
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Европын гурван улс болох ХБНГУ, Финланд, Беларусь улсад хийх айлчлалынхаа үеэр Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Жавхланг 2027 оны зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх амбицыг нь дэмжиж байгаагаа албан бусаар илэрхийлсэн гэх яриа МАН-ын дотоод хүрээнд идэвхтэй өрнөж эхэллээ. Улс төрд хэн нэгний нэрийг онцлоно гэдэг зүгээр нэг яриа төдий биш байх нь олонтаа.
Ялангуяа Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн иймэрхүү дохиог намчид анзаарахгүй өнгөрнө гэж үгүй. Тэгэхээр Б.Жавхлангийн нэр гэнэт тодорсон нь санамсаргүй хэрэг үү, эсвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дараагийн нүүдэл үү? МАН-ын тогоонд энэ асуулт аль хэдийнэ тавигдаж эхэлээд буй!
СӨРӨГ ХҮЧНЭЭС ЕРӨНХИЙЛӨГЧ ТАВИХ У.ХҮРЭЛСҮХИЙН НҮҮДЭЛ
Өнгөрсөн цагаан сарын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй золгохоор очсон сэтгүүлчдэд хэлсэн түүний "ҮГ" улс төрийн хүрээнд багагүй таамаг дэгдээсэн.
Тэрбээр дараагийн Ерөнхийлөгчийн талаар төсөөлж ярихдаа "Наснаасаа овор багатай харагддаг, нуруулаг, царайлаг, хэл устай, гадныхантай хэл амаа ололцдог, сөрөг хүчний хүн байвал дээр юм уу гэж бодогдох болсон" гэсэн юм. Энэ үгийг зарим нь Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвших хүнийг У.Хүрэлсүх дэмжих нь гэсэн дохио гэж тайлж ойлгосон. Бүр С.Баярцогтын нэрийг ч холбон бодож, ярьсан хүн цөөнгүй.
Гэхдээ улс төрийн үг бүрийг шууд утгаар нь ойлгох нь гэнэн хүний шинж. У.Хүрэлсүх шиг өөрийн гэсэн таамаглашгүй арга барил, улс төрийн тоглолттой хүн сөрөг хүчнийхээ нэр дэвшигчийг дэмжихээ урьдчилан зарлаж, өөрийн намын өрсөлдөгчдийг хөөргөж, нөгөө талынх нь дотоод зөрчлийг өдөөх боломжийг ашиглахгүй гэж үү?
Нөгөөтэйгүүр, Монголын улс төрд хэн нэгнийг магтах нь заавал дэмжиж байгаагийн шинж биш. Заримдаа өрсөлдөгчдөө магтах нь өөрийнхөө талд байгаа хүнийг шахах хамгийн эвтэйхэн арга байдаг. Харин С.Баярцогтын тухайд Ерөнхийлөгчийн зүгээс дэмжлэг үзүүлж байгаа гэх яриа нь бодит улс төрийн тохиролцоо гэхээсээ илүү таамаг төдий зүйл.
Түүний улс төрийн намтар, олон нийтийн дундах үнэлэмж, гарал үүсэл нь маргаантай асуудлуудыг бодоод үзсэн ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүх түүнийг өөрийн биеэр Ерөнхийлөгчийн сонгуульд хөтлөн оруулна гэж үзэхэд эргэлзээтэй. Тэгэхээр Цагаан сарын тэр үгний цаана хэн нэгнийг дэмжихээс илүүтэй өөрийн намын доторх өрсөлдөгчдөд өгсөн улс төрийн дохио "Үгэн дотор ҮГ үхэг дотор гиваа" байсан юм биш биз?
ХӨӨРХИЙ ДӨӨ, Г.ЗАНДАНШАТАР...
Өнгөрсөн Цагаан сарын үеэр Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай яриан дунд хамгийн их нэр холбогдож байсан хүн бол УИХ-ын дарга, Ерөнхий сайд асан Г.Занданшатар байв. МАН-аас нэр дэвших батламжаа авчихсан мэт аяглаж, Ерөнхийлөгчийн суудалд суух нь бараг л цаг хугацааны асуудал мэт өөрийгөө төсөөлж явсан гэх яриа ч гарч байлаа. Гэвч улс төрд өөрийгөө аль хэдийнэ сонгогдчихсон гэж бодсон хүн хамгийн түрүүнд сонгуулиас хасагдах эрсдэлтэй байдаг.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гэсэн төрийн гурван өндөр албан тушаалыг бүгдийг нь хашиж байсан ганц хүн бол Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр. У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болсноор эдгээрийн хоёрыг нь хашлаа. Харин Г.Занданшатар Ерөнхийлөгч болвол Н.Энхбаярын улс төрийн замналыг давтах боломжтой байсан юм. Гэвч албан тушаалын жагсаалт урт байх нь Ерөнхийлөгч болох баталгаа биш.
