
“Хонконгийн Финтек долоо хоног”-ийн хүрээнд 2026 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Хонконгт “Токенжуулалтын өдөр: Арилжааны хэрэглээнд хүрэх зам” сэдэвт дугуй ширээний уулзалт зохиогдлоо.
Хонконгийн Төв банк, Олон улсын төлбөр тооцооны банкны Хонконгийн инновацын төв, Хонконгийн Үнэт цаас, фьючерсийн хороо хамтран зохион байгуулсан тус уулзалтад Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Э.Анар Хонконгийн Төв банкны гүйцэтгэх захирал Нельсон Чоугийн урилгаар оролцов.

Уулзалт нь “Ensemble” төслийн хүрээнд токенжуулалтыг арилжааны хэрэглээнд нэвтрүүлэхэд чиглэсэн гурван хэлэлцүүлгээс бүрдэв. Тэргүүн дэд Ерөнхийлөгч Э.Анар эдгээр хэлэлцүүлэгт бусад улсын төв банк, олон улсын банк, санхүү, хөрөнгө оруулалт, бизнесийн салбарын төлөөлөлтэй токенжуулалтыг өргөн хүрээнд хөгжүүлэхэд шаардлагатай бодлого, үйл ажиллагаа, эрх зүйн зохицуулалтын талаар санал, туршлага солилцлоо.

Сүүлийн жилүүдэд Хонконгийн токенжуулалтын экосистемд гарсан томоохон ахицын нэг нь “Ensemble” төсөл юм. Зохицуулагч байгууллагууд, санхүүгийн байгууллагууд болон зах зээлийн шинийг санаачлагчдын хамтын ажиллагааны үр дүнд хэрэгжиж буй тус төсөл нь хяналттай орчинд бодит үнэ цэн бүхий токенжуулсан гүйлгээ хийх туршилтын шатанд шилжээд байна.
“Ensemble” төсөл нь бонд, мөнгөний зах зээлийн сангийн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаа, төлбөр тооцоо, банк хоорондын репо арилжаа зэрэг санхүүгийн зах зээлийн олон чиглэлд токенжуулалтыг нэвтрүүлэх зорилготой.
#Монголбанк | #BankofMongolia | #BoM