Хувцас, чимэглэл, амттан, хулууны үнэ өсөж, америкчуудын баярын зардал өсжээ.

АНУ-д Хэллоуины баярыг тэмдэглэхтэй холбоотой зардал нэмэгдэж, америкчуудын халаасанд улам их дарамт учруулах болсон байна. Баярын хувцас, чимэглэлээс эхлээд шоколад, чихэр, хулуу хүртэлх бүтээгдэхүүний үнэ өссөн нь хэрэглэгчдийг худалдан авалтаа илүү нухацтай бодоход хүргэж буй бололтой.
Энэ долоо хоногийн эхээр Вашингтон хотын хувцасны дэлгүүрт хэд хэдэн их сургуулийн оюутан орж ирээд, Хэллоуины баяраар хүүхэлдэйн киноны Миньонийн шар өнгийн дүрд хувирахаар төлөвлөснөө хэлсэн байна. Гэвч нэг хувцас нь 60 ам.долларын үнэтэй байгааг мэдээд тэд ижил төстэй дүр төрхийг бий болгох нүдний шил, бээлий, малгай зэрэг жижиг хэрэгслүүд авахаар шийдвэрээ өөрчилжээ.
Дэлгүүрийн эзэн Лоренцо Кальтаджиронегийн хэлснээр, үнэ нэмэгдсэнийг анзаарсан хүмүүс зөвхөн эдгээр оюутнуудаар хязгаарлагдахгүй аж.
Түүний эзэмшдэг Total Party дэлгүүрт насанд хүрэгчдийн Хэллоуины баярын хувцас өмнөхөөсөө ойролцоогоор 10 ам.доллароор нэмэгдэж, одоо 50-70 ам.долларын үнэтэй болжээ. Үйлчлүүлэгчидтэйгээ үнэ тохиролцохдоо тэрбээр телевизийн алдартай “The Price Is Right” нэвтрүүлгийн оролцогч шиг болох хэрэгтэй болсон гэж ярьсан байна.
Кальтаджироне CNN-ын сувагт, тээврийн зардал сүүлийн нэг жилийн хугацаанд дор хаяж 20 хувиар нэмэгдсэн гэжээ. Түүний дэлгүүрийн хувцасны 95 орчим хувь нь Хятадаас, үлдсэн хэсэг нь Вьетнамаас импортлогддог. АНУ-д үйлдвэрлэсэн хувцас бараг л байдаггүй аж.
Гэсэн хэдий ч АНУ-ын Үндэсний жижиглэн худалдааны холбооны (NRF) тооцоолсноор, америкчууд энэ жил Хэллоуины баярын хувцас худалдан авахад 4.4 тэрбум ам.доллар зарцуулах төлөвтэй байна. Энэ нь өнгөрсөн жилийнхээс хоёр хувиар өссөн үзүүлэлт юм.
Вашингтон хотын Total Party/Total Fright дэлгүүрийн хувьд аравдугаар сар жилийн борлуулалтынхаа бараг талыг бүрдүүлдэг. Үүний 80 орчим хувь нь сарын сүүлийн долоо хоногт хийгддэг байна.
Ялангуяа интернэтээр захиалсан хувцас нь цагтаа ирээгүй хүмүүс баярын өмнөхөн дэлгүүрт яаран ирдэг аж. Кальтаджиронегийн хэлснээр, аравдугаар сарын сүүлийн долоо хоногт тус дэлгүүрт өдөрт дунджаар мянга гаруй үйлчлүүлэгч ирэх тохиолдол бий.
Тэрбээр далайн дээрэмчний цамц, колонийн үеийн хувцас зэрэг 300 ам.доллар хүртэл өндөр үнэтэй хувцас худалдан авах үйлчлүүлэгчид байсаар байгааг онцолжээ.
Хэллоуины баяр болохоор хүмүүс өөртөө болон гэр бүлийнхэндээ зориулж мөнгө харамгүй зарцуулах хандлагатай байдаг. Киноны Scream-ийн Ghostface дүр эсвэл Marvel-ийн Spider-Man зэрэг алдартай баатрын брэндийн хувцас авахын тулд хүмүүс илүү мөнгө төлөхөөс татгалздаггүй.
