
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хурлаар Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн хохирол болон хүрэн баавгайн талаар мэдээлэл сонслоо.
Нөмрөгийн дархан цаазат газрын 79.8 хувь нь түймэрт өртсөн. Тус бүс нутагт 487 зүйл ургамал, 263 зүйл шувуу, 24 зүйл загас бүртгэгдсэн бөгөөд хүрэн баавгай, хандгай, халиун буга, бор гөрөөс зэрэг амьтдын амьдрах орчин болдог.
Түймрийн улмаас байгаль орчинд учирсан хохирлыг тогтоох хээрийн судалгаанд аравдугаар сарын 23-30-ны өдрүүдэд 50 гаруй албан хаагч, эрдэмтэн, судлаач оролцож байна.
Хохирлын үнэлгээг хиймэл дагуулын зураглал, газар дээрх хэмжилт, дээжлэлт, лабораторийн шинжилгээнд үндэслэн дөрвөн үе шаттайгаар гүйцэтгэж байна.
Хохирлын үнэлгээний урьдчилсан дүнг арваннэгдүгээр сарын 16-ны дотор гаргаж, Шүүх шинжилгээний байгууллагад хүргүүлэхээр төлөвлөжээ.
Мөн зэрлэг амьтдын өвөлжилтийг дэмжих зорилгоор 30,000 боодол өвс бэлтгэн, шаардлагатай байршилд хүргэхэд Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргана.
Улсын хэмжээнд 1986 онд хүрэн баавгайг тоолоход 500 орчим байжээ.
Өнгөрсөн хугацаанд 74 баавгайг аюулгүй болгож, 10 гаруй бамбаруушийг тэжээн байгальд нь буцаан тавьсан байна. Түүнчлэн ирэх жилээс баавгайн тооллогыг эхлүүлнэ.
Энэ жил зөвхөн манай улсын суурьшлын бүсэд бус Канад, Япон, ОХУ гээд олон улсад баавгай орж ирсэн нь зөвхөн идэш тэжээлийн хомсдол гэхээс илүүтэй уур амьсгалын өөрчлөлт нөлөөлж байгааг эрдэмтэд онцолсон гэх мэдээллийг өглөө.