
Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат, Монгол улсын өсөх идэр начин Очирын Пүрэв агсны нэрэмжит Өмнөговь аймгийн үндэсний бөхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн 32 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж байна.
Тэмцээнд аймгийн 15 сумын 250 гаруй өсвөрийн бөх оролцож, уран мэх, бяр хүчээ сорин өрсөлдөж байна.
Тэмцээний нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга бөгөөд Өмнөговь аймгийн Үндэсний бөхийн холбооны тэргүүн Н.Энхбат оролцож, үндэсний бөхийн өв уламжлалыг хойч үедээ өвлүүлэн, спортоор хичээллэж буй хүүхэд, багачууддаа амжилт хүслээ. Мөн цаашид Өмнөговь нутгаас улсын цолтой олон хүчтэн төрөн гарч, үндэсний бөхийн уламжлал, залгамж халаа тасралтгүй үргэлжлэхийг ерөөн, Монгол улсын өсөх идэр начин О.Пүрэв агсны гэр бүл, хань, үр хүүхдүүдэд хүндэтгэл үзүүллээ.