Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи Монголд гарсан хээрийн түймэрт хариу арга хэмжээ авахдаа хэт удаан хүлээсэн гэх шүүмжлэлтэй тулгараад байна. Түймэр гарснаас хойш бараг гурван долоо хоногийн дараа Японы тал анх удаа албан ёсны байр сууриа илэрхийлсэн нь олон нийтийн дургүйцлийг төрүүлжээ.

Түймэр аравдугаар сарын 8-нд Монголын зүүн хэсэгт орших Дорнод аймгийн Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан юм. Гал нийт 530 мянган га орчим талбайг хамарч, аравдугаар сарын 16-нд бүрэн унтраах хүртлээ үргэлжилжээ. Энэ нь Токио хотын газар нутгийн хэмжээнээс ойролцоогоор 2.4 дахин том талбайтай тэнцэх хэмжээний нутаг дэвсгэр юм.
Түймэр гарахад Монголын хамгийн том үүрэн холбооны оператор болох, Японы KDDI компанийн охин компани Мобиком корпорацийн Гүйцэтгэх захирал болон ажилтнуудыг тээвэрлэж явсан автомашин шалтгаан болсон байж болзошгүй гэж үзэж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Японы компанид хандах монголчуудын бухимдал, шүүмжлэл одоо ч намжаагүй байна.
Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи аравдугаар сарын 29-нд Монгол Улсын Ерөнхий сайдтай утсаар ярилцсаны дараа өөрийн X хуудсаар дамжуулан эмгэнэл, харамсал илэрхийлжээ. Гэвч цахим орчинд олон хүн Японы хариу үйлдлийг дэндүү оройтсон хэмээн шүүмжилсэн байна.
Түүнчлэн түймрийн гал Хятадын хил рүү ойртох үед Бээжин хил орчмын нутаг дэвсгэртээ 3'400 орчим аврах, шуурхай албаны ажилтан дайчлан ажиллуулсан юм. Гэтэл Япон улс Хятадын талд ямар нэгэн мэдэгдэл, байр суурь илэрхийлээгүй нь мөн шүүмжлэл дагуулжээ.
Японы Засгийн газар Монголд нөхөн сэргээх ажилд туслалцаа үзүүлэхээ амлаж, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-аар дамжуулан мэргэжилтнүүд илгээхээр болсон байна.
Гэвч тусламж, хариу арга хэмжээ ийнхүү удааширсан нь Япон улс Монгол болон Хятад гэсэн хоёр хөрштэйгөө тогтоосон харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж ажиглагчид үзэж байна.