


Уэльсийн гүнж Кейт Миддлтон: Хорт хавдар хүнийг өөрчилдөг
Уэльсийн гүнж Кейт Миддлтон хорт хавдартай хэрхэн тэмцсэн тухайгаа баримтат кинонд илэн далангүй хуваалцжээ.
Их Британийн ирээдүйн хатан хаан гэгддэг Уэльсийн гүнж Кэйт Миддлтон Heal нэртэй баримтат кинонд оролцож, амьдралынхаа хамгийн хүнд үеийн талаар илэн далангүй ярьжээ.
Тэрээр хорт хавдраар өвчилж, эмчилгээ хийлгэсэн тухайгаа уг кинонд ярьсан байна.
Кейт Миддлтон:
Хорт хавдар хүнийг үнэхээр өөрчилдөг. Бие махбодыг өөрчилнө. Гадаад төрх, биеийн байдлыг ч өөрчилдөг. Гэхдээ хорт хавдартай гэсэн онош сонсох нь хүний дотоод сэтгэл, амьдралд үүнээс ч илүү гүн гүнзгий өөрчлөлт авчирдаг.
хэмээн 44 настай Кейт “Heal” нэртэй баримтат киноны трейлерт өгүүлжээ.
Тус баримтат кино арваннэгдүгээр сарын 29-нд Их Британын BBC сувгаар анх удаа гарах бөгөөд хорт хавдрын улмаас үүсдэг сэтгэл санааны болон бие махбодын хүнд сорилт, эмчилгээний дараах эдгэрэлтийн бэрхшээлүүдийг хөндсөн аж.
Заримдаа бид зовлон шаналлыг туулж байж л түүний цаана орших илүү агуу гоо үзэсгэлэнг олж хардаг.
гэж Кейт киноны трейлерт ярьжээ.
Баримтат кинонд гүнж Шотланд, Англи, Уэльсийн хамгийн өндөр гурван ууланд 24 цагийн дотор авирах сорилтыг даван туулж буйг харуулсан байна.
Энэхүү сорилтыг “National Three Peaks Challenge” гэж нэрлэдэг.
Тэрбээр ах Жеймс Миддлтонтойгоо хамт явган аялал хийх үеэрээ хорт хавдрын эмчилгээ дууссаныг бэлгэдэн хонх цохих уламжлалт ёслолд оролцоогүйгээ ярьжээ.
Улмаар 2024 оны есдүгээр сард химийн эмчилгээний курсээ дуусгаснаа зарлаж, 2025 оны нэгдүгээр сард хорт хавдар нь өсөлт намжсан болохыг мэдэгдсэн юм. Гэхдээ ямар төрлийн хорт хавдраар өвчилснөө Кейт одоог хүртэл олон нийтэд дэлгээгүй байна.
Кенсингтон ордныхны мэдээлснээр, баримтат киног түгээж, үзүүлснээс олсон бүх орлогыг Кейтийн эмчлүүлж байсан эмнэлгийг дэмждэг “The Royal Marsden Cancer Charity” буяны байгууллагад хандивлахаар болжээ. Уг байгууллага нь хорт хавдартай болон эмчилгээний дараах амьдралдаа дасан зохицож буй хүмүүст тусалдаг байна.
Сүүлийн үед Кейт хааны гэр бүлийн албан ёсны үүрэгт ажилдаа аажмаар эргэн орж байгаа. Тэрээр энэ долоо хоногийн эхээр нөхөр, хунтайж Уильямын хамт Энэтхэгт болсон “Earthshot Prize” шагнал гардуулах ёслолд оролцжээ.
Энэхүү айлчлал нь хосуудын сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хийсэн анхны албан ёсны гадаад айлчлал болсон бөгөөд Кейт хорт хавдартай гэж оношлогдсоноосоо хойш хааны гэр бүлийн үүрэгт ажилдаа эргэн орж байгаа чухал алхам болж байна гэж Их Британийн ард иргэд үзэж байгаа аж.