
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг мөнхжүүлэх 31 дэх өдрийг хүндэтгэн өнгөрүүлэх хүрээнд “Монголд гарсан улс төрийн хэлмэгдүүлэлт: Дүгнэлт, сургамж” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор О.Батсайхан Монгол Улсад өрнөсөн улс төрийн хэлмэгдүүлэлтийн түүхэн үйл явц, түүний шалтгаан нөхцөл, үр дагавар болон өнөөдөр бидний авч үлдэх түүхэн сургамжийн талаар илтгэл танилцуулав. Мөн ШУТИС-ийн багш, түүхийн ухааны доктор Х.Мөнхбаяр “Улс төрийн хэлмэгдүүлэлт ба цагаатгал: Хэлмэгдүүлэлтийн түүхэн үнэнийг тогтоох, шударга ёсыг сэргээх үйл явц” сэдвээр мэдээлэл, илтгэл хүргэлээ.
Энэхүү хэлэлцүүлэг нь Монгол Улсын түүхийн хуудсанд хар толбо болон үлдсэн Их хэлмэгдүүлэлтийн гашуун сургамжийг мартахгүй, дахин давтахгүй байх, хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх, түүхэн үнэнийг хойч үедээ зөвөөр өвлүүлэн үлдээх, цагаатгалын үйл явцын ач холбогдлыг олон нийтэд таниулах ач холбогдолтой.