гэж тэрбээр ярьсан байна.
Вашингтон хотын зүүн өмнөд хэсэгт амьдардаг Камил Кэмпбелл 10 настай охиндоо Disney-ийн Toy Story хүүхэлдэйн киноны Жесси дүрийн хувцас авч өгчээ. Тэрхүү 50 ам.долларын хувцас дээр шүүгчийн цамц нэмж авснаар нийтдээ 75 орчим ам.доллар зарцуулсан байна.
Түүний хэлснээр, зарим хүн хүүхдэдээ баярын хувцас авахад ийм хэмжээний мөнгө зарцуулах боломжгүй. Гэхдээ баярын өмнөх өдөр сүүлийн мөчид хувцас авах шаардлагатай болсон учраас энэ удаа мөнгөө зарцуулах нь зүйтэй гэж үзжээ.
Гэвч Total Party дэлгүүрийн үйлчлүүлэгчдийн тоо өмнөхөөсөө цөөрсөн байна. 2025 онд Трампын засаг захиргааны хэрэгжүүлсэн холбооны төрийн албан хаагчдыг олноор нь ажлаас халах бодлого нь тус бүс нутгийн худалдан авагчдын нэг хэсгийг үгүй хийжээ.
Бараг 20 жил үйл ажиллагаа явуулсан тус дэлгүүр 2025 оны дөрөвдүгээр сард Виржиниа мужийн Кристал-Сити хотоос Вашингтон дахь Л'Энфант Плаза руу нүүсэн байна.
Бид үдэшлэгийн хэрэгсэл, өдөр тутмын мэндчилгээний карт зэрэг бүтээгдэхүүнээр үйлчлүүлэх тогтмол хэрэглэгчдийн баазтай болно гэж тооцоолж байсан. Гэвч төрийн байгууллагуудын цомхотголын улмаас тэрхүү хэрэглэгчдийн тоо эрс буурсан.
гэж Кальтаджироне ярьжээ.
Тиймээс тэрбээр нийлүүлэгчдээсээ ямар бараа импортлохоо илүү нягт сонгодог болсон байна. Борлогдохгүй бараа лангуун дээр удаан хэвтэхээс сэргийлж, зарим хувцсаа хямд үнээр борлуулах болсон нь хэрэглэгчид худалдан авалтаа улам сонголттой хийж байгаатай холбоотой аж.
Вашингтон хотын иргэн, 36 настай Дэвид Перез энэ жил санваартны дүр бүтээхэд шаардлагатай цөөн хэдэн хэрэгсэл л худалдан авчээ. Ингэснээр нийт 20 орчим ам.доллар зарцуулсан байна. Учир нь бүтэн хувцас авахад 30-40 ам.доллар шаардлагатай байжээ.
Инфляц нөлөөлж байгааг ойлгож байна. Гэхдээ одоо би өмнөх мөнгөөрөө бараг хоёр дахин бага зүйл авч байна.
гэж тэрбээр ярьсан байна.
Гэсэн ч Хэллоуин бол жилд ганцхан удаа тохиодог баяр учраас мөнгө илүү зарцуулахад үнэ цэнтэй үйл явдлын нэг гэж Перез үзэж байна.
Үнийн өсөлтөд мэдрэмтгий болсон баярын улирал
Үнэ өссөн ч Хэллоуины баярыг тэмдэглэдэг хүмүүс баярын хувцас худалдаж авах магадлал өмнөх жилүүдийнхтэй адил хэвээр байгаа гэж Кальтаджироне хэлжээ.
Хүмүүс санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа байх. Үнийн талаар гомдоллож магадгүй. Гэхдээ эцсийн эцэст тэд зээлийн картаа гаргаад л худалдан авалт хийдэг.
гэж тэрбээр ярьсан байна.
Үндэсний жижиглэн худалдааны холбооны (NRF) Аж үйлдвэр, хэрэглэгчийн судалгаа хариуцсан дэд ерөнхийлөгч Эллисон Зеллерийн хэлснээр, Хэллоуин нь хэрэглэгчдийн хувьд мөнгө зарцуулахыг чухалчилдаг баярын нэг хэвээр байна.
Гэхдээ хүмүүс энэ баярын улиралд худалдан авалт хийхдээ боломжийн үнэд илүү анхаарах болжээ.
NRF-ийн тооцоолсноор, америкчууд энэ жил Хэллоуины баярт нийт 13.5 тэрбум ам.доллар зарцуулах төлөвтэй байгаа нь өнгөрсөн жилийнхээс ойролцоогоор 400 сая ам.доллароор илүү юм.
Нэг хүнд ногдох дундаж зардал 115.14 ам.долларт хүрэх төлөвтэй байна. Энэ нь 2024 оны 103.63 ам.доллароос өссөн үзүүлэлт юм.
Үүний зэрэгцээ америкчууд баярын чихэр, амттанд 4.1 тэрбум ам.доллар зарцуулах тооцоо гарчээ.
Groundwork Collaborative байгууллагын мэдээлснээр, чихэр худалдан авагчид өнгөрсөн жилийнхээс 15 хүртэл хувиар илүү мөнгө төлж байна. Энэ нь нийт инфляцын өсөлтөөс бараг дөрөв дахин өндөр үзүүлэлт аж.
Шоколад үйлдвэрлэгч Hershey болон Ferrero компанийн бүтээгдэхүүний үнэ 19 хувиар нэмэгджээ. Үүнд Баруун Африкийн какаоны тариалангийн бүс нутгуудад цаг агаарын тааламжгүй нөхцөл үүссэн нь нөлөөлсөн байна.
Wells Fargo-гийн Хөдөө аж ахуй, хүнсний хүрээлэнгийн салбарын менежер Дэвид Бранч:
Какаоны үнэ ойрын хугацаанд мэдэгдэхүйц буурна гэж би бодохгүй байна. Үнэ тодорхой хэмжээгээр буурсан ч одоо дахин өсөж эхэлж байна.
гэж ярьжээ.
Бранчийн хэлснээр, шоколадны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор хүмүүс шоколадтай чихрийн худалдан авалтаа багасгаж эхэлсэн байна. Үүний зэрэгцээ үйлдвэрлэгчид ч бүтээгдэхүүнийхээ найрлагыг өөрчилж, шоколадтай хавтгай чихэрт вафли зэрэг хямд орц нэмэх болжээ.
Бусад төрлийн чихрийн үнэд элсэн чихэр, эрдэнэ шишийн сироп болон шатахууны зардал нөлөөлж байна.
Sour Patch Kids болон Swedish Fish зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Mondelez компанийн резинэн чихрийн үнэ 39 хувиар өссөн байна.
Америкчуудын хувьд Хэллоуины баярын гол бэлгэдлийн нэг болох хулууны үнэ ч бага зэрэг өссөн байна.
Виржиниа мужийн Калпепер хотын ойролцоох Round Hill Farm фермд өнгөрсөн жил зочид нэг фунт хулууг 70 центээр худалдан авч, өөрсдөө сонгон түүх боломжтой байжээ.
Харин фермийн эзэн Роб Фолконер дизель түлш болон бордооны зардал нэмэгдсэнтэй холбоотойгоор энэ жил нэг фунт хулууны үнэд 10 цент нэмжээ.
Гэхдээ тэрбээр үйлчлүүлэгчдийнхээ төлөө үнийг аль болох их нэмэхгүй байхыг хичээдэг аж.
Хулууны талбайд очиж хулуугаа өөрөө сонгон түүх, фермийн орчинд цагийг өнгөрүүлэх нь гэр бүлүүдийн хувьд дурсамж болон үлддэг. Биднийг хүүхэд байхад энд ирдэг байсан хүмүүс одоо насанд хүрч, өөрсдийн хүүхдүүдийг дагуулан ирж байна.
гэж Фолконер CNN-д ярьжээ.
Түүний хэлснээр, Хэллоуины баярын үнэ нэмэгдэж байгаа ч гэр бүлээрээ хамтдаа өнгөрүүлэх ийм дурсамж, туршлага хүмүүсийн хувьд үнэ цэнтэй хэвээр байна.