
Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Э.Анар газар, хэлтсийн захирлуудын хамтаар БНХАУ-ын Ардын Банкны Өвөр Монголын Өөртөө Засах Орны салбарын ерөнхийлөгч Лю Вэй тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Талууд макро эдийн засгийн нөхцөл байдал, хил дамнасан төлбөр тооцооноос эхлээд санхүүгийн хамтын ажиллагааны цаашдын чиглэлийн талаар санал солилцож, Төв банкны дижитал мөнгөнд суурилсан хил дамнасан төлбөр тооцооны mBridge төсөл, Үндэсний ₮ картыг БНХАУ-д ашиглах боломж, Монголын хоёр банк CIPS системд нэгдсэн туршлага болон бусад банкийг тус системд шууд оролцогчоор хамруулах боломжийг хэлэлцлээ.


💪🔥 Гурван өдрийн турш үе шаттайгаар зохион байгуулагдаж буй “Physical UHG” спортын тэмцээний эхний өдрийн зургуудаас хүргэж байна. 📸🏆
Монголбанк, Хятадын Ардын Банк хооронд 2011 онд байгуулсан Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээг 2026 онд дахин сунгасан. Талууд уг хэлцлийг хоёр улсын гадаад худалдааг дэмжих үндсэн зорилгод нийцүүлэн, харилцан үр ашигтай ашиглах чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдлээ. Сүүлийн гурван жилд Монголбанкны юанийн багц 70 орчим хувиар өсөж, 2026 оны III улирлын эцсийн байдлаар мөнгөжсөн алтнаас бусад нөөцийн 10 орчим хувийг бүрдүүлжээ. Монголбанк 2026 оны тавдугаар сараас БНХАУ-ын банк хоорондын бондын зах зээлд нэвтэрч, Засгийн газрын үнэт цаасанд хөрөнгө оруулж эхэлсэн бөгөөд юанийн хөрөнгө оруулалтын хэрэгслийг цаашид төрөлжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Түүнчлэн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хяналт шалгалтын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдаа, төлбөр тооцоотой холбоотой эрсдэл болон албан бус мөнгөн шилжүүлгийн сүлжээнд тавих хяналт, зохицуулалтын талаар мэдээлэл, туршлага солилцох боломжийг ч хэлэлцэв.
Уулзалтын төгсгөлд талууд хоёр улсын Төв банкны харилцан ойлголцлыг бэхжүүлж, тохиролцсон чиглэлүүдийн хүрээнд хамтын ажиллагааг бодит ажил хэрэг болгон хөгжүүлэхээ илэрхийллээ.









