
Өмнөговь аймгийн гоо сайханч О.Буяндэлгэр Бүгд Найрамдах Солонгос Улсад зохион байгуулагдсан олон улсын гоо сайхны ур чадвар, уран бүтээлийн тэмцээнд амжилттай оролцож, Makeup болон Wax төрлөөр Гранпри шагналын эзэн боллоо.
Тус олон улсын арга хэмжээ нь гоо сайхны салбарын мэргэжлийн ур чадвар, бүтээлч сэтгэлгээ, техник арга барилыг олон улсын түвшинд сорьдог нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг юм.
2026 оны 10 дугаар сарын 31-нд БНСУ-ын Сөүл хотод болсон 25 дахь удаагийн International Beauty Art Fair тэмцээнд 13 орны 1,300 орчим оролцогч оролцож, нүүр будалт, үс засалт, хумс, арьс арчилгаа зэрэг гоо сайхны олон төрлөөр ур чадвараа сорин өрсөлджээ.
Энэхүү нэр хүндтэй тэмцээнээс Гранпри шагналын эзнээр Монгол улсаас анх удаа тодорсон Өмнөговь аймгийн Баяндалай сумын харьяат гоо сайханч О.Буяндэлгэрт халуун баяр хүргэе.