
УИХ -ын гишүүн Ч.Лодойсамбуу Монголбанкны одоогийн Ерөнхийлөгч С.Наранцогтоос, "Бодь Интернэйшнэл" ХХК-тай холбоотой 110 сая ам.долларын гүйлгээ гарсан эсэхийг лавласан!
УИХ гишүүн Ч.Лодойсамбуу угтаа энэ асуултаа өмнөх Ерөнхийлөгч асан Б.Лхагвасүрэнгээс асуух ёстой. Ерөнхийлөгч асан Б.Лхагвасүрэн уг гүйлгээ хэзээ, ямар утгатай хийгдсэн талаар баримттайгаар хуулийн хүрээнд тайлбарлавал зүй нь хуулинд нийцнэ. Тэгээд ч УИХ гишүүн Ч.Лодойсамбуу Монголбанкаар дамжиж байгаа гүйлгээг Монголбанкны Ерөнхийлөгч, ажилтан холбогдох хүмүүсээс асууж тодруулах нь хууль бус юм.
Харин түүний оронд Ч.Лодойсамбуу гишүүн хариулт нэхсэн асуудлуудыг хөндөх хэрэгтэй. Тухайлбал "Эрдэнэт үйлдвэр", "Эрдэнэс Тавантолгой", "Эрүүл мэндийн даатгалын сан" "Үндэсний хөрөнгө оруулалтын банк"-нд байршуулсан мөнгөө буцаан авахад хүндрэл гарсан талаар Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарын хөндөж байсан асуудлуудаар түр хороо байгуулаад мэдээлэл авах нь хууль ёсны байх болно.
Мөн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монголбанк "Үндэсний хөрөнгө оруулалтын банк"-нд 14 тэрбум төгрөгийн зээл олгосныг мэдээлж, тухайн үеийн Монголбанкны дэд ерөнхийлөгч Н.Дөлгөөн холбогдох хуулиудыг зөрчин, зээл олгосон гэдгийг хэлж байсан.
Эдгээр хууль зөрчсөн асуудлыг тухайн үеийн Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Тэргүүн дэд Ерөнхийлөгч асан Н.Дөлгөөн нараас асууж, тодруулмаар байгаа юм.
-Тухайн үед төрийн байгууллагууд тус банкнаас мөнгөө авч чадахгүй байхад тус банкинд 14 тэрбум төгрөг зээлдүүлэх ямар үндэслэл байсан бэ?
-Зээл төлөгдсөн үү?
-Байршуулсан мөнгөө хэдийг нь буцааж авсан бэ?
гэх мэт асуулт ар араасаа хөвөрнө.
Төрийн өмчит компаниудын мөнгөн хөрөнгийг төрийн сангийн нэгдсэн удирдлагад оруулах санал яригдаж буй энэ үед дээрх асуултуудад хариулт авах нь нэн чухал. Өнгөрсөнөө эргэж харж засаад, цааш урагшлах нь зүйтэй.
Төрийн өмчит компани бүрийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, өр төлбөр, эрсдэлийн нөөцөд шаардагдах мөнгийг тооцоод, сул үлдэгдлийг хаана, ямар нөхцөлөөр байршуулж байгааг ил тод мэдээлэх нь төрийн сангийн нэгдсэн удирдлагатай байхын давуу тал болно.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал төсвөөр санхүүжүүлэх ажлыг Монголбанкаар хийлгэхийг хориглох эрх зүйн орчин бүрдүүлнэ гэж мэдэгдсэн. Тунчиг зөв санаачлага. Ерөнхий сайд Н.Учрал амласан ажлаа хуульд тусгаж, санаачлагаа тодорхой ажил болгох ёстой.
Төсвөөс гадуур мөнгө нийлүүлж, үнийн өсөлтийг дэвэргэвэл эцэст нь иргэдийн орлого нь зарлагаасаа давж, үнийн хөөрөгдөл үүснэ. Үүнийг Монголбанк мөнгөний бодлогоороо засахад ч хэцүү. Нэг цоргоороо урсаж буй мөнгөний урсгалыг нөгөө цоргон дээр нь хаах гэж оролдох нь боломжгүй.
Улстөрчдийн тооцоололгүй амлалт, өнөөдрийн инфляцийн хоёр оронтой тоогоор хэмжигдэхийн суурь шалтгаан болсоор ирсэн. Энэ байдлаар улстөрчид нь баруун солгойгүй амлаж түүнийг нь Монголбанк мөнгөний бодлогоороо удирдах биш, Монголбанк, Засгийн газар, УИХ хамтраад урсаж буй урсгалыг хаах гарцыг олох ёстой юм.
Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт анх удаа улстөрчдийн болон Монголбанкны өмнөх удирдлагуудын гаргасан хяналтгүй олон тооны цоргийг хаах гэж оролдож байна. Үүнийг нь ч Ерөнхий сайд дэмжлээ. Нэн тэргүүнд мөнгөний сахилга батыг өмнөх шийдвэрүүдээ тайлагнахаас эхэлье. Төрийн мөнгийг хаана байршуулсан, ямар үндэслэлээр зээл олгосон, хэдийг нь буцааж авснаа баримтаар хэлье. Одоо УИХ-ын гишүүд байнгын хорооны "Мик" ашиглаж попроод өнгөрдөг биш асуудал хөндсөн бол асуудлынхаа угт нь хүрч, болоод өнгөрсөн гээд орхих бус УИХ-аас түр хороо байгуулаад холбогдох этгээдийг нь дуудаж тайлбар авч мухарлах хэрэгтэй.
Өмнөх асуудлыг үлдээгээд явсан эздийг толгойг нь илээд гавъяа шагнал өгөх биш, алдаа дутагдал гаргасан бол олж илрүүлэх шаардлагатай байна. УИХ-ын гишүүд уг асуудал дээр ихээхэн санаачлага гарган, анхааралтай байж сонсгол явуулснаар өнгөрсөнд юу болчихов, ирээдүйд яахав гэдэг шийдлээ ярилцацгаавал санаачлах хуулинд нь ч санаа нэмнэ.
Төрийн ажлыг хүлээлгэж өглөө гээд хариуцлагаас мултрах ёсгүй. Дараа дараагийн хүмүүстээ ч жишиг болох ёстой юм. "Оюу Толгой", "Нүүрс"-ний, "Дэмжих сангууд"-ын гэх шил дараалсан сонсголууд УИХ-ын гишүүдийн түүн дундаа Монголын ард түмэн бидэнд ямар аймшигтай бульхай луйвар болсныг илчилсээр байна.