
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн “Нутгийн номын сан” хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Номын өргөө”-г байгуулж, нээлтээ хийлээ.
Тус номын өргөөнд Оксфордын хэвлэлийн газраас эрхлэн гаргасан 1995 нэр төрлийн номыг дэлгэн байрлуулах бөгөөд хүүхэд багачуудын нас, онцлогт тохирсон, танин мэдэхүй, боловсрол, хүмүүжил, хөгжилд чиглэсэн ном зохиолуудыг унших боломж бүрдэх юм.

“Номын өргөө” нь хүүхдүүдийн ном унших хүсэл сонирхлыг нэмэгдүүлэх, номтой нөхөрлүүлэх, бага наснаас нь унших дадал, соёлыг төлөвшүүлэх, бие даан суралцах, мэдлэг боловсролоо хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой. Ингэснээр хүүхэд багачууд чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, өөрийн нас, сонирхолд нийцсэн ном зохиолтой танилцах, тав тухтай орчинд ном уншиж, мэдлэг мэдээллээ тэлэх таатай нөхцөл бүрдэж байна.