Э.Мөнхчимэг: Өнөөдөр би Кембрижийн IGCSE түвшний “Top in Mongolia” шагналыг биологи болон хүрээлэн буй орчны менежментийн хичээлээр хүртлээ. Энэхүү шагнал нь тухайн хичээлээр Монгол Улсын хэмжээнд хамгийн өндөр үнэлгээ авсан сурагчид олгодог нэр хүндтэй шагнал юм.
Манай сургууль эдгээр хичээлээр хоёр жилийн турш системтэй бэлтгэдэг. Би 9, 10 дугаар ангидаа хичээлээ тууштай судалж, зорилготой бэлтгэл хийсэн. Шалгалтын дараа өөрийгөө төдийлөн сайн өгсөнгүй гэж бодож байсан ч дүнгээ хараад амжилттай оролцсоноо мэдсэн.
Миний энэ амжилтад гэр бүлийнхэн минь хамгийн том дэмжлэг болсон. Тэд намайг хичээлдээ төвлөрөх боломж бүрдүүлж, цаг зав, амралтаа зөв зохицуулахад үргэлж тусалж ирсэн. Өнөөдрийн энэ амжилт бол миний хичээл зүтгэлээс гадна гэр бүлийн минь дэмжлэгийн үр дүн гэж бодож байна.