2020 оноос хойш хоригдож буй 30 настай Жошуа Вонг үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу хоёр удаа ял шийтгүүлсэн Хонконгийн цорын ганц тэмцэгч болж байна.

Хонконгийн ардчиллын төлөө тэмцэгч Жошуа Вонг БНХАУ-ын эсрэг гадаадын улс орнуудтай хамтран ажилласан хэрэгт буруугаа хүлээсний дараа 10 жилийн хорих ял сонслоо. Энэ нь түүнийг Хонконгийн үндэсний Аюулгүй Байдлын Тухай хуулийн дагуу хоёр дахь удаагаа яллаж буй тохиолдол юм.
Энэхүү хуулийг улс төрийн сөрөг хүчнийг дарангуйлах хэрэгсэл болгон ашиглаж байна гэж хүний эрхийн байгууллагууд болон шүүмжлэгчид үздэг.
2014 онд Хонконгод өрнөсөн ардчиллын төлөөх жагсаал цуглааны өсвөр насны бэлгэ тэмдэг болж, олон улсад танигдсан Вонг өнгөрсөн есдүгээр сард өөрт нь тулгасан “Гадаадын хүчинтэй хуйвалдсан” гэх хэрэгт буруугаа хүлээсэн юм.
Түүнийг цөллөгт амьдарч буй Хонконгийн идэвхтэн Натан Лоутай хамтран гадаадын улс орнуудыг Хятадын эсрэг хориг арга хэмжээ авах, бүслэлт тогтоох болон бусад дайсагнасан арга хэмжээ хэрэгжүүлэхийг уриалсан хэмээн буруутгажээ.
Пүрэв гарагт болсон шүүх хурлаар Дээд шүүхийн шүүгч Уильям Там Вонгийн үйлдлийг “Ноцтой шинж чанартай үйлдэл” гэж дүгнэсэн байна.
Шүүгчийн тайлбарласнаар Вонг 2020 онд Үндэсний аюулгүй байдлын тухай хууль батлагдахаас өмнө АНУ-д очиж, Хятадын дотоод хэрэгт гадаадын оролцоо бий болгохыг эрмэлзэж байжээ. Мөн уг хууль хэрэгжиж эхэлсний дараа ч Натан Лоугийн олон нийтийн сүлжээнд нийтэлсэн, Хятадын эсрэг хориг арга хэмжээ авахыг уриалсан мэдээллүүдийг түгээсээр байсан гэж үзсэн байна.
Шүүгчийн хэлснээр Вонгийн үүрэг нь “Далд дэмжлэг үзүүлэх”, мөн гадаадын улс орнуудын анхаарлыг татаж, тэднийг уг үйл хэрэгт татан оролцуулах явдал байжээ. Тэрбээр үүнийг гадаадын засгийн газруудтай хуйвалдсан төлөвлөгөөний нэг хэсэг гэж тодорхойлсон байна.
Вонгод оногдуулсан 10 жилийн хорих ялыг өмнөх үндэсний аюулгүй байдлын хэргээр эдэлж буй ялын үлдсэн хугацаатай зэрэгцүүлэн тооцохоор шийдвэрлэжээ.
Шүүхийн шийдвэрийн дараа Натан Лоу мэдэгдэл гаргаж, найз Жошуа Вонг нь Хонконгийн ардчиллын төлөө тайван замаар үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө дахин хорих ял сонссонд харамсаж байгаагаа илэрхийлсэн байна.

