
Өмнөговь аймгийн Жюү жицүгийн холбооны дэргэдэх “Говь Пантера” дэвжээний тамирчин Байгалийн Цолмон жюү жицүгийн спортын дэлхийн аварга болж, эх орон, говь нутгийнхаа нэрийг олон улсын дэвжээнд өндөрт өргөлөө.

Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо зохион байгуулагдсан AJP холбооны жюү жицүгийн бүсний ангилалтай дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 130 орны 12 мянга гаруй тамирчин оролцсон бөгөөд Монгол Улсаас 70 орчим тамирчин хүч сорьжээ.
Тус тэмцээний цэнхэр бүсний Master 2 ангиллын -77 кг-ын жинд Өмнөговь аймгийн Баяндалай сумын харьяат “Говь Пантера” дэвжээний тамирчин Б.Цолмон амжилттай өрсөлдөж, алтан медаль хүртэн дэлхийн аваргаар шалгарсан байна. Аваргын төлөөх барилдаанд Казахстаны Калкаман Еркинбаевыг ялсан бөгөөд тэмцээний өмнөх шатуудад ОХУ, Тажикистаны хүчтэй өрсөлдөгчдийг ялсан байна.
Б.Цолмон нь 2022 оноос жюү жицүгийн спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд улсын болон олон улсын чанартай тэмцээнүүдэд амжилттай оролцож, энэ удаа дэлхийн дэвжээнд аваргын алтан медаль хүртсэн нь түүний спортын замналын томоохон амжилт болж байна.
Дэлхийн аваргын алтан медаль хүртэж, эх орон, аймаг орон нутгийнхаа нэрийг дэлхийд дуурсгасан тамирчин Б.Цолмонг Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.