
Улсын Их Хурлын Тамгын газар хуулийн төслийн эх барьж ажилладаг зөвлөхүүддээ зориулсан дотоод сургалтыг 2026 оны 04 дүгээр сараас эхлэн тогтмол зохион байгуулж байна.

Өнөөдрийн (2026.10.19) ээлжит сургалтаар хиймэл оюуныг парламентын үйл ажиллагаанд нэвтрүүлэх, ашиглах асуудлыг хөндөж, хэлэлцлээ.
Сургалтыг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор Б.Нинжин, Б.Оюунжаргал нар удирдан явуулав.
Судалгааны үр дүнгээсээ хуваалцсан илтгэгч багш нар, судалгааны багт талархал илэрхийлье.

Тэдний лекцээс онцолж байна.
Хиймэл оюун нь парламентын хууль тогтоох, хянан шалгах болон захиргааны үйл ажиллагааны үр ашиг, бүтээмжийг дээшлүүлэх боломжийг нээсэн.
Гэхдээ энэхүү технологийг ашиглахдаа хүний эрх, хууль дээдлэх ёс, мэдээллийн аюулгүй байдал, парламентын бие даасан байдлыг хангах шаардлагатай.
Сургалтын эхний хэсэгт МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор Б.Нинжин “Хиймэл оюуныг парламентын үйл ажиллагаанд нэвтрүүлэх, ашиглахад баримтлах зарчим, ёс зүй, нийтлэг хэм хэмжээ” сэдвээр сонирхолтой лекц уншлаа.

ХИЙМЭЛ ОЮУН (AI) НЬ ХҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ ХЭРЭГСЭЛ
Хиймэл оюуныг ашиглах гол зорилго нь парламентын үндсэн чиг үүргийг илүү үр дүнтэй хэрэгжүүлэхэд оршино.
Тодруулбал, хууль тогтоомжийн судалгаа хийх, мэдээлэл цуглуулах, өгөгдөлд дүн шинжилгээ хийх, эрх зүйн зохицуулалтын давхардал, хийдлийг илрүүлэхэд ашиглах боломжтой.

Хуулийн төслийн бүрдүүлбэрийг шалгах, хууль тогтоомжийн үр нөлөөг үнэлэх, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийхэд дэмжлэг үзүүлнэ.
Баримт бичгийн төсөл боловсруулах, ангилах, орчуулах, архивлах зэрэг олон давтагддаг ажлыг хөнгөвчилнө.
Хэрвээ ийм нөхцөл бүрдүүлж чадвал парламентын албан хаагчид мэргэжлийн дүгнэлт, эрх зүйн дүн шинжилгээ, бодлогын хувилбар боловсруулах ажилд илүү төвлөрөх, цаг зарцуулах боломжтой болно.
Гэхдээ хиймэл оюуны боловсруулсан мэдээлэл, дүгнэлт, баримт бичиг нь эцсийн шийдвэр биш гэдгийг анхаарах ёстой. Тэдгээрийг зөвхөн шаардлагатай материал, мэдээлэл гэж үзнэ.
Ажилтан мэдээллийн үнэн зөв, бүрэн бүтэн байдал, эх сурвалжийг заавал нягтална.
Тодруулбал, “Хиймэл оюун тусална, шийдвэрийг хүн гаргана” гэсэн утгатай. Хиймэл оюун нь мэргэжлийн дүгнэлт, хариуцлагыг орлохгүй.
ХИЙМЭЛ ОЮУНЫ ХЭРЭГЛЭЭНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЗАРЧИМ
Парламентад хиймэл оюун нэвтрүүлэхэд 13 үндсэн зарчмыг баримтална.
Эдгээрт хүний хувийн халдашгүй байдал, ил тод байдал, хариуцлага, ялгаварлан гадуурхахгүй байх, кибер аюулгүй байдал, эрсдэлийн урьдчилсан үнэлгээ, албан тушаалтан бие даасан шийдвэр гаргах зэрэг багтана.
Мөн оюуны өмчийг хамгаалах, технологийн найдвартай ажиллагааг хангах, тэгш хүртээмжийг бүрдүүлэх, байгаль орчин, нийгэмд ээлтэй байх зарчмыг мөрдөнө.
Парламентын хувьд бие даасан байдал, мэдээллийн аюулгүй байдал онцгой ач холбогдолтой.
Хиймэл оюуныг хэрэглэснээр парламентыг гүйцэтгэх засаглал, гадаад улсын технологийн платформ, нийлүүлэгчийн хараат байдалд оруулж болохгүй.
ХҮНИЙ ХЯНАЛТ, ЁС ЗҮЙ, МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ
Хиймэл оюуныг хариуцлагатай ашиглах гол нөхцөл нь хүний хяналтыг хадгалах явдал.
Хиймэл оюуны тусламжтай боловсруулсан хууль зүйн мэдээлэл, тайлан, албан бичгийн төслийг шууд ашиглахыг хориглоно. Агуулгыг нь шалгаж, алдааг засаж, эх сурвалжтай тулган баталгаажуулна.
Ялангуяа хиймэл оюуны зохиомол буюу бодит бус хариултад анхаарахыг зөвлөж байна. Хуулийн заалт, шүүхийн шийдвэр, эрх зүйн эх сурвалжийг буруу ишлэх эрсдэл бий.
Иймээс хуулийн төсөл боловсруулахад ашигласан мэдээлэл бүрийг эх сурвалжаар баталгаажуулах ёстой.
Мэдээллийн нууцлал нь мөн үндсэн шаардлага юм. Төрийн болон албаны нууц, хүний хувийн мэдээлэл, эмзэг мэдээллийг хиймэл оюуны хэрэгсэлд оруулахыг хатуу хориглоно.
Нээлттэй байх ёсгүй өгөгдлийг гадаад улсад байрлах үүлэн технологид дамжуулах, хадгалахгүй. Үндэсний аюулгүй байдлын асуудал үүснэ.
ЭРСДЭЛИЙГ УРЬДЧИЛАН ҮНЭЛЖ, ЗОХИСГҮЙ ХЭРЭГЛЭЭНЭЭС СЭРГИЙЛЭХ

💪🔥 Гурван өдрийн турш үе шаттайгаар зохион байгуулагдаж буй “Physical UHG” спортын тэмцээний эхний өдрийн зургуудаас хүргэж байна. 📸🏆

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:
Хиймэл оюуны аливаа системийг нэвтрүүлэхийн өмнө эрсдэлийн үнэлгээ заавал хийнэ. Үнэлгээний үр дүнг баталгаажуулж, эрсдэлийн бүртгэл хөтөлнө.
Эрсдэлийг бага, дунд, өндөр гэж ангилна. Өндөр эрсдэлтэй системийг зөвшөөрөлгүй нэвтрүүлэхгүй.
Зөвхөн туршигдсан, эрсдэлийг нь үнэлсэн, албан ёсоор зөвшөөрөгдсөн, бүртгэлтэй хэрэгслийг ашиглана.
Түүнчлэн, хуульд тодорхой этгээд өөрөө хэрэгжүүлэхээр заасан ажиллагааг хиймэл оюунаар орлуулахыг зөвшөөрч болохгүй.
Эцэст нь, “хиймэл оюуныг хүний эрх, хууль дээдлэх ёс, парламентын бие даасан байдлыг хангах зарчмын хүрээнд ашиглах нь зүйтэй. Хамгийн гол нь хиймэл оюуны гаргасан үр дүнг хүн хянаж, баталгаажуулж, эцсийн шийдвэрийн хариуцлагыг өөрөө хүлээнэ” гэдгийг доктор Б.Нинжин тодотгож байв.
ПАРЛАМЕНТУУДЫН ХИЙМЭЛ ОЮУН АШИГЛАЖ БУЙ САЙН ТУРШЛАГА
Сургалтын дараагийн хэсэгт МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор Б.Оюунжаргал “Хууль тогтоох үйл ажиллагаанд хиймэл оюуныг нэвтрүүлэх, ашиглахад анхаарах асуудлууд ба олон улсын сайн туршлага” сэдвээр лекц уншив.
Дэлхийн улс орнуудын парламент хиймэл оюуныг хууль тогтоох үйл ажиллагаандаа өөр өөр хэлбэрээр нэвтрүүлж байна. Дөрвөн гол загварыг танилцуулав. Үүнд:
Эстонийн парламент “HANS” системийг ашиглан хуралдааны тэмдэглэлийг бичвэрт хөрвүүлдэг. Гэхдээ нийтлэхийн өмнө ажилтан заавал хянаж, засварладаг.
Италийн парламент DepuChat, NORMA, MSE зэрэг системийг туршиж байна. Системүүд нь хүний хяналт, мэдээллийн нууцлал, эх сурвалжийн баталгаажуулалт, ил тод байдлын шаардлагатай хослон хэрэгждэг байна.
Их Британийн парламент гишүүд болон ажилтнууддаа зориулсан хиймэл оюуны хэрэглээний удирдамж гаргажээ. Үүнд хаалттай болон нээлттэй хэрэгслүүдийг ялгаж ашиглах, эмзэг мэдээллийг хамгаалах, хиймэл оюунаар боловсруулсан үр дүнг шалгах шаардлагыг тусгажээ.
БНСУ-ын Үндэсний Ассамблей мөн дотоод өгөгдөлд суурилсан хиймэл оюунт платформ хөгжүүлж байна. Уг систем нь зөвхөн парламентын дотоод орчинд ажилладаг. Үүнээс гадна хариултад ашигласан эх сурвалжийг харуулдаг онцлогтой.
Эдгээр туршлагуудад харьцуулсан дүн шинжилгээ хийж үзэхэд “хиймэл оюуныг нэвтрүүлэхдээ технологийн боломжийг хүний хяналт, ёс зүй, мэдээллийн аюулгүй байдлын шаардлагатай хослуулах нь чухал болохыг харж болно” гэв.
ОЛОН УЛСЫН УДИРДАМЖ
Олон Улсын Парламентын Холбоо 2024 онд парламентуудад зориулсан удирдамж гаргаж, парламентад хиймэл оюуныг ашиглахад баримтлах нийтлэг чиглэлийг тодорхойлсон.
Ингэхдээ бага хэмжээний туршилтаас эхлэхийг зөвлөсөн. Түүний дараа үр нөлөө болон эрсдэлийг хамтад нь үнэлж, хяналт тавих боломжоо хадгалах, ил тод байдал, хариуцлагыг хангах зарчмыг баримтлах нь зүйтэй гэж үзсэн байна.
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХАД АНХААРАХ АСУУДАЛ
Хиймэл оюунд оруулах мэдээлэл болон түүний боловсруулсан үр дүнд тодорхой шаардлага тавигдана.
Тодруулбал, нээлттэй мэдээллийг зөвшөөрөгдсөн системд боловсруулж болно.
Харин нээлттэй бус мэдээлэл ашиглахад тусгай зөвшөөрөл, хамгаалалтын онцгой нөхцөл шаардлагатай.
Гадаад улсын болон парламентын эзэмшлийн биш серверт байршуулсан системд зөвхөн нээлттэй мэдээлэл л боловсруулна.
Хиймэл оюуны боловсруулсан эрх зүйн мэдээлэл, дүгнэлт, хуулийн төслийг заавал нягталж, шалгана. Хуулийн заалт, эх сурвалж, огноо, тоо баримт, эшлэлийг албан ёсны эхтэй тулгаж, баталгаажуулна.
Зохиомол эх сурвалж, үндэслэлгүй дүгнэлт байгаа эсэхийг шалгана.
Мөн хиймэл оюуны боловсруулсан агуулгыг ашигласан бол зохих тэмдэглэгээ хийнэ.
Хиймэл оюун ашигласан нь тухайн албан хаагчийг мэргэжлийн үүрэг, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
Олон улсын туршлагаас үзэхэд, парламент хиймэл оюуныг зохистой хэрэглэх гол нөхцөл нь технологи, зохицуулалт, хяналтын оновчтой тогтолцоог бүрдүүлэх явдал болж байна.
Дүгнэж хэлбэл, хиймэл оюун нь хуулийн төсөл боловсруулах ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх хэрэгсэл болохоос хуулийн төсөл боловсруулагчдын мэргэжлийн ур чадвар, хууль зүйн техникийн мэдлэгийг орлох боломжгүй юм.