Тэрбээр:
Хонконгийн ардчиллын төлөө тайван замаар тэмцсэн тэмцлийнхээ төлөө найз Жошуа Вонг маань дахин ял сонссоныг харах үнэхээр харамсалтай байна. Энэхүү шийдвэр дэлхий нийтэд Хятад улс өөрийн нутаг дэвсгэр дээр эрх чөлөө, ардчилал тогтох бүх найдвар, боломжийг таслан зогсоохоор шийдсэнийг харууллаа.
гэжээ.
Олон улсын Эмнести Интернэшнл байгууллагын бүс нутгийн асуудал хариуцсан дэд захирал Сара Брукс мөн уг шийдвэрийг эрс шүүмжилсэн байна.
Тэрээр:
Өнөөдрийн оногдуулсан ял шийтгэл нь Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хууль улс орны аюулгүй байдлыг хамгаалахын оронд өөр үзэл бодол илэрхийлсэн хүмүүсийг шийтгэх хэрэгсэл болсныг дахин харууллаа.
хэмээн мэдэгджээ.
Шүүх хуралд Вонг хар хөх цамц, зузаан хүрээтэй нүдний шилтэй оролцсон бөгөөд шүүхийн танхимд ирсэн дэмжигчид рүү толгой дохин мэндчилж байв. Шүүхийн байрны гадна олон арван хүн түүний хэргийг хэлэлцэхийг хүлээн дугаарласан бөгөөд цагдаагийн хамгаалалтыг өндөржүүлсэн байжээ. Мөн олон улсын дипломат төлөөлөгчид шүүх хуралд оролцсон байна.
Жошуа Вонг 2024 оны арваннэгдүгээр сард Хонконгийн албан бус анхан шатны сонгуульд оролцсонтой холбоотойгоор засгийн эрхийг хууль бусаар өөрчлөхийг завдсан хуйвалдааны хэрэгт буруутгагдаж, дөрвөн жил найман сарын хорих ял авсан юм.
Тэрбээр бараг зургаан жилийн турш хоригдож байгаа бөгөөд анх 2027 оны нэгдүгээр сард суллагдах ёстой байжээ.
АНУ-ын Хонконг дахь Консулын газар Вонгийн эсрэг нэмж хорих ял оноосныг “эрс буруушааж” буйгаа илэрхийлээд, түүнийг нэн даруй суллахыг шаардсан байна.
Консулын газрын төлөөлөгч:
Вонг 2020 оны арванхоёрдугаар сараас хойш шударга бус байдлаар хоригдож байна. Энэ нь Хонконгод үндсэн эрх, эрх чөлөөний төлөө дуугарч буй хүмүүсийн амыг таглахын тулд Бээжин ямар хол явж чаддагийн илрэл юм.
гэж мэдэгджээ.
Өдгөө 30 настай Жошуа Вонг 2014 онд Хонконгод өрнөсөн “Шүхрийн хөдөлгөөн” (Umbrella Movement)-ийн үеэр олон улсын анхаарлын төвд орсон юм.
Тухайн үед ардчилсан сонгууль явуулахыг шаардсан жагсаал цуглаан Хонконгийн санхүүгийн төвийн үйл ажиллагааг саатуулж, залуу үеийнхний улс төрийн идэвхийг эрс нэмэгдүүлсэн билээ.
2014 оны аравдугаар сард Time сэтгүүл түүнийг нүүр хуудсандаа “Эсэргүүцлийн хөдөлгөөний нүүр царай” хэмээн онцолж байв.
Харин 2019 онд Хонконгийн иргэд сэжигтнүүдийг эх газрын Хятад руу шилжүүлэн өгөх тухай хуулийн төслийг эсэргүүцэн олноор жагсах үед Вонг 2014 оны эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцсон хэргээр хорих ял эдэлж байжээ. Гэвч жагсаал эрчимжсэн үеэр суллагдаж, тэр даруй гудамжны эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгдсэн байна.
Үүний дараа 2020 онд Бээжингийн эрх баригчид Хонконгийн тогтвортой байдлыг сэргээх зорилготой хэмээн тайлбарлаж, Үндэсний аюулгүй байдлын тухай өргөн хүрээтэй хуулийг баталсан юм.
Гэвч шүүмжлэгчдийн үзэж буйгаар уг хуулийг улс төрийн сөрөг хүчнийг онилох, иргэний нийгмийн байгууллагуудыг татан буулгах, хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн дуу хоолойг хязгаарлахад ашиглаж иржээ.
Жошуа Вонг бол Хонконгийн Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн хүрээнд хоёр удаа эрүүгийн хэрэгт татагдан ял шийтгүүлсэн цорын ганц идэвхтэн юм.

Зураг: Натан Лоу, Жошуа Вонг, Агнес Чау