Г.Занданшатарын хувьд хамгийн том асуудал нь улс төрийн амбицдаа бус, харин тэр амбицаа хэрэгжүүлэхдээ гаргасан арга барилд нь алдаа байгаа болов уу. Тэрбээр МАН-ын даргын төлөөх өрсөлдөөнд хүссэн үр дүндээ хүрч чадаагүй. Үүний дараа намын дотоод зөрчил улам хурцдаж, Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилон улс төрийн тэмцлийг дотоддоо өрдсөн. Намынхаа дотоод өрсөлдөгчдөд төрийн эрх мэдлийн хүчээр хариу барих гэж оролдсон нь МАН-ын олон фракцад таатай сэтгэгдэл төрүүлээгүй нь лавтай. Бүүр олон дайсан төрүүлж, өөр рүүгээ чиглүүлсэн. Ерөнхийлөгч болох хүн намынхаа доторх өш хонзонгийн тооцоог төрийн эрх мэдлээр хийх гэж байна гэсэн ойлголт төрүүлсэн нь гамшиг.
Ерөнхийлөгчийн суудал бол намынхаа өрсөлдөгчдөөс хариугаа авах тайз биш, харин улс орны эв нэгдлийг илэрхийлэх институц. Тэгээд ч У.Хүрэлсүхийн хувьд Г.Занданшатарт хангалттай боломж олгосон гэж үзэх үндэслэл бий. Түүнийг Ерөнхий сайдаар үргэлжлүүлэн ажиллуулахын тулд томоохон улс төрийн эрсдэл үүрсэн. Гэвч түүний хүлээлтэд нь Г.Занданшатар хүрсэнгүй. Эцэст нь Ерөнхий сайдын суудалд залуу үеийн төлөөлөл хэмээн тодорхойлогдож буй Н.Учралыг авчирч, Г.Занданшатарыг улс төрөөс зайлууллаа. Одоо бол Г.Занданшатар хэн ч биш болсон. Энэ бол зүгээр нэг албан тушаалын сэлгээ биш. МАН-ын ирээдүйн удирдлага, дараагийн сонгуулийн өрсөлдөөнийг хэн тодорхойлох вэ гэдэг асуудлын нэг хэсэг байж мэднэ.
Г.Занданшатарын хувьд хамгийн хүнд цохилт нь Ерөнхий сайдын суудлаас буусан явдал биш. Харин өөрийг нь Ерөнхийлөгчийн сонгуульд хөтлөн оруулна гэж найдаж байсан улс төрийн дэмжлэг нь суларч, бүүр үгүй болсон явдал. Өөрөөр хэлбэл, тэр Ерөнхийлөгч болох гэж гүйж байгаа ч Ерөнхийлөгчийн зүгээс түүнийг тосож авах эсэх нь тун эргэлзээтэй бараг л үгүй болов уу!
Б.ЖАВХЛАНГИЙН НЭР ЯАГААД ГЭНЭТ ТОДРОВ?
Хэрэв Г.Занданшатарын боломж хумигдаж байгаа бол түүний орон зайг хэн нөхөх вэ? Энэ асуултад Б.Жавхлангийн нэр хариулт болж гарч ирж байна. Сангийн сайдаар ажиллаж байсан, төрийн санхүү, төсвийн бодлогын асуудлаар тодорхой туршлага хуримтлуулсан, нам дотроо харьцангуй өөр дүр төрхтэй улс төрч. Тэрбээр намынхаа дотоод зөрчилд хэт гүн хутгалдаагүй, олон нийтийн өмнө улс төрийн хурц дайралтаар өөрийгөө тодорхойлдоггүй гэдгээрээ бусдаас ялгардаг. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч сонгохдоо МАН-д зөвхөн рейтинг, албан тушаалын туршлага хангалтгүй. Хамгийн чухал нь тухайн хүн У.Хүрэлсүхийн улс төрийн өвийг үргэлжлүүлэх үү, намын дотоод эв нэгдлийг хадгалах уу, дараагийн Ерөнхийлөгчөөр ажиллахдаа одоогийн эрх мэдлийн тэнцвэрийг хэрхэн авч явах вэ гэдэг асуудал.
Энэ өнцгөөс харвал Б.Жавхлангийн нэрийг дэвшүүлж байгаа гэх яриа огт үндэслэлгүй сонсогдохгүй. Гэхдээ нэг зүйлийг мартаж болохгүй. Сангийн сайд байх, Ерөнхийлөгчийн сонгуульд ялах хоёр бол тэс өөр шалгуур. Төсөв, мөнгөний бодлого мэддэг байх нь гадаад бодлого, үндэсний эв нэгдэл, Үндсэн хуулийн баталгааны асуудлыг удирдах чадвартай гэсэн үг биш. Б.Жавхлангийн хувьд хамгийн том сорилт нь өөрийн улс төрийн бие даасан дүр төрхийг бий болгож чадах эсэх. Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй нэр дэвшигч гэдэг шошго сонгуульд давуу тал болохын зэрэгцээ бие даасан манлайллын эрсдлийг үүсгэж мэднэ. Гэхдээ улс төрийн сонголт хийхэд заримдаа хамгийн чанга дуугардаг хүн бус, хамгийн бага эрсдэл дагуулдаг хүн ялдаг.
У.ХҮРЭЛСҮХИЙН ДАРАА ХЭН ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХ ВЭ?
У.Хүрэлсүхийн хувьд 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль зүгээр нэг залгамжлагчаа тодруулах асуудал биш. Өөрийнх нь улс төрийн нөлөө, МАН-ын дотоод хүчний харьцаа, дараагийн сонгуулийн өмнөх эрх мэдлийн зохион байгуулалтад нөлөөлөх томоохон тоглолт байх нь ойлгомжтой. Тэрээр өөрийнх нь улс төрийн замналыг үргэлжлүүлэх, намын дотоод зөрчлийг дахин дэвэргэхгүй, өөрийнх нь байгуулсан эрх мэдлийн тэнцвэрийг эвдэхгүй хүнийг илүүд үзэх магадлалтай. Энэ шалгуураар харвал Г.Занданшатарын улс төрийн амбиц У.Хүрэлсүхийн хүлээлттэй зөрчилдөж эхэлсэн байж болох юм. Харин Б.Жавхлангийн хувьд одоогоор илүү боломжит хувилбар мэт харагдаж байна.
Гэхдээ МАН-ын Ерөнхийлөгчийн сунгаа зөвхөн энэ хоёр хүний хооронд өрнөхгүй. Намын дарга, Ерөнхий сайд, УИХ дахь бүлэг, фракцуудын ашиг сонирхол тус бүрдээ нөлөөлнө. Н.Учралын байр суурь ч энэ тоглолтын гадна үлдэхгүй. Эцсийн дүндээ У.Хүрэлсүх хэнийг дэмжихээс гадна МАН-ынхан хэнийг дэмжих вэ гэдэг асуудал чухал. Улс төрд хамгийн том алдаа бол өөрийгөө аль хэдийнэ сонгогдчихсон гэж бодох. Г.Занданшатар үүнийг мэдэрсэн байх. Харин Б.Жавхлан одооноос Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бэлтгэлээ базааж эхэлсэн бололтой гэх яриа түүний нэрийг улам тодруулж байна.
Тэгэхээр Ерөнхийлөгчийн сунгаанд хэн хасагдаж, хэн үлдэх вэ?
Г.Занданшатарын хувьд Ерөнхийлөгчийн суудал руу хөтлөх зам нь улам нарийссан. Б.Жавхлангийн хувьд харин хаалга нь дөнгөж нээгдэж байж мэднэ. Монголын улс төрд нэг л үнэн бий. Нэр дэвшигч өөрийгөө Ерөнхийлөгч болчихсон гэж бодож болно. Гэхдээ эцсийн шийдвэрийг сонгогчид гаргана. Харин намын доторх сунгаанд эхлээд хэн үлдэхийг эрх мэдэлтэй хүмүүс шийддэг.
Ерөнхийлөгчийн суудалд суух мөрөөдөл олон хүнд бий. Харин тэр суудалд хэнийг суулгахыг хүсэж байгаа хүн ганцхан байж мэднэ.