Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд орчин үеийн технологид суурилсан 1.5 Теслагийн шингэн гелигүй соронзон резонансын томограф (MRI) аппарат суурилуулж, ашиглалтад оруулахад бэлэн боллоо.
Тус тоног төхөөрөмж нь улсын хэмжээнд шингэн гелигүй 1.5 Теслагийн MRI технологи нэвтрүүлсэн 3 дахь, орон нутагт 2 дахь тохиолдол болж байгаа бөгөөд Өмнөговь аймгийн иргэдэд өндөр түвшний дүрс оношилгооны үйлчилгээг орон нутагт нь авах боломжийг бүрдүүлж байна.
Шинэ MRI аппаратыг нэвтрүүлснээр соронзон резонансын дүрс оношилгооны тусламж, үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, шаардлагатай тохиолдолд иргэдийг нийслэлийг зорих шаардлагыг бууруулах, оношилгоог цаг алдалгүй хийх нөхцөл бүрдэх юм.
ДҮРС ОНОШИЛГООНЫ НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ЭМЧ, МЭРГЭЖИЛТНИЙГ БЭЛТГЭЖ БАЙНА
Орон нутгаас шинээр суурилуулсан MRI аппаратыг ажиллууллах, оношилгоо хийх мэргэжлийн эмчийг 2 жилийн хугацаанд сурган дадлагажуулж байна.
ШИНГЭН ГЕЛИГҮЙ MRI ТЕХНОЛОГИ
Шингэн гелигүй MRI нь уламжлалт MRI системээс ялгаатайгаар хөргөлтийн системд шингэн гелийн хэрэглээгүй технологийг ашигладаг. Энэ нь гелийн нөөц дуусах, дахин цэнэглэх шаардлагаас шалтгаалан тоног төхөөрөмжийн үйл ажиллагаа доголдох эрсдэлийг бууруулах, ашиглалтын тасралтгүй байдлыг хангахад давуу талтай.
Мөн орчин үеийн дүрс боловсруулалт, автоматжуулсан программ хангамж болон хиймэл оюун ухаанд суурилсан шийдлүүдийг ашигласнаар дүрсний чанарыг сайжруулах, эмчийн оношилгооны ажлын үр ашгийг нэмэгдүүлэх боломжтой.
ОНОШИЛГООНЫ ҮЙЛЧИЛГЭЭГ ОРОН НУТАГТ НЬ ХҮРГЭНЭ
MRI шинжилгээ шаардлагатай иргэд өмнө нь уг үйлчилгээг авахын тулд Улаанбаатар хотыг зорих шаардлага гардаг байсан. Ингэснээр шинжилгээний төлбөрөөс гадна зам, байр, хоол зэрэг дагалдах зардал гардаг.
Тооцооллоор MRI шинжилгээ хийлгэхээр нийслэлийг зорьж буй иргэдийн нэг удаагийн зорчих, байрлах болон бусад холбогдох зардал ойролцоогоор 1–1.5 сая төгрөгт хүрэх тохиолдол байдаг.
Иймээс иргэдэд шаардлагатай оношилгооны тусламж, үйлчилгээг орон нутагт нь үзүүлэх, эрт илрүүлэг болон оношилгооны хүртээмжийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлагыг харгалзан аймгийн ИТХ-аар шаардлагатай хөрөнгийг батлан шийдвэрлэж, MRI аппаратыг БОЭТ-д суурилуулсан юм.
MRI аппаратын нийлүүлэлт, суурилуулалт, ашиглалтад бэлтгэх ажлыг эмнэлгийн тоног төхөөрөмжийн импорт, нийлүүлэлт, суурилуулалт, засвар үйлчилгээний чиглэлээр 21 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй “Си Ай Ти” ХХК гүйцэтгэлээ.
Тус компани нь өмнө нь Өмнөговь аймгийн БОЭТ-д дүрс оношилгооны тоног төхөөрөмж нийлүүлж байсан бөгөөд 2023 онд БОЭТ-д шаардлагатай томографын аппарат нийлүүлэн өнөөдрийн байдлаар 6400 иргэнд дүрс оношилгооны үйлчилгээг үзүүлсэн байна.
Ийнхүү Өмнөговь аймагт орчин үеийн 1.5 Теслагийн шингэн гелигүй MRI технологийг нэвтрүүлэн иргэдэд шаардлагатай дүрс оношилгооны үйлчилгээг орон нутагт нь үзүүлэх боломжийг бүх талаар нь хангаж хүний нөөцийг сургаж бэлтгэх ажлыг зохион байгуулж нарийн мэргэжлийн эмчийг сурган дадлагажуулах ажлыг мөн орон нутгаас хэрэгжүүлж байна.