
2026–2027 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын хичээл өнөөдрөөс эхэлж байна. Энэ улирлаас улсын хэмжээнд шинээр 11 төрөлжсөн ахлах сургууль үйл ажиллагаагаа эхлүүлж байгаагийн нэг нь Төв аймгийн төвд байгуулагдсан математик, байгалийн ухааны чиглэлийн “Эрдэмт ирээдүй” төрөлжсөн ахлах сургууль юм.
640 хүүхдийн суудалтай тус сургууль нь бага, дунд, ахлах боловсролыг нэгтгэсэн цогцолбор хэлбэрээр байгуулагдаж буйгаараа онцлог. Ингэснээр суралцагчид боловсролын түвшин хоорондын залгамж холбоог хангасан орчинд суралцахын зэрэгцээ ахлах ангиасаа өөрийн сонирхол, авьяас, ирээдүйн мэргэжлийн чиглэлээр гүнзгийрүүлэн суралцах боломж бүрдэж байна.

ТӨРӨЛЖСӨН АХЛАХ СУРГУУЛЬ – СУРАГЧДАД СОНИРХОЛ, АВЬЯАСАА ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ
Ахлах боловсролын тогтолцоог шинэчлэх хүрээнд төрөлжсөн ахлах сургуулиудыг гурван үндсэн чиглэлээр хөгжүүлж байна. Үүнд олон улсын хөтөлбөртэй, их, дээд сургуулийн харьяа болон сонгон судлах хичээлээр төрөлжсөн ахлах сургуулиуд багтаж байгаа юм.
Энэхүү тогтолцооны зорилго нь сурагч бүрд өөрийн сонирхол, авьяас, цаашид эзэмших мэргэжилтэйгээ уялдуулан хичээлээ сонгож, ахлах ангиасаа гүнзгийрүүлэн суралцах боломж олгох явдал юм. Ингэснээр сурагчид их, дээд сургуульд элсэн суралцах академик бэлтгэлээ эртнээс хангаж, цаашлаад гадаадын их, дээд сургуулиудад 2+2, 3+1 зэрэг хөтөлбөрөөр үргэлжлүүлэн суралцах боломжийг нээх юм.

ХҮҮХЭД БҮР ЛАБОРАТОРИД АЖИЛЛАЖ, СУРСНАА ТУРШИХ БОЛОМЖТОЙ
Математик, байгалийн ухааны чиглэлээр төрөлжсөн ахлах сургуулийн нэг чухал онцлог нь сурагчид зөвхөн онолын мэдлэг эзэмших бус, лабораторид биечлэн ажиллаж, туршилт, судалгаа хийх боломжтой байх явдал юм.
Энэ хүрээнд “Эрдэмт ирээдүй” сургуулийн хими, физик, байгалийн ухааны лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахаар ажиллаж байна. Лабораторийн орчин, тоног төхөөрөмжийн хүртээмжийг шийдвэрлэснээр сурагч бүр туршилт хийх, үзэгдэл, зүй тогтлыг бие даан судлах, онолын мэдлэгээ практикт хэрэглэх боломж бүрдэх юм.
Мөн 11, 12 дугаар ангийн сурагчдад зориулсан ухаалаг кабинет байгуулж, сургалтын орчныг шинэчилж байна. Гадаадын сургуулиас 30 орчим хүүхэд тус сургуульд зочлон үйл ажиллагаатай нь танилцсан нь олон улсын хамтын ажиллагаа, туршлага солилцох боломжийг нэмэгдүүлж буй юм.
АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТЫГ ДЭМЖИЖ, БАГШИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
Төв аймгийн 14 суманд англи хэлний сургалтын чанарыг сайжруулах зорилгоор Филиппин улсын 13 багш ажиллаж, сургуулийн үндсэн багш нартай хамтран хичээл зааж байна.
Түүнчлэн 400 орчим хүүхдийг зуны сургалтад хамруулж, Кембрижийн хөтөлбөрт суурилсан англи хэлний тэнхим байгуулжээ. Эдгээр ажил нь сурагчдын гадаад хэлний мэдлэг, харилцааны чадварыг хөгжүүлэхэд чиглэж байна.

ХҮҮХЭД БҮРД ТЭГШ, ХҮРТЭЭМЖТЭЙ СУРАЛЦАХ ОРЧИН
“Эрдэмт ирээдүй” сургуульд сурагчдын сурч, хөгжих нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд дотуур байрны асуудлыг шийдвэрлэж, 200 автомашины зогсоол бүхий дэд бүтцийг байгуулжээ. Мөн хөгжлийн ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүд суралцах боломжтой, хүртээмжтэй орчныг бүрдүүлсэн байна.
Сургуулийн бага, дунд, ахлах боловсролыг нэг дор нэгтгэсэн цогцолбор бүтэц нь хүүхдүүдэд боловсролын түвшин бүрд тасралтгүй суралцах нөхцөл бүрдүүлж байгаагаас гадна төрөлжсөн ахлах боловсролыг орон нутагт хөгжүүлэх боломжийг харуулж байна.
Боловсролын чанар, хүртээмжийг зөвхөн нийслэлээр хязгаарлаж болохгүй. Хаана амьдарч байгаагаас үл хамааран хүүхэд бүр өөрийн сонирхол, авьяас чадварт нийцсэн чиглэлээр суралцаж, мэдлэгээ бодит туршилт, судалгаагаар бататган хөгжүүлэх боломжтой байх ёстой.
Төв аймгийн төвд шинээр үүд хаалгаа нээж буй “Эрдэмт ирээдүй” төрөлжсөн ахлах сургуулийн хамт олон, анхны сурагчдадаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.