үед хөргөлтийн системийн ажиллагааг алсаас өөрчилсний улмаас зарим төхөөрөмжид гал гарч, их хэмжээний хүнсний бүтээгдэхүүн муудсан гэж цагдаагийн байгууллага мэдээлж байв.
Мөн Ahold компани өнгөрсөн сард Нидерландын цагдаад кибер аюулгүй байдлын зөрчлийн талаар мэдээлсэн байна.
Одоогоор эдгээр халдлагын хариуцлагыг ямар нэгэн бүлэг, этгээдүүд хүлээгээгүй. Гэхдээ Орос 2022 онд Украин улсад халдан довтолсноос хойш Европын улс орнуудын аюулгүй байдлын нөхцөл байдал хурцдаж, дэд бүтцэд чиглэсэн далд болон хосолмол аюул занал нэмэгдэж буй энэ үед уг халдлагууд эрх баригчдын санааг ихээхэн зовоож байна.
Ройтерс агентлаг энэ удаагийн халдлагын ард хэн байгааг, мөн Францад болсон өмнөх халдлагатай холбоотой эсэхийг тогтоож чадаагүй байна.
Бельгийн Кибер аюулгүй байдлын төвийн хэвлэлийн төлөөлөгч Катриен Эггерс:
Энэ халдлагын ард хэн байгааг одоогоор мэдэхгүй байна. Магадгүй хэзээ ч тогтоож чадахгүй байж мэднэ.
гэжээ.
Тэрбээр хиймэл оюун ухааныг ашиглан ийм төрлийн халдлага үйлдэх боломж нэмэгдэж байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна.
Мэдээллийн технологийн бүх систем халдлагад өртөх эрсдэлтэй. Ялангуяа өндөр түвшний ур чадвартай этгээдүүд хиймэл оюун ухааныг ашиглан системийн сул талыг амжилттай илрүүлж, ашиглах боломжтой болсон.
гэж тэрээр анхааруулжээ.
Хөргөгч, халаалтын төхөөрөмжөөс эхлээд хяналтын камер, дохиоллын систем хүртэл урьд нь механикаар ажилладаг байсан олон төхөөрөмжийг өнөөдөр интернэтээр дамжуулан алсаас хянаж, удирдах боломжтой болсон. Энэ нь гэмт этгээдүүдэд шинэ боломж нээж байгаа аж.
Даваа гарагийн халдлагад өртсөн зарим хөргөлтийн төхөөрөмж Данийн Danfoss компанийн температурын удирдлагын технологийг ашигладаг байжээ. Уг технологи Францад болсон өмнөх халдлагын үеэр ч онилогдсон байна. Danfoss компани хэрэглэгчидтэйгээ хамтран системийн доголдлыг засах арга хэмжээ авч байгаагаа мэдэгджээ.
Европын Комисс энэ удаагийн халдлагууд цахим аюул занал хүнсний хангамжид хүртэл ноцтой саад учруулах хэмжээнд хүрснийг харуулж байна гэж үзжээ.
Европын Комиссын Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн комиссар Кристоф Хансен:
Энэ бол хүнсний хангамжийн сүлжээг зориудаар тасалдуулж, хэрэглэгчдийн итгэлийг алдагдуулах гэсэн оролдлого юм. Үүнийг бид нухацтай авч үзэх ёстой. Ийм халдлага дахин дахин гарч байгаа нь туйлын түгшүүртэй.
хэмээн мэдэгдсэн байна.
Бельги дэх SPAR дэлгүүрүүдийг франчайз хэлбэрээр ажиллуулдаг Colruyt группын мэдээлснээр, тус компанийн таван дэлгүүрийн хөргөлтийн систем халдлагад өртжээ.
Ирландад хүнсний бөөний худалдаа эрхэлдэг Musgrave компани мөн SuperValu сүлжээний 13 дэлгүүрийн системд халдлага нөлөөлснийг мэдээлсэн байна. Үүний улмаас зарим хөргөсөн болон хөлдөөсөн бүтээгдэхүүнийг худалдаанаас татан авчээ.
Тус компани мэдэгдэлдээ:
Хяналтын систем маань асуудлыг илрүүлмэгц бид шуурхай арга хэмжээ авсан. Одоогоор шалгалт үргэлжилж байна.
гэжээ.
Кибер аюулгүй байдлын SentinelOne компанийн судлаач Том Хегелийн үзэж буйгаар, ийм халдлага ихэвчлэн мөнгө нэхэх, улс төрийн зорилгоо хэрэгжүүлэх эсвэл улс орны түвшний нууц ажиллагаатай холбоотой байдаг. Харин сүүлийн халдлагуудын үеэр мөнгө нэхсэн шаардлага тавиагүй нь хорлон сүйтгэх зорилготой байж болзошгүйг харуулж байна.
Тэрбээр:
Жижиглэн худалдааны салбар бол хакеруудын хувьд амархан бай. Учир нь томоохон худалдааны сүлжээнүүд асар олон хөргөлтийн удирдлага, барилгын автоматжуулалтын систем, хаалганы нэвтрэх хяналт, төлбөр тооцооны төхөөрөмж ашигладаг.
гэжээ.
Мөн ийм системд нэвтэрсэн хакеруудыг мөрдөж тогтоох тун хэцүүг онцолсон байна.
Хэрэв халдагч хамгаалалт султай удирдлагын самбарт нэвтэрч чадвал бараг ямар ч ул мөр үлдээхгүй. Халдлага үйлдсэн этгээд өсвөр насны хүүхэд байсан ч, тусгай албаны ажилтан байсан ч хамгаалж буй талын хувьд ялгаж танихад маш хэцүү.
гэж тэрээр тайлбарлажээ.
Өнгөрсөн сард Францад болсон халдлагад ихээхэн хохирол амссан Carrefour компани Бельги дэх 700 салбарынхаа 15 нь энэ удаагийн халдлагад өртсөнийг мэдээлжээ.
IKEA-гийн Бельги дэх нэг салбар мөн халдлагад өртсөн бөгөөд бусад салбарт ч доголдол гарсан байхыг үгүйсгэхгүй гэж компанийн төлөөлөгч мэдэгдсэн байна.
Шведийн хувийн өмчит хүнсний худалдааны Coop сүлжээний 800 дэлгүүрээс долоод нь хөргөлтийн системд зөвшөөрөлгүй өөрчлөлт оруулсан кибер халдлага гарчээ. Тус компани хөргөлтийн төхөөрөмж нийлүүлэгчдийнх нь нэг Danfoss байсныг мөн дурдсан байна.
Бельгийн Антверпен хотын өмнөд хэсэгт байрлах махны худалдааны De Laet & Van Haver сүлжээний үүсгэн байгуулагч, эзэн Люк Де Лает шөнийн 03:30 цагт ажилтнаасаа асуудлын талаар утас авч сэржээ.
Тэрбээр дэлгүүртээ яаран очиход хөргөгчийн температур цельсийн 18 хэм хүртэл нэмэгдсэн байв. Үүний улмаас ойролцоогоор 15 мянган еврогийн (16,800 ам.доллар) үнэ бүхий мах муудсан гэж тооцоолжээ.
Энэ үнэхээр аймшигтай. Температурыг бүртгэж, хянадаг системийг нь хакердаад, алсаас хүссэнээрээ тохируулж байна. Ийм их хэмжээний хүнсийг хаяхаас өөр аргагүй болсон нь үнэхээр бухимдалтай.
гэж тэрбээр Ройтерс агентлагт ярьжээ.
Де Лает халдлагын цаана Европын эдийн засгийг тогтворгүй болгох зорилготой этгээдүүд байгаа гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр цагдаад хандсан ч мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн эсэхийг мэдэхгүй байгаа аж.
Би тэдэнд ердөө хоёрхон үг хэлмээр байна. Сэрээрэй, гуйя. Ямар нэг зүйл болоод байна шүү.
хэмээн тэрбээр анхааруулжээ.
Валютын ханш: 1 ам.доллар = 0.8948 евро.