
Нийслэлийн зарим сургуулийн хүүхдүүд биеийн тамирын хичээлээ стандартын дагуу, тав тухтай орчинд хийх боломжгүй байна. Нэг зааланд 3–4 анги, 150–200 хүүхэд нэгэн зэрэг орж, биеийн тамирын хичээлээ бодит үр өгөөжгүй шахам өнгөрөөж байгаа нь харамсалтай.
Гэтэл төрийн яам, агентлаг, байгууллагуудын дэргэд спорт заал олон бий. Тухайлбал, НЗДТГ-н спорт заал, Сангийн яам, Хууль зүйн салбарын байгууллагууд, Гаалийн ерөнхий газар болон бусад төрийн байгууллагын спорт заалууд ажлын өдрийн тодорхой цагуудад ашиглалт багатай байдаг тухай асуудлыг анхаарч үзэх хэрэгтэй байна.

Төрийн өмчийн спортын заалнуудыг хүүхэд, залуусын спортын хөгжлийг дэмжихэд ашиглаж яагаад болохгүй гэж?
Сургуулийн хүүхдүүд зааландаа багтахгүй, спортын секц, дугуйлангууд талбай олдохгүй байхад нөгөө талд ашиглалт багатай заалнууд байсаар байна.
Хүүхдүүд орж ирээд бужигнана, ая тух алдагдуулна, төрийн тусгай объект учраас боломжгүй гэх мэт шалтгаанаар татгалзахын оронд аюулгүй байдал, дэг журам, хуваарийн зохицуулалтаа шийдээд хамтран ажиллах боломжийг эрэлхийлж болохгүй гэж үү?
Мэдээж төрийн байгууллагын аюулгүй байдал, албан хаагчдын хэвийн үйл ажиллагааг хангах шаардлага бий. Гэхдээ энэ нь спорт заалуудыг хүүхэд, залуусын төлөө тодорхой цагийн хуваариар ашиглуулах боломжийг бүрмөсөн хаах шалтгаан байж болохгүй.
Эх орны ирээдүй болсон хүүхэд багачууд маань эрүүл чийрэг өсөж, спортоор хичээллэж, зөв дадал хэвшилтэй иргэн болж төлөвшихөөс илүү үнэ цэнтэй зүйл гэж юу байх билээ?
Тиймээс холбогдох төрийн байгууллага, яамд, нийслэлийн удирдлагууд дараах асуудлыг анхаарч үзээсэй гэж хүсэж байна.
• Нэгдүгээрт: Төрийн өмчийн спорт заалуудын ашиглалт, сул цагийн хуваарийг судалж, олон нийтэд нээлттэй болгох.
• Хоёрдугаарт: Сургууль, спортын клуб, секц дугуйлангуудтай хамтран ажиллаж, хүүхэд багачуудыг тогтмол хичээллэх боломжтой болгох.
• Гуравдугаарт: Аюулгүй байдал, хамгаалалт, цэвэрлэгээ, хариуцлагын асуудлыг зохицуулсан нэгдсэн журам гаргах.
• Дөрөвдүгээрт: Төрийн өмчийн спортын байгууламжийг зөвхөн албан хаагчдын бус, нийтийн спортын хөгжилд бодит хувь нэмэр оруулдаг нийгмийн баялаг болгон ашиглах.
Төрийн өмч гэдэг бол ард түмний өмч. Харин хүүхэд багачууд бол Монгол Улсын ирээдүй.
Хоосон заалны хаалгыг хүүхдүүдэд нээж, спортын дуу чимээ, инээд хөөрөөр дүүргэж яагаад болохгүй гэж?
Иймээс холбогдох яам, агентлаг, төрийн байгууллага болон нийслэлийн удирдлагууд энэ асуудлыг зөвхөн уриалга төдийд үлдээлгүй, тодорхой хугацаатай, хэрэгжихүйц шийдвэр гаргахыг шаардаж байна. Төрийн өмчийн спорт заал бүрийн ашиглалт, сул цагийн хуваарийг 30 хоногийн дотор нээлттэй мэдээлж, хүүхэд, залуус ашиглах боломжтой цагийн хуваарийг батлан нийтэд зарлах хэрэгтэй.
Мөн нийслэлийн хэмжээнд ашиглалт багатай спорт заалуудыг тодорхойлж, сургууль болон спортын клубүүдтэй хамтран ашиглуулах нэгдсэн журам, хариуцсан нэгж, бүртгэл захиалгын цахим системийг яаралтай бий болгох шаардлагатай байна. Хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах хамгаалалт, багш дасгалжуулагчийн хяналт, цэвэрлэгээ, даатгал, хариуцлагын зохицуулалтыг мөн адил тодорхой болгох ёстой.
Холбогдох байгууллагууд хэрэгжүүлсэн арга хэмжээ, ашиглалтад оруулсан заалны тоо, хүүхэд залуусын хамрагдалтын мэдээллийг сар бүр олон нийтэд тайлагнаж, үр дүнгүй, хаалттай хэвээр байгаа заал бүрийн шалтгааныг тайлбарлахыг шаардаж байна. Энэ бол хэн нэгний хувийн хүсэлт бус, хүүхэд бүрийн эрүүл, аюулгүй орчинд спортоор хичээллэх эрхийн асуудал юм.
Хүүхдүүдэд зориулсан заал байхгүй гэж хэлэхээсээ өмнө байгаа заалнуудаа яагаад ашиглахгүй байгаагаа төрийн байгууллагууд тайлбарлах ёстой. Хоосон заалны хаалгыг нээж, хүүхэд бүрт спортоор хичээллэх бодит боломж олгох шийдвэрийг одоо гаргая.
#ХүүхэдЗалуусынСпорт #СпортынХүртээмж #ТөрийнӨмчНийтийнБаялаг