


Гади Эйзенкот Засгийн Газар байгуулах эхний тохиролцоонд хүрчээ
Израилийн Ерөнхий сайд асан Биньямин Нетаньяхуг эрх мэдлээс нь буулгах зорилготой сөрөг хүчний эвслийн засгийн газар байгуулах оролдлого эхний үр дүндээ хүрлээ.
Мягмар гарагт Израилийн Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга асан Гади Эйзенкотын тэргүүлдэг “Яшар” нам өнгөрсөн сард болсон парламентын сонгуулийн дараа засгийн газар байгуулах зорилгоор барууны үзэл баримтлалтай сөрөг хүчний намтай эвслийн гэрээ байгуулахаар тохиролцсоноо мэдэгдлээ.
“Яшар” намын мэдээлснээр Гади Эйзенкот мягмар гарагт “Израиль манай орон” намын дарга Авигдор Либермантай уулзаж, улмаар эвслийн гэрээ байгуулах тохиролцоонд хүрсэн байна. Энэ нь сонгуулиас хойш байгуулагдаж буй анхны эвслийн тохиролцоо боллоо.
Өнгөрсөн аравдугаар сарын 27-нд болсон сонгуулийн дүнд Ерөнхий сайд Биньямин Нетаньяху парламент дахь олонхын дэмжлэгээ алдсан ч бусад улс төрийн хүчин засгийн эрхийг авах тодорхой хувилбар гаргаж чадаагүй юм.
Үүний дараа арваннэгдүгээр сарын 10-нд Израилийн парламент буюу Кнессет шинэ засгийн газаргүйгээр бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн.
Израилийн Ерөнхийлөгч Ицхак Херцог Гади Эйзенкотод шинэ засгийн газар байгуулах үүрэг өгсөн бөгөөд товлосон хугацаанд Ерөнхий сайд Нетаньяху үүрэг гүйцэтгэгч Ерөнхий сайдын албан тушаалаа хадгалах юм.
Нетаньяхугийн тэргүүлдэг барууны үзэл баримтлалтай “Ликуд” нам хэт барууны болон хэт ортодокс (шашны хатуу үзэл баримтлалтай) шашны намуудтай байгуулсан эвслийнхээ хамт сонгуулийн өмнөх таамгаас илүү сайн үр дүн үзүүлсэн ч парламент дахь олонхоо алдсан юм. Одоогоор уг эвсэл Кнессетийн 120 суудлын 53-ыг эзэлж байна.
Харин Эйзенкотын төв-барууны чиг баримжаатай “Яшар” нам болон түүний эвсэлд нэгдэх боломжтой бусад намууд, түүн дундаа Либерманы тэргүүлдэг нам нэмэгдээв ердөө 48 суудалтай.
Гэхдээ тэдэнд Израилийн араб үндэстний цөөнхийг төлөөлдөг намуудтай хамтрах боломж бий. Эдгээр намууд парламентад 19 суудалтай болсон. Араб үндэстний намууд Ерөнхий сайд Нетаньяхуг эсэргүүцдэг байр суурийн хувьд Эйзенкоттой санал нэгддэг байна.
Парламентын сонгуулиар Эйзенкотын нам 21, Либерманы нам долоон суудал авсан юм.
Эйзенкот, Либерман нарын тохиролцоо улс төрийн ажиглагчдын хувьд тодорхой хэмжээнд гэнэтийн үйл явдал боллоо. Учир нь Либерман өмнө нь араб намуудын дэмжлэгтэй засгийн газар байгуулахыг эрс эсэргүүцэж байсан төдийгүй Нетаньяхутай хамтарсан үндэсний эв нэгдлийн засгийн газар байгуулахыг ч дэмжихгүй гэдгээ илэрхийлж байв. Тэрбээр улс төрийн гол зорилгоо Нетаньяхуг эрх мэдлээс нь зайлуулах явдал гэж мэдэгдэж байсан юм.
Израилийн хууль тогтоомжийн дагуу Эйзенкотод засгийн газар байгуулах 28 хоногийн хугацаа олгосон бөгөөд энэ хугацаа арванхоёрдугаар сарын 6-нд дуусна. Тэрээр шаардлагатай тохиолдолд хугацаагаа дахин 14 хоногоор сунгуулах хүсэлт гаргах боломжтой.
Хэрэв Эйзенкот засгийн газар байгуулж чадахгүй бол Нетаньяхуд дахин оролдлого хийх боломж олгоно. Харин хэн нь ч засгийн газар байгуулж чадахгүй тохиолдолд ирэх онд дахин парламентын сонгууль явуулах юм.
Үүний зэрэгцээ Эйзенкот, түүний “Өөрчлөлтийн эвсэл”-ийн зарим түнш болон Нетаньяхугийн “Ликуд” намын хооронд үндэсний эв нэгдлийн засгийн газар байгуулах асуудлаарх хэлэлцээ үргэлжилж байна.
Харин парламентын сонгуулиар найман суудал авсан зүүний чиг баримжаатай “Ардчилсан нам” Эйзенкоттой хийж буй хэлэлцээгээ түр зогсоосноо мэдэгдсэн.
Тус намын зүгээс Эйзенкот Нетаньяхугийн “Ликуд” намтай үндэсний эв нэгдлийн засгийн газар байгуулах асуудлаар ахиц гаргаж байгаад болон “Өөрчлөлтийн засгийн газар” байгуулах хэлэлцээ мухардалд орсонд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.
“Ардчилсан нам”-ын дарга Яир Голан Нетаньяхугүй, харин араб намуудын дэмжлэгтэй засгийн газар байгуулахыг илүүд үзэж байгаагаа мэдэгдсэн байна.