Лхагва гарагт Египетийн Гиза мужид нефтийн бүтээгдэхүүн тээвэрлэж явсан автоцистерн осолдож, улмаар хүчтэй гал гарсны улмаас наад зах нь 31 хүн амиа алдаж, 21 хүн гэмтэж бэртсэн гэж Египетийн эрх баригчид мэдээллээ.
Египетийн Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, гал Каир хотын ойролцоох Имбаба дүүргийн Варрак орчим, Туннель 10-ын дээгүүр гарсан байна. Тус газарт 39 түргэн тусламжийн автомашин илгээж, гэмтсэн хүмүүсийг гурван эмнэлэгт хүргэжээ.
Египетийн Эрүүл мэндийн сайд Халед Абдельгаффар ойролцоох эмнэлгүүдийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж, ослын газар болон эмнэлгүүдэд очин аврах ажиллагаа, эмчилгээний явцыг хянан ажилласан байна.
Египетийн Эрүүл мэндийн сайд Халед Абдельгаффар ойролцоох эмнэлгүүдийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж, ослын газар болон эмнэлгүүдэд очин аврах ажиллагаа, эмчилгээний явцыг хянан ажиллаж байгаа аж.
Египетийн Газрын Тосны Яам өмнө нь хувийн компанийн эзэмшлийн автоцистерн замаас гарч осолдсоны дараа дэлбэрсэн гэж мэдээлжээ.
Египетийн прокурорын байгууллага нефтийн бүтээгдэхүүн тээвэрлэж явсан автоцистерн осолдож, гал гарсан хэргийн шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн байна. Мөрдөн байцаагчдыг ослын газар болон эмнэлгүүдэд илгээж, гэмтэж бэртсэн хүмүүсээс мэдүүлэг авч, амь үрэгдэгсдийн цогцсыг шалгажээ.
Прокурорын байгууллагын урьдчилсан тооцоогоор, галын улмаас автомашин, мотоцикл зэрэг нийт 27 тээврийн хэрэгсэл шатаж сүйдсэн байна.
Мөн хэн болох нь хараахан тогтоогдоогүй хоёр хохирогчоос ДНХ-ийн дээж авахыг прокурорууд үүрэг болгожээ. Мөрдөн байцаагчид ослын шалтгааныг тодруулахын тулд сүйрсэн тээврийн хэрэгслийн үлдэгдэл, учирсан хохирол болон осол гарах нөхцөл байдлыг нарийвчлан шалгаж байгаа аж.
Египетийн Улаан Хавирган Сар нийгэмлэг мөн ослын газарт болон эмнэлэгт яаралтай тусламжийн багуудаа илгээж, Иргэний хамгаалалт, түргэн тусламжийн ажилтнууд болон бусад байгууллагад дэмжлэг үзүүлжээ.
Египетийн Санхүүгийн Зохицуулах Хороо ослын улмаас амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэн болон гэмтэж бэртсэн хүмүүст нөхөн төлбөр олгох ажлыг түргэвчлэхийг Улсын Даатгалын Санд үүрэг болгосон байна.
Тус байгууллага лхагва гарагт гаргасан мэдэгдэлдээ, хохирогчдын ар гэрийнхэнтэй холбогдож, нөхөн төлбөр авахад шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэхэд нь тусална гэжээ.

Ослын газрын дүр зураг Зураг: Mohammed Salah / AP
CNN ослын газрын байршлыг тогтоосон олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн хоёр бичлэгт галын цар хүрээ болон осол болсон орчныг харуулсан байна.
Эхний бичлэгийг ослын газрын ойролцоо дээрээс нь авчээ. Уг бичлэгт хэд хэдэн тээврийн хэрэгсэл галд автаж, өтгөн хар утаа тэнгэрт суунаглаж байгаа нь харагдана. Мөн дараалсан дэлбэрэлтийн чимээ сонсогдох бөгөөд бичлэгийн цаанаас нэгэн хүн “Өө, Эзэн минь, хамгаалагч минь” хэмээн дуу алджээ.
Хоёр дахь бичлэгийг холоос авсан бөгөөд гал асар том талбайд тархаж байгааг харуулсан байна. Мөн хөдөлгөөн ихтэй гүүр, хурдны замын уулзвар, олон тооны автомашин болон хүмүүс холоос харагджээ.
Египетийн Эрүүл Мэндийн Яамны мэдээлснээр, эрх баригчид ослын нөхцөл байдлыг үргэлжлүүлэн хянаж, гэмтэж бэртсэн хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлж байгаа аж.