
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2026 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар Монголбанкнаас өргөн мэдүүлсэн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, дэмжлээ.

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төслийг танилцуулж, инфляцыг тогтворжуулах, мөнгөний бодлогын үр нөлөөг нэмэгдүүлэх, төв банкны санхүүгийн бие даасан байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн бодлогын арга хэмжээг онцоллоо.
Ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлд инфляцыг өдөөж буй хүчин зүйлсийг бууруулах, төсөв, мөнгөний бодлогын уялдааг сайжруулах, гол нэрийн бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийг дэмжих, валютын зах зээлийн зохицуулалтыг боловсронгуй болгох, банкны салбарын засаглал болон санхүүгийн зах зээлийн хөгжлийг дэмжих арга хэмжээг тусгаад байна. Түүнчлэн Монголбанкны хуримтлагдсан алдагдлыг шийдвэрлэж, өөрийн хөрөнгийг нөхөх зорилгоор Засгийн газрын дунд, урт хугацаат тусгай үнэт цаасыг жил бүр 1.5 их наяд төгрөгөөс доошгүй хэмжээгээр гаргах зохицуулалтыг тогтоолын төсөлд тусгажээ. Энэ нь төв банкны санхүүгийн бие даасан байдлыг бэхжүүлж, мөнгөний бодлогыг үндсэн зорилтынх нь хүрээнд үр нөлөөтэй хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байна.
Мөн төсвийн шинжтэй хөтөлбөрүүдийг Засгийн газрын хариуцах хүрээнд шилжүүлэх, төв банкны үндсэн чиг үүрэгтэй холбоотой хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, банкны чанаргүй активыг шийдвэрлэх хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх, цахим залилангаас урьдчилан сэргийлэх санхүүгийн нэгдсэн цахим орчныг бүрдүүлэх асуудлыг тусгасан байна.
Хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүд инфляц, төсөв болон мөнгөний бодлогын уялдаа, ипотекийн зээлийн санхүүжилт, хувийн хэвшил, бизнесийн үйл ажиллагааг дэмжих, ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар санал солилцов. Санал хураалтад оролцсон гишүүдийн 81.8 хувь нь тогтоолын төслийг дэмжсэн бөгөөд Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