Бямба гарагийн өглөө АНУ-ын хоёр дахь том хот Лос-Анжелесийн ойролцоо урьдчилсан хэмжилтээр 5.0 магнитудын газар хөдлөлт болж, дараа нь олон арван удаагийн чичирхийлэл мэдрэгджээ. Газар хөдлөлтийн улмаас орон сууцнууд хүчтэй доргиж, далайн эргийн хотуудын дэлгүүрээс хүмүүс сандран гүйлдэн гарсан байна.

Лос-Анжелесийн олон улсын нисэх онгоцны буудалд таазны хавтангууд унаж, шил хагарсан бол дэлгүүрүүдийн зогсоол дахь автомашины дохиолол дуугарчээ. Зарим хүн дээрээс эд зүйл унахаас болгоомжилж, барилгаас гадагш яаралчлан гарсан байна.
Орон нутгийн албаныхны мэдээлснээр, Лос-Анжелесийн эргээс холгүй болсон газар хөдлөлтүүдэд хүний амь нас, эрүүл мэндэд хохирсон эсвэл томоохон эвдрэл сүйрэл үүссэн шинж тэмдэг одоогоор илрээгүй байгаа аж.
Газар хөдлөлт байнга тохиолддог бүс нутагт амьдардаг хүмүүсийн хувьд ч энэ удаагийн олон давтамжтай хүчтэй доргилт онцгой анхаарал татжээ. Учир нь Лос-Анжелес хотод ийм хэмжээний газар хөдлөлт хамгийн сүүлд арав гаруй жилийн өмнө болсон юм.
Редондо-Бич хотын оршин суугч, Калифорнид төрж өссөн 30 настай Жэйлин Менсингер долоон долоо хоногтой хүүхдээ тэврэн орондоо хэвтэж байхдаа газар хөдлөлтийг мэдэрчээ. Тэрээр хүүхдээ тэврэн өрөөнийхөө хаалганы тотго рүү яаран очин доор нь зогссон байна.
АНУ-ын Геологийн албаны (USGS) мэдээлснээр, эхний 5.0 магнитудын газар хөдлөлт орон нутгийн цагаар өглөөний 09:30 цагт Манхэттен-Бич далайн эргийн хотоос баруун-баруун өмнө зүгт 3.7 милийн (ойролцоогоор 6 км) зайд, газрын гадаргаас 7.6 милийн (12.2 км) гүнд болсон байна.
Албаныхан ойрын өдрүүдэд дахин чичирхийлэл үүсэх магадлалтайг анхааруулжээ.
Энд газар хөдлөлт байнга болдог гэдгийг санаарай. Энэ удаагийнх илүү хүчтэй, Лос-Анжелес хотод илүү ойр болсон ч хүмүүсийг амьдралаа хэвийн үргэлжлүүлэхэд ямар нэгэн саад байхгүй.
гэж Лос-Анжелес хотын дарга Карен Басс CNN-д ярьжээ.
Эхний газар хөдлөлтөөс хэдхэн минутын дараа АНУ-ын хоёр дахь том хот болох Лос-Анжелес даяар дахин чичирхийлэл мэдрэгдсэн байна.
Калифорнийн Технологийн хүрээлэнгийн газар хөдлөлийн судлаачдын мэдээлснээр, дор хаяж 40 удаа чичирхийлжээ.
АНУ-ын Геологийн алба 4.0 болон түүнээс дээш магнитудын дараах чичирхийлэл үүсэх магадлалыг 30 хувь гэж тооцоолсон байна.
Ингээд таамагласан чичирхийлэл үнэхээр болсон юм. Орон нутгийн цагаар 11:41 цагт 4.5 магнитудын дараах газар хөдлөлт болж, Лос-Анжелесийн Гал түймэртэй тэмцэх газар дахин газар хөдлөлтийн үеийн шуурхай ажиллагааны горимд шилжсэн байна.
Чичирхийллийн дараа Хотын дарга Карен Басс нийгмийн сүлжээндээ "Гал түймэртэй тэмцэх газрын хоёр дахь удаагийн хот даяарх үнэлгээгээр чухал дэд бүтцэд томоохон эвдрэл гарсан тухай мэдээлэл ирээгүй" гэжээ.
Дараагийн газар хөдлөлтийн голомт мөн Манхэттен-Бичээс баруун өмнө зүгт 3.7 милийн зайд байв. Доргилт Редондо-Бич хотод мэдрэгдэж, Vons хүнсний дэлгүүрийн зогсоол дахь автомашины дохиоллууд дуугарчээ.
Лос-Анжелесийн олон улсын нисэх онгоцны буудалд CNN-ийн сурвалжлагч Сара Сиднерийн мэдээлснээр, таазны хавтангууд болон тоос шороо унах үед хүмүүс ширээн доогуур түр хоргодсон байна.
Нисэх зурваст хийсэн шалгалтаар ямар нэгэн асуудал илрээгүй бөгөөд нислэгүүд хэвийн үргэлжилж байгааг нисэх буудлын удирдлагууд CNN-д мэдэгджээ. Барилга байгууламжийн шалгалт үргэлжилж байгаа ч хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан, томоохон эвдрэл гарсан тухай мэдээлэл байгаагүй аж.
Гэхдээ газар хөдлөлтийн улмаас нисэх буудлын зарим цонх хагарсан гэж хотын дарга Басс мэдээлсэн байна.
Хьюстон хотын оршин суугч Удуак Акпанакпуйо Лос-Анжелесийн нисэх буудалд United Airlines компанийн бүртгэлийн хэсгийн дэргэд зогсож байхдаа газар хөдөлж байгааг мэдэрчээ.
Түүний ярьснаар, барилга бүхэлдээ доргиж, шилэн цонхнууд хагарч унахыг харсан бөгөөд шил түүний толгойг онох шахсан байна.
Хотын захиргаа бямба гарагт нийгмийн сүлжээгээр дамжуулан оршин суугчид болон жуулчдыг уг байгууламжаас хол байж, хаалтын тэмдэглэгээг дагахыг хүсжээ.
Газар хөдлөлтийн чичирхийллийн голомтоос зүүн хойд зүгт ойролцоогоор 27 милийн (43 км) зайд орших Пасадена хотод хүртэл мэдрэгдсэн байна.
Пасадена дахь алдарт Rose Bowl цэнгэлдэх хүрээлэнд UCLA Bruins болон USC Trojans багуудын коллежийн хөлбөмбөгийн тоглолт бямба гарагийн үдээс хойш төлөвлөсний дагуу болжээ.
Лос-Анжелесийн Гал түймэртэй тэмцэх газрын хэвлэлийн төлөөлөгч Линдси Ланц эхний газар хөдлөлтийн дараа:
Барилга байгууламжид ноцтой гэмтэл учирсан, хүн бэртэж гэмтсэн тухай одоогоор мэдээлэл алга.
гэж мэдэгджээ.
Гал түймэртэй тэмцэх алба орон нутгийн цагаар 10:40 цагт газар хөдлөлтийн үеийн анхны шуурхай ажиллагаагаа дуусгаж, томоохон бүтцийн эвдрэл, хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүйг мэдээлсэн байна. Үүний дараа үйл ажиллагаагаа сэргээжээ.
АНУ-ын Геологийн албаны мэдээллээр, энэ удаагийн газар хөдлөлт нь 2014 онд Калифорнийн Оранж тойрогт болсон 5.1 магнитудын Ла-Хабрагийн газар хөдлөлтөөс хойшхи хамгийн хүчтэй нь болжээ.
Гэхдээ мэргэжилтнүүд бямба гарагийн газар хөдлөлт Ла-Хабрагийнхаас илүү гүнд болсон гэж тайлбарласан байна. Ла-Хабрагийн газар хөдлөлт газрын гадаргад илүү ойр байжээ.
АНУ-ын Геологийн албаны газар хөдлөлт судлаач Элизабет Кокран хэвлэлийн бага хурлын үеэр:
Энэ нь газар хөдлөлтийн долгион газрын гадарга руу хүрэхдээ илүү урт зай туулна гэсэн үг. Тиймээс газрын гадарга дээр мэдрэгдэх чичирхийллийн хүч арай бага байж болно.
гэж тайлбарлажээ.
Калифорнийн Технологийн хүрээлэнгийн геофизикийн судлаач, Гамшгийн тэсвэрлэх чадварын төвийн захирал Люси Жонс эхний газар хөдлөлт “Харьцангуй гүнд байсан” бөгөөд “Лос-Анжелесийн сав газрын ихэнх хэсэгт тод мэдрэгдсэн” гэж хэлсэн байна.
Энэ бол Лос-Анжелесийн бүс нутагт нэлээд удаан хугацаанд болсон хамгийн хүчтэй газар хөдлөлтүүдийн нэг.
гэж Жонс онцолжээ.
Түүний мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногт Лос-Анжелесийн эргээс холгүй гурван удаагийн 3 орчим магнитудын газар хөдлөлт болсон байна. Тэдгээрийн нэг нь Манхэттен-Бичийн ойролцоо, бямба гарагийн газар хөдлөлтийн голомттой бараг ижил бүсэд болжээ.
Жонс уг газар хөдлөлтийг бямба гарагийн хүчтэй газар хөдлөлтийн урьдал чичирхийлэл гэж үзэж болохыг хэлсэн байна. Бусад хоёр нь Сан-Педро болон өмнө зүгт Ньюпорт-Бичийн ойролцоо болсон аж.
Түүнчлэн Лос-Анжелес хотын төвөөс зүүн өмнө зүгт орших аж үйлдвэрийн Коммерс хотын ойролцоо арваннэгдүгээр сарын 20-ны үүрээр 3.9 магнитудын газар хөдлөлт болж, оршин суугчдыг нойрноос нь сэрээсэн гэж АНУ-ын Геологийн алба мэдээлжээ.