Кристис дуудлага худалдаагаар өчигдөр 12-р зууны үед урласан, зэс хайлшаар цутгаж алтадсан Манзушир бурхны сүрлэг баримал 137 сая 350 мянган хонконг доллар буюу 17 сая 507 мянга 976 ам.доллароор зарагджээ.
Олон худалдан авагчийн өрсөлдөөнтэй дуудлага худалдааны явцад анхны үнээсээ хоёр дахин өндөр үнэ давж зарагдсан байна.

Энэхүү бүтээл нь тухайн улирлын хамгийн өндөр үнээр зарагдсан урлагийн бүтээл болоод зогсохгүй, Гималайн бүсийн алтадмал хүрэл баримлын төрөлд (Төвдийн буддын шашны бурхдын хувьд) дэлхийн дуудлага худалдааны шинэ дээд үнийг тогтоосон байна.
Кристис дуудлага худалдааны ордноос зохион байгуулсан «Мэргэн ухааны сэргэлт: Азийн хувийн цуглуулгаас» нэртэй Буддын урлагийн шилдэг бүтээлүүдийн тусгай дуудлага худалдаа болон «Энэтхэг, Гималай, Зүүн Өмнөд Азийн урлаг» дуудлага худалдаа нийлээд 282 сая 984 мянга 400 хонконг доллар буюу 36 сая 71 мянга 964 ам.долларын борлуулалт хийжээ.

Энэ нь уг урлагийн төрөлд дэлхийн хэмжээнд урьд өмнө хүрч байгаагүй хамгийн өндөр борлуулалтын дүн болсон бөгөөд "Кристис" тус салбар дахь тэргүүлэх байр сууриа дахин бататгасан байна.
